УИХ-ын чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын өчигдрийн чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Усны газрыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлснээр тус яамны үйл ажиллагаанд 20 гаруй арга хэмжээ нэмэгдсэн ба эдгээр ажлуудын дийлэнх нь өдөр тутмын  гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйлчилгээний ажлууд байгаа юм. Энэ нь тус яамны үндсэн үйл ажиллагаа болох бодлого боловсруулан батлуулах, түүнийг хэрэгжүүлэхэд ихээхэн саад, бэрхшээлийг учруулж байгаа ба усны талаарх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон.

Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын бүрэн эрхийн хүрээнд шилжүүлсэн. Ингэснээр Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй, үйл ажиллагаа доголдож, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Усны тухай хуульд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулахаар болон Усны үндэсний хороог Усны үндэсний зөвлөл болгон статусыг дээшлүүлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгалаа. Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дотоод бүтэц дэх усны асуудал хариуцсан нэгжид ажиллаж байгаа орон тооны дийлэнх хэсгийг энэ хууль батлагдсаны дараа шинээр байгуулагдах бүтцэд шилжүүлэх буюу төсөвт дарамт үүсгэхгүйгээр, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулах болно гэж байлаа. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Усны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хуулийн төсөлд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, усны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Усны үндэсний зөвлөлөөс гарах шийдвэрийг хэрэгжүүлэхэд удирдлагаар хангаж, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахаар тусгажээ.

Хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen