СОГТУУ БҮСГҮЙ

 

Ажил маань орой тарах тул ажлаас гэр хүрэх замдаа эх хотын "шөнийн амьдрал”-ын хэсгээс автобусны цонхоор тольдоод амждаг юм. Уушийн газраас гуйван гарч ирэх бүсгүйчүүдийг харах бүрт одоогоос жилийн өмнө уншсан нэгэн ном бодолд жирэлзэнэ. Тэр бол бол нийтамч Г.Галбадрахын бодрол бүр нь ухаарал хайрласан "Зурвасхан бодлууд” номын "Согтуу бүсгүй”-н хэсэг байлаа. Тэнд" ..Согтуу бүсгүй урдаас минь гуйвж айсуй. Бусдын сэтгэлд нар мэт гэрэлтдэг тунгалаг ялдамхан харц нь гөлийн сүүмийж, өглөөхөн будсан бололтой сормуус нь гунигийн сүүдэрт харлан хиртжээ... Энхрий ялдам төрхөө алдаж энэ тэр рүү гараа савчин хашгирч орилох нь, тогос мэт бардам шувуу нэгхэн хормын дотор орилоо тахиа болон хувирч өд сөдөө зулгаан зэрлэгээр авирлах мэт. Хайрлаж биширч байсан бүсгүйн бардам төрх хздэн хундага дарсны дараа согтуурч арчаагаа алдахдаа, сэтгэлийн минь тэртээд дүрэлзэж байсан бахархлыг тэрхэн хормын дотор хүйтэн ус асган унтрааж орхих мэт. Харах нүдээр минь сэтгэлд гоо үзэсгэтон болон дэлгэрдэг сарнай, мэдрэх зүрхээр минь хайр болон шингэдэг эрхэмсэг төрх, сэрэл мэдрэмжээр минь биднийг аргамжиж чаддаг бардам ухаан шингэсэн бүсгүйчүүд минь ингэж согтуурч, хөлчүүрч болно гэж үү. Бурхан та нарыг бүтээхдээ эрхэмсэг бай хэмээн гоо үзэсгэлэнг, ариун тунгалаг бай хэмээн эхийн сүүг, бусдаар хайрлуулж бай хэмээн бүсгүй аалийг заяасан баймаар. Эр хүний тэвэрт багтаж бай хэмээн турьхан биеийг, эргээд тэднийг халамжилж бай хэмээн хатан ухааныг, энхрий үрсээ хайрлан өсгөж бай хэмээн эх хүний халамж зөн совинг заяасан биз ээ. Амьдралын хатууг зөөллөж бай хэмээн уяхан сэтгалийг, ариусгаж бүхнийг цэвэрлэж бай хэмээн итгэлийг, арга билгийг сүлэлдүүлж бай хэмээн тэвчээрийг заяасан байлгүй. Хаврын сайхан цэцэгс ургахдаа гандаж байхыг үзээгүй, харзны тунгалаг ус урсахдаа бохирдож байхыг хараагүй, хайранд ивлэсэн сүү гашилж байхыг мэдрээгүйдээ эрчүүд бид бардам, омгорхог байдаг юм. Элдэв зовлонгийн өмнө сехөрч болно. Магадгүй, архиар өөрийгөө бүү аргад, хувь заяа төөрдөг юм. Эрдэж өөрсдөө мөнхийн залуу юм шиг онгирч болно. Магадгүй, дарсаар бүү даруул, гоо үзэсгэлэн хиртдэг юм. Арчаагаа алдаж хэн нэгэнд хорсон гомдож болно. Магадгүй, сархдад бүү шуна, төөрөг тавилан тань гомддог юм. Бүсгүй хүн гоо үзэсгэлэнгээрээ, эрхэмсэг төрхөөрөө, бардам зангаараа, уярам аалиараа, эх хүний хайраараа, хатан ухаанаараа, хайр халамжаараа, байгаа байдлаараа л бидэнд хэрэгтэй. Согтуу "цэцэгс”-ийг л хармааргүй байна, бурхан өршөөг та нарыг” гэсэн байв. Үнэхээр л түүний бичсэн согтуу бүсгүйн дүр зураг үдэш бүр хаа сайгүй "амилж” байгаа нь харамсалтай.


Р.РЕНЧИНДУЛАМ


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen