Эрх мэдлийн төлөөх бас нэг дайсагнал

Эрх мэдлийн төлөөх бас нэг дайсагнал

 

Турк болон Нидерланд улсын дунд үүсээд буй таагүй харилцаа олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Энэ талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Турк улс өчигдөр Нидерланд улсаас дипломат харилцаагаа түр түтгэлзүүлж, Элчин сайдаа эргүүлэн татаж, мөн тус улсад суугаа Нидерландын бүрэн эрхт Элчин сайд Кээс Корнелис ван Рийг Анкара дахь элчингийн байрандаа түр хугацаагаар ирэхгүй байхыг анхааруулсан байна. Элчин сайд одоогоор нутаг буцаад буй гэнэ. Ийнхүү хоёр улс сөргөлдсөн нь "Нидерландын эрх баригчдын буруу шийдвэртэй шууд холбоотой” хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.

 

Учир нь өнгөрсөн амралтын өдөр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу болон Гэр бүл, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Фатиме Бетюль Саям Кайе нар Нидерланд улсад амьдарч, ажиллаж буй турк иргэдтэй уулзахыг хүссэн аж. Харин Нидерландын эрх баригчид иргэдтэй хийх сайд нарын уулзалтыг хориглосон байна. Нидерланд уг үйлдлээ "Иймэрхүү уулзалт нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй” хэмээн мэдэгджээ.

 

Турк улсад ирэх дөрөвдүгээр сарын 16-нд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх мэдлийг өргөжүүлэхээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй билээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар Европын орнуудад амьдарч буй туркуудыг хамруулахаар болсон юм. Тиймээс Туркийн Засгийн газар Европын орнуудад амьдарч буй иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор өргөн цар хүрээтэй уулзалт зохион байгуулж буй билээ.

 

Нидерланд улсад 400 мянган турк амьдардаг. Эдгээр иргэдийн дэмжлэг авах чухал уулзалтыг тус улс зөвшөөрөөгүйн улмаас Ерөнхийлөгч Эрдоган болон олон мянган туркууд дургүйцлээ илэрхийлсэн юм. Эрдоган "Та бүхэн шийдвэрээ харах хэрэгтэй” гэж мэдэгдсэн билээ. Туркийн олон хотноо Нидерландын эсрэг жагсаал зохион байгуулагдаж байна.

 

Ерөнхийлөгч Нидерландын эрх баригчдыг шүүмжлэхээс гадна Германы Канцлер Ангила Меркелийг "террористуудыг дэмжигч” хэмээжээ. Турк улсад өнгөрсөн оны долоодугаар сард хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархсан билээ. Уг ажиллагаанд оролцсон зарим цэрэг Германаас орогнол хүсч, тус улсад амьдарч буй юм. Турк улсаасаа урвасан цэргүүдийг Анкарад шилжүүлэн өгөхийг Канцлерээс хэд хэдэн удаа шаардсан ч уг саналаас Берлин татгалзсаар өнөөг хүрчээ. Эрдоган ийнхүү Канцлерийг шүүмжилсэн нь Берлин мөн Туркийн сайд нарыг уулзалт хийхийг хориглосон шийдвэртэй шууд холбоотой юм.

 

Нидерландын Ерөнхий сайд М.Рютте гаргасан шийдвэрийнхээ төлөө Туркийн эрх баригчдаас уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлэн "Дээрхтэй ижил төрлийн ямар ч уулзалт хийхийг зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.

 

Турк, Нидерландыг буулт хийх хүртэл дипломат хориг тавихаа сануулсан. Эхний ээлжинд Нидерландын дипломатчдын суусан онгоц Турк улсад газардахыг хориглосон байна. Харин уг хориг Турк улсад ирж буй нидерланд иргэдэд хамааралгүй талаар тус улсын Шадар сайд Нуман Куртулмуш мэдэгджээ.

 

Мөн Нидерланд албан ёсоор гаргасан шийдвэрийнхээ төлөө уучлалт гуйх хүртэл хоёр талын дээд хэмжээний бүх уулзалтыг цуцалсан байна.  Туркийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор Нидерландын эрх баригчид одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen