Ш.Болд: Бидний өвөг дээдэс Их Монгол улсын үеэс анагаах ухааны ном, судрыг бичиж үлдээжээ

-Та одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, Эрүүл мэндийн сайд асан С.Сарангэрэлийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлж буй “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээх төслийн удирдагчаар ажиллаж байна. Одоогоор эхний 11 боть хэвлэгдээд байна. Дахин есөн ботийг энэ онд амжиж хэвлэнэ. Нийт 108 ботийн эхний 30 боть нь анагаах ухааны эртний судрууд, ялангуяа монгол маарамба, эмч, эрдэмтдийн бүтээлүүд юм. 108 ботид хэвлэгдэх хамгийн эртний бүтээлд Юан улсын үеийн буюу 1326-1330 онд бичигдсэн зохиолуудыг оруулахаар хичээн ажиллаж байна. Жишээлбэл, 1330 онд бичигдсэн “Идээ, ундааны жинхэнэ товч” гэдэг номыг Монголын хаадын ордны зоогийг хариуцаж байсан Хүсэхүй гэдэг түшмэл бичжээ.

Энэ номыг заримдаа “Хубилай хааны идээ, ундааны жинхэнэ товч” ч гэж нэрлэдэг. Өнгөрсөн зууны сүүлчээр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөхлуу гэдэг орчуулагч эртний хятад хэлнээс нь монгол бичгээр орчуулж дараа нь монгол бичгээс кирилл үсгэнд гурван удаа хөрвүүлсэн. Мөн 1330-аад онд Шаравсэнгэ ламын уйгар, төвөд хэлнээс орчуулсан Бурхан багшийн үеийн зохиол “Алтангэрэл” судрын 24 дүгээр бүлгийг хэвлэлтэд бэлтгээд дууссан. “Алтангэрэл” судрын энэ бүлэгт эртний Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааны онолын хэсгийг оруулсан байдаг. Бид одоогоор Монголын 44 алдартай маарамба, эмч, эрдэмтдийн бичсэн нийт 115 эртний судрыг олоод байна.

-Уламжлалт анагаах ухааны тухай 108 ботийг анх удаа бүтээнэ гэхээр энэ салбарт маш том хөрөнгө оруулалт болох юм байна. 1330-аад оны бүтээлүүд ч хадгалагдаж үлдээд, дахин хэвлэгдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Ер нь энэ олон боть бүтээх болсон шалтгаан, ач холбогдлыг нь та хэрхэн дүгнэж байна вэ?

-Уламжлалт анагаах ухааны салбарт брэнд бүтээгдэхүүн, эмчилгээний шинэ технологи гаргах, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх, эмчлэхэд төвөгтэй өвчнийг эмчлэх, хөнгөвчлөх эмчилгээ хийх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэлэг аргуудыг бүтээхэд бидний өвөг дээдсийн үлдээсэн анагаах ухааны хуучны ном, судрууд чухал үүрэгтэй. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны судар ном, гараар болон багажаар үйлддэг заслын арга технологийг олж цуглуулан Монгол Улсын “Соёлын биет бус өвийн үндэсний төлөөллийн жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалт”-д бүртгүүлэх, уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд сурталчлан таниулах, судар ном, эмийн жор, эмчилгээний аргын зохиогчийн эрхийг баталгаажуулах, эрдэм судлал, эмчилгээ, сургалтанд ашиглах гээд олон ач холбогдол бий. “Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий” гэдэг шүү дээ. Эмийн судар, идээ, ундааны тухай судар, эмчилгээний аргын судар, өвчнөөс урьдчилан сэргийлэх, урт наслах тухай судар, хануур, хатгуур, төөнүүр заслын тухай судар гээд олон төрлийн судар олдож байна. Анагаах ухааны сурвалж бичгийн судалгаа 1937-1990 оныг хүртэл тун бага хийгдэж, цөөнгүй бүтээл үрэгджээ. Гэхдээ их савны ёроол хоосонгүй.

-Их савны ёроол хоосонгүй нь учиртай даа. Та 1990-ээд онд АУИС-д уламжлалын анги анх байгуулагдахад суралцаж төгссөн, анхны төгсөгчдийн нэг. Энэ цагаас хойш уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, эртний ном, судрыг нь цуглуулах, эрэн хайх, судлах ажилдаа эргэлт буцалтгүй орчихов уу?

-АУИС-д Уламжлалт анагаах ухааны их эмчийн анги 1990 оны тавдугаар сард байгуулагдсан. Анхны 24 их эмч 1993 онд төгссөн. Анагаах ухааны их сургуульд сурч байхдаа судас барьж оношлох аргын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох чиглэлээр судалгааны ажлыг сонирхож хийгээд, 1998 онд энэ чиглэлээрээ анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ судалгааг хийж байх үеэс эхлээд анагаах ухааны сурвалж бичгийн судлал нэн чухал болохыг мэдэрсэн төдийгүй энэ чиглэлийг хөгжүүлж чадвал уламжлалт анагаах ухааны суурь ойлголт, бүх юмны үндэс гарч ирэх юм байна гэдгийг ойлгосон. “Хэлмэгдэгсдийн цагаан ном”-оос түүвэр хийхэд 500 шахам маарамба зэрэгтэй эмч байсныг тогтоосон. Тэдний эмчилгээний олон арга, нууц увдис, аман дамжлага уламжлагдаж чадаа­гүй нь харамсалтай. 1990 онд уламжлалт анагаах ухааны сургалтыг сэргээх гэхэд маарамба зэрэг хамгаалсан нэг ч хүн үлдээгүй. Зарим хичээлийг заах багш тийм ч элбэг байгаагүй. Тиймээс БНХАУ-ын Өвөрмонголын монгол анагаах ухааны багш нар ирж хичээл заадаг байсан. АУ-ны докторын зэргээ хамгаалаад дараа нь 2005 онд “Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаар тодруулах” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэргээ хамгааллаа. Энэхүү бүтээлдээ тулгуурлан Монголын анагаах ухааныг 5000 жилийн түүхтэй юм байна гэдгийг тогтоосон. Дараа нь “Монголын анагаах ухааны түүх” дөрвөн боть ном бичиж, тэдгээр ботио хураангуйлаад англи хэлээр нэг боть ном бичиж хэвлүүлсэн. Англи хэлээр бичсэн боть одоо тав дахь удаагаа хэвлэгдэх гэж байна. Ингээд сурвалж бичгийн судлал, гүн ухааны судлал, уламжлалт анагаах ухааны онолын судлал, түүхийн судалгаа руу орсон. Азаар Монголын уламжлалт анагаах ухааны эрт үед бичигдсэн зарим судрууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байгаа юм. Гол зохиолууд бараг бүгд байна. Үүний зэрэгцээ “Хүннүгээс XXI зууны Монгол Улс хүртэлх үеийн эмч, маарамба, гүүш, бариач нарын цадиг бүтээлийн ойллого” гэсэн 171 маарамбын тухай буюу Хүннүгийн үеийн эмчээс 20 дугаар зууны сүүл хүртэлх үеийн эмч нарын намтар, бүтээлийг ном болгож 2016 онд хэвлүүлсэн юм. Тэдгээрээс ном, зохиол бичсэн 40 гаруй хүний 115 ном судрыг цуглуулаад байна. Түүнчлэн Төвөдийн анагаах ухааны алдартай эмч нарын бүтээлийг монгол хэлээр орчуулсан зарим бүтээлийг нэмж тооцвол их тоо гарна.

Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бий болгосон соёлын салшгүй хэсэг

-Энэ чиглэлээр 30 жил дагнан судалж байгаа хүний хувьд Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг товчхон дүгнэвэл?

-Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн хөгжлийг туулан ирэхдээ гандан буурах, хөгжин дэвжих бүхий л үеийг даван анагаах, сэргийлэх мэдлэг ухааны бүхэл бүтэн тогтолцоо болон хөгжсөн. Гагцхүү энэ тогтолцоог XXI зууны анагаах ухааны хөгжилтэй зөв хослуулах, зэрэгцүүлэн хөгжүүлэх зохистой аргыг олох асуудал нэн чухал. Түүнээс хэт дөвийлгөн бүх өвчнийг анагаадаг ч гэдэг юм уу эсвэл ламын эмнэлэг, өвс ургамал төдийхнөөр аргалж, зөвхөн бариа хийж, зүү тавьдаг гэж өрөөсгөлөөр ойлгох нь буруу. Нөгөө талаар Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бий болгосон соёлын салшгүй хэсэг. Үүнд уламжлал, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл, ёс заншил, ёс суртахуун, хүнлэг нинжин нигүүлсэнгүй сэтгэл, ахас ихэсээ хүндлэх аман хуулиуд бүгд багтдаг. Би уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжилд маш өөдрөг сэтгэлтэй байдаг. Яагаад гэвэл бидэнд хятад, төвөд, манж, монгол бичиг, тод үсгээр бичиж үлдээсэн чамлахааргүй өв байна.       

-Манай уламжлалт анагаах ухаанд олон орны анагаах ухааны мэдлэг шингэсэн, өөрийн дом засалтай гэхээр онцлог ихтэй байх нь ээ. Энэ талаар тодруулж яриач?

-Өвөг дээдсийн маань бүтээн бий болгосон анагаах ухааны мэдлэгт ямар ч оронд давтагдахгүй нүүдэлчдийн анагаах ухааны нэгэн өвөрмөц мэдлэг багтдаг. Энэ мэдлэгийг бид дом засал гэдэг. Дом заслын эмчилгээний гарлыг хөөх юм бол хүн үүссэн үеэс эхлэх боломжтой. Нобелийн шагналт, физиологич, Оросын эрдэмтэн И.П.Павлов “Анагаах ухаан бол хүн төрөлхтөнтэй нас чацуу” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил Төв Азийн төв хэсэгт хүн үүссэн үеэс л дом заслын эх үүсвэр тавигдсан гэж үзэх үндэстэй. Домын хамгийн бодитой баримт хуучин чулуун зэвсгийн үетэй холбогдоно. Ялангуяа мал гаршуулж эхэлсэн үеэс дом засал илүү тодорхой болсон. Дом заслын судруудыг уншиж байхад итгэмээргүй гайхалтай зүйлс олон бий. Дом заслаас гадна харь орны анагаах ухааны мэдлэгийг шингээн авч байсан байдаг. Тухайлбал, эртний Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааныг анх санскрит хэлээр нь монголчууд суралцаж байв. Жишээлбэл, наймдугаар зууны үеийн эмч Налашандирва Төвөдөд анагаах ухааны олон улсын хуралд оролцохдоо өөрийн бичсэн “Хөгшдийг анагаах гишүүн шимийн далай” гэдэг номоо авч очсон байгаа юм.

Эртний Хятадын анагаах ухааны мэдлэгээс манай уламжлалт анагаах ухаанд орж ирсэн аргууд бий. Жишээлбэл, Хятадын анагаах ухааны алдартай бүтээл Мин улсын үе, 1691 онд бичигдсэн “Хатгах, төөнөх тэргүүтнийг хураасан ном дэвтэр” гэж 10 дэвтэр ном бий. Энэ номыг Баруун Монголчууд тод үсгээр орчуулсан байдаг. 10 дэвтрийг орчуулснаас үрэгдсээр байгаад дөрөв, зургаадугаар дэвтрийнх нь гар бичмэл орчуулга олдсон. Төвөдийн анагаах ухаан бурхны шашны гурав дахь удаагийн дэлгэрэлтээр Монголд дэлгэрч, “Анагаах ухааны дөрвөн үндэс” бүтээлд суурилан “Мамба дацан”-д эмч бэлдэж эхэлсэн.

Эцэст нь Европын анагаах ухааны мэдлэг Монголын уламжлалт анагаах ухаанд шингэсэн байдаг. Бидний олсон сурвалж бичгүүд дотор Европын анагаах ухааны номуудыг орчуулж, хэрэглэж байсан баримт олдсон. Жишээлбэл, 1720-иод оны үед Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар бичсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” гэдэг эртний латин хэлээр байсан анатомийн номонд манж бичгээр бичсэн анагаах ухааны найман дэвтэр ном олдсон. Энэ найман дэвтэр номыг монголчууд манж хэлнээс монгол хэл рүү орчуулсан нь бидний үед уламжлагдан иржээ. Францын үндэсний номын сангаас олж авсан манж эхийг монгол эхтэй нь тулгасан яг таарч байсан нь гайхмаар шүү.

Биеийн өвчнийг засахаас гадна сэтгэлийн гэмийг нь засвал хамгийн оновчтой эмчилгээ болно

-Хүннүгийн үеийн эмч, одоогийн уламжлалт анагаах ухааны эмчийн ялгаа юу вэ?

-Мэдээж цаг хугацаа, хөгжил дэвшил, техник, технологийн хувьд том ялгаа бий. Эрт цагт холбогдох түүхэн тэмдэглэлээс үзвэл, Хүннү эмч нар утлага заслыг ихэд чухалчилж, засал хийх арга, түүний ач тус, утлаганд хэрэглэх эд зүйлсийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, утлага засал хийхэд цагаан хонины хорголыг сонгож утлагын эм болгож хэрэглэх, хэмжээ нь 10 гаруй дан байна гэж тэмдэглэн үлдээсэн. Өнөөдөр энэ аргыг шууд хэрэглэхгүй ч утлага заслын олон хэлбэрийг янз бүрээр хэрэглэж байна.

-Яг эмч гэдэг мэргэжилтэнг хэдий үеэс бэлтгэж эхлэв?

-Эмч, домч, засалч, шархач гэвэл Хүннүгийг үеэс эхэлнэ. Дараа нь Нируны үеийн эмч Баяхай, Бигүда, VIII зууны Налашандирва, Жанчив, Юань Улсын үеийн эмч нар Буянтөмөр, Тие ши, Бэнхэ, Тойна, Ёлонтөмөр, Хардай, Хутайбилиг, Шатмөс, Хүсэхүй нар аргагүй алдартай. Бурхны шашны гурав дахь удаагийн дэлгэрэлтээр “Анагаах ухааны дөрвөн үндэс” бүтээлд суурилсан эмчийн сургуулийг төгссөн одоогоор мэдэгдэж байгаа анхны эмч бол монгол үндэстэн, Хөх нуурын Ойрад гаралтай Алтай эмч юм. Энэ эмч Монгол анагаах ухааны талаарх маш сонирхолтой мэдээг өөрийн бүтээлд 1612 онд (58 настай байхдаа) дурдсан байдаг. Дараа нь 1685 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцан анхны Мамба дацан буюу эмчийн сургуулийг Баянхонгорт байгуулснаар Ар Монголд “Анагаах ухааны дөрвөн үндэс” бүтээлээр хөтөлбөрөө болгосон эмч бэлтгэх сургуулийн эхлэлийг тавьсан. Энэ үеэс “Анагаах ухааны дөрвөн үндэс”, түүний тайлбар зохиолуудыг бүрэн судалж төгссөн эмч хамгийн сайн эмч болдог байжээ. Тэдгээр зохиолыг гүйцэд үзэж чадалгүй эсвэл сайн эмчийг дагалдаж эмийг нь хийж байгаад жор бариад сурчихсан бол жорын эмч болно. Жорын эмч шүнгийн эмчээсээ маш ялгаатай. Жишээлбэл, саяхан олдсон нэг сударт дөрвөн тунтай эмч, таван тунтай эмчийг дүрсэлж өнгөтөөр зурж үлдээсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл таван тун эм, дөрвөн тун эм уулгаад хүнийг эдгээдэг эмч нар байжээ. Тэр эмч нар онол, эмнэл зүй, өвчний учир шалтгаан, эмийн тус эрдмийг түлхүүр, цоож шиг нийлүүлж чадсан учраас өвчний шалтгаан, эмийн тус эрдмийг яг тааруулан цөөхөн тунгаар эдгээдэг гэсэн үг. Мөн уламжлалт анагаах ухааныг бурхны шашны мэдлэгтэй холбодог нэг том давуу тал, одоогийн сургалтад төдийлөн заахгүй байгаа эмчилгээний арга бол сэтгэл засал, бясалгал юм. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг эмчилдэг дөрвөн ерөндөг байдаг. Идээ ундаа, явдал мөр, эм болон засал. Тав дахь нь сэтгэл засал. Биеийн өвчнийг засахаас гадна сэтгэлийн гэмийг нь засвал хамгийн оновчтой эмчилгээ болно.

Уламжлалт анагаах ухааны эмэнд ордог ургамлуудын 60-70 хувь нь Монголд ургадаггүй

-Уламжлалт анагаах ухааны эмийн жор анагаах увдистай гэгддэг. Жорын нууцаас хуваалцана уу?

-Дээд Монголын Жамбалчой­жиданзанпэрэнлэй (1789-1838) “Увдисын далай” гэх эмийн сударт тан эм, тан эмийг идээ ундаантай, тан эмийг бусад эмийн түүхий эдтэй хавсарч хэрэглэсэн 3381 найрлагыг тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна эмийн ухаантан, мэргэдийн бичсэн жорын 20 гаруй ном бий. Энэ бүгдийн гүйцэт судлаагүй л байна даа. Гэхдээ зарим бүтээлээр нь шавь нар маань докторын ажил хийж байна. Монгол оронд 900 орчим төрлийн эмийн ургамал ургадаг. Эмийн ургамлаас гадна бас нэг том нөөц нь эрдэс. Жоншоос авахуулаад есөн эрдэнэ бүгдээрээ эм. Жишээлбэл, алт урт наслуулдаг учраас эмэнд ордог. Үүнээс гадна таван хошуу малд маш их эмийн нөөц байдаг. Хамгийн их эмийн ургамал иддэг мал бол хонь. Тиймээс хонины мах бүлээн чанартай, их тэжээллэг. Бэлчээрийн малын нэг онцлог нь ихэнхдээ эмийн ургамал иддэг, эмийн ургамал идэж байгаа малынхаа махыг бид хүнсэндээ ч,  эмэндээ ч хэрэглэдэг. Мөөгийг бас орхигдуулж болохгүй юм. Манай уламжлалт анагаах ухааны эмэнд ордог ургамлуудын 60-70 хувь нь Монголд ургадаггүй. Тэдгээрийг орлуулах асуудал чухал учраас Монголд ургадаг ургамлуудыг судлах, гаднаас оруулж ирдэг ургамлуудыг орлуулах, Монголд ургадаг ургамлаар найруулсан эмийг олж тогтоох хэрэглээнд оруулах нь чухал асуудал юм. Манай өвөг дээдэс бол ургамлын амт, чадал, эрдэмд тулгуурлан гадаадаас оруулдаг зарим ургамлыг орлуулж чаддаг байсан. Монголын анагаах ухаанд ашиглаж байгаа ургамлуудыг нөөц их, нөөц дунд, нөөц ховордож байгаа, нөөц нэн ховор буюу улаан номонд орсон гээд ангилдаг. Үүнээс ховордсон ургамлыг судлах,  тарималжуулах шаардлагатай.

Бүртгэлгүй судрууд гадагшаа маш ихээр зарагдаж алга болж байгаа

-Таны номын санг сонирхоё. Энэ олон жил цуглуулж судал­сан ном, судраа тоолж үзсэн үү?

-Тоолж үзээгүй. Ер нь овоо арвин ном судар бий. Дандаа анагаах ухаан, ялангуяа уламж­лалт анагаах ухааны чиглэлийн ном, судрууд надад бий. Судалгаа хийхийн тулд эхлээд судар номоо цуглуулж эхэлдэг. Би нэгдүгээр курсийн оюутан байхаасаа ном судар цуглуулж эхэлсэн. Номын сандаа сууж судалгаа хийх шиг жаргал байхгүй юм аа.

-Судар, номоо олж авахад хэр бэрхшээл тулгардаг вэ?

-Гэр бүлийнхээ олсон орлогын ихэнх хувийг ном, сударт зарцуулдаг боловч хамаг бүхнээ зориулсан ажлаасаа, хийж байгаа зүйлээсээ таашаал авна гэдэг хамгийн сайхан. Монголын уламжлалт анагаах ухааны сурвалж бичиг, түүхийн судалгааг бичихийн тулд Энэтхэг рүү долоон удаа, Өвөрмонгол руу маш олон удаа, тоогоо алдсан, БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орон, Шинжаан-Уйгар, Хөх нуур, БНСУ, Япон гээд Монголын анагаах ухааны өвүүд байж болох бүхий л орон, газар руу явж байлаа. “Олбог цоортол суусан ухаантнаас олон газар тэнэсэн бадарчин дээр” гэж үг бий. Явах хэрэгтэй. Явахаар их зардал гарна. Тэглээ гээд суугаад байж болохгүй л дээ. Манай гэр бүлийн гишүүд намайг хамгийн сайн дэмждэг. Тэдний хүч, найз нөхөд, сайн шавь нарыхаа дэмжлэгээр л явж байна.

 -Таны худалдаж авсан хамгийн үнэтэй судар юу вэ?

-Мөнгөөр үнэлж болохгүй ном гэж байдаг. Тав, 10 саяар худалдаж авсан судрууд ч байдаг. 

-Үнэлэгдэшгүй судар нь ямар нэртэй вэ?

-Үүнийг хэлээд яахав. Ер нь ганц хувьтай гар бичмэл анагаах ухааны ном судрууд бий. Би нэг хүнээс анагаах ухааны эм суд­лалын эртний гар бичмэл өнгөт зурагтай ном авах гэхэд “Приус-30” машин өгөөд ав гэсэн шүү дээ. 

-Анагаах ухааны судар номуудыг яаж хамгаалах вэ?

-Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөл­бөрийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д зургаан судар бүртгэгдсэн байдаг. Анагаах ухааны судар номоос бүртгэгдэж амжаагүй байна. Уламжлалт анагаах ухааны судар номуудыг эмхлэх, цэгцлэх, хамгаалах, бүртгэлжүүлэх асуудал хамгийн чухал юм. Бүртгэлгүй судрууд гадагшаа маш ихээр зарагдаж алга болж байгаа. Бидний хувьд сурвалж бичгийн цахим санг бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen