“Өвдлөө... өлслөө... гүтгэлээ...”

“Өвдлөө... өлслөө... гүтгэлээ...”

 

Сэтгэлзүйч Я.Батхүү саяхан телевизийн нэгэн нэвтрүүлгийн зочноор оролцохдоо хулгайчийн тухай маш товчхон тайлбарласан нь бодолд үлдэв. Тэрбээр энэ бусармаг явдлыг ердөө л "донтолт” гэж нэрлэсэн юм. Түүний ярьснаар хүн амар хялбар аргаар мөнгө олохыг үргэлж хүсдэг. Ганц удаа л ийм аргаар мөнгө олчихсон хүн цаашид үйлдлээ давтах өндөр магадлалтай. "Үүнээс өөрийгөө татаж авна гэдэг бараг боломжгүй” хэмээн сэтгэлзүйч онцолсон юм.

 

Амар хялбар аргаар амь зогоох нь дийлэнхдээ хууль бус. Халаасны хулгайчаас авахуулаад Төрийн өндөр албан тушаалын "авлигачин”, "шахаачин” нөхдүүд зарчмын хувьд яг ижил. Тэд өөрсдийн шуналаа дарж, барьж чаддаггүй. Аль болох амар хялбар аргаар мөнгөтэй болох аргыг сүвэгчилдэг. Хулгайч өөрийгөө хулгайч гэдгийг сайн мэдэх боловч хулгай хийхдээ хэнийг ч өрөвдөггүй нь хамгийн чухал философи нь.

Манай төрийн байгууллагын шат шатанд хулгай газар авсан. Хулгай хийхийн тулд Төр рүү шургалахыг хүсдэг хүн олон биз. Тендерт өөрийнхөө компанийг ялуулж, бодит үнээсээ хэт давсан үнээр төрийн ажлын гүйцэтгэдэг. Гэвч компани ихээхэн ашигтай ажиллахын тулд төрөөс өгсөн мөнгөний өчүүхэн хэсгээр л ажил хийж, уг ажил нь чанаргүй болох нь олонтаа. Бид авто замуудын жишээг маш сайн мэднэ. Тэр албан тушаалтны тавьсан зам, тэрний компанийн зам чанарын шаардлага хангахгүй байна хэмээн гомдоллодог. Угаасаа хулгайч хэнийг ч өрөвддөггүй зарчимтай тул ийм байхаас ч аргагүй.

 

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгчид өөрийгөө хамгаалалтанд оруулахын тулд аль болох төрийн өндөр албан тушаалтан байх шаардлагатай юм. Тиймээс парламентанд дахин суухын тулд өрсөлддөг. Угаасаа авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан УИХ-ын гишүүн, сайд нарыг хууль хяналтын байгууллага шалгаж болдоггүй. Учир нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нь халдах нигууртай. Энэхүү халдашгүй дархан байдал нэрийдлээр иргэдийн татварын мөнгөнөөс хумслах, цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэргээ үйлддэг. Хамгаалалтанд байх хугацаа 4-хөн жил учраас энэ хугацаанд амжиж "бүх зүйл”-ээ хийдэг.

 

ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙДЛААС НИЙТИЙН "ХАМГААЛАЛТ” РУУ...

Албан тушаалаасаа буусны дараа буюу халдашгүй дархан байдал нь цуцлагдсаны дараа хууль хяналтынхан тэрхүү хүнийг шалгах эрхтэй болдог. Шалгаж, баримт нотолгоо бүрдээд ирэхээр экс төрийн өндөр албан тушаалтан нь нийтийн хамгаалалтанд орохыг хичээдэг. Энэ бол бичигдээгүй хууль болоод буй.

 

Сүүлийн жишээ гэвэл Н.Алтанхуяг байна. АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас мэдүүлэг авах төдийд л тэрбээр уг асуудлыг сенсаацилж, "Намайг Ерөнхий сайд байхаас эхлээд элдэв худал юмаар зохиомол элдэв хэрэг үүсгэсэн” гэх мэтээр тайлбарласан юм. Энэ бол нийтийн хамгаалалтанд орох гэсэн бодит жишээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг л "дээш гаргахгүй” байхыг хүссэн этгээдүүд түүнийг хүчээр гэмт хэрэгт холбогдуулаад хууль хяналтынхнаар шалгуулаад байна гэх маягийн мессэжийг олон нийтэд төрүүлэхийг хичээж буй. Энэхүү мессэжийг нийтэд хүргэснээр "Эвий дээ, энэ муу амьтныг элдэв бусаар оролдож байна даа” гэх сэтгэгдлийг төрүүлж, нийтийн "хамгаалалт” маягийн "бүрхүүл” үүсгэнэ. Харин энэ тухай нийгмийн сүлжээний сайтуудад иргэд өөр бодолтой байгаа юм. Хууль хяналтын байгууллагууд Н.Алтанхуягийг шалгаж байгаа учраас тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдлээ, төрийн хамгаалалтад орохыг хичээж байна хэмээн сошиалд иргэд тайлбарлажээ.

 

ДУУСДАГГҮЙ "ӨВДЛӨӨ...”, "ӨЛСЛӨӨ...”

Мөн хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй, хоригдож буй төрийн экс өндөр албан тушаалтнууд "өвдлөө...”, "өлслөө...” хэмээх шалтгаанаар асуудлыг удаашруулах, цаг хожиж, бусдад өөрийгөө өрөвдүүлэх алхмыг хийдэг. Сүүлийн жишээ гэхэд, Б.Гарамгайбаатар байна. Тэрбээр өчигдөр хорих 461 дүгээр ангиас батлан даалтаар гарсан. Харин хоригдож байх хугацаандаа өнгөрсөн амралтын өдрүүдэд "хорих шийдвэрийг эсэргүүцэж” өлсгөлөн зарласан тухай хэвлэлүүдэд нийтлэгджээ.

 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Мөн уг асуудалтай холбогдуулан түүний хүү, "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, компанийн нягтлан бодогч, Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж буй.

 

МӨРДӨН БАЙЦААЛТЫН НУУЦ ГЭДЭГ НЬ НИЙТЭД "АСУУЛТ” ҮҮСГЭЖ БАЙНА

Манай иргэд шар мэдээ, энтертаймент мэдээлэлд илүү дуртай учраас асуудал хөндсөн мэдээллүүдэд ач холбогдол өгөхгүй байна. Нэг талаар ийм хандлагатай байхаас ч өөр аргагүй. Учир нь хууль хяналтын байгууллагаас иргэдэд өгөх мэдээ, мэдээлэл тун дутмаг байна. "Мөрдөн байцаалтын нууц” хэмээх шалтгаанаар авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн тухай үнэн бодит мэдээллийг нийтэд хүргэдэггүй. Тиймээс иргэд татварынх нь мөнгийг идсэн уусан эрх мэдэлтнүүдийн тухай мэдээллийг олж мэдэж чадахгүй байгаа. Нөгөө талаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хууль хяналтын байгууллагын энэхүү тодорхой бус байдлыг ашиглан олон нийтэд өөрийгөө "буруугүй, хэлмэгдүүлэлт” гэх сэтгэгдлийг төрүүлсээр удаж байна.

 

Хууль хяналтын байгууллагууд үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй иргэдэд мэдээллэж, шалгагдаж буй хүмүүс нь олон арван сенсаацгүй, шударгаар шалгуулах нь нийгэмд асуулт үүсгэж, төөрөгдөл, буруу ойлголтыг төрүүлэхгүй байх нь чухал алхам юм.

 

 

Т.Аръяа

time.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen