Малдаа дарлуулсан Монгол

-Бэлчээрийн дутагдал аюулын харанга дэлдэж байна-

Малын тоо толгой олшроод ирэхээр малчин хүн малынхаа боол болдог гэдэг үг бий. Монгол Улс, монгол малчдад одоо яг ийм явдал тохиолдоод байна. Малчид нь бэлчээрийн төлөө алалцаж, төр нь малын хөлийн татварыг тэглэж, малчдыг бүх төрлийн татвараас чөлөөлж, онд мэнд оруулахын тулд сум бүрт 100 тонн өвс нөөцлөх үүрэг өгч, хотынхон нь үнэтэй мах идэж байна.   

Энэ жил манай улсын мал сүрэг бүх төрөл дээрээ өсч, 90 саяд хүрчээ. Мал сүрэг өсөхийг сайны бэлгэдэл гэж үздэг хүмүүст энэ бол сайхан мэдээ. Харин бэлчээр нутгийн өнөөгийн байдлыг бодолцоод үзвэл түгшүүр төрүүлсэн, аюулын харанга дэлдсэн мэдээ юм. Яагаад түгшүүр төрүүлэх юм бэ гэдгийг тайлбарлая.

Монгол Улсад бэлчээрийн даац хэтэрч, доройтсон

2015 онд “Ногоон алт төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын бүх багийн нутаг дэвсгэрийг төлөөлдөг мониторингийн 1450 цэгт үндэслэн бэлчээрийн төлөв байдлыг үнэлжээ. Бэлчээрийн төлөв байдалд 1-5 (1 зэрэг-байгалийн унаган төрхөө алдаагүй; 5-бүрэн цөлжсөн) зэрэг өгч үнэлсэн байна. Ингэхэд нийт бэлчээрийн 40 орчим хувь нь 3 зэрэгт харъяалагдана гэсэн дүн гарсан байна. Мөн 7 орчим хувь нь 5 зэрэг буюу бүрэн цөлжсөн гэсэн харамсмаар дүн гарчээ.

Мөн бэлчээрийн ашиглалтын индексийг тооцож, бэлчээрийн ашиглалт 5 болон түүнээс олон дахин хэтэрсэн 71 сумыг сонгож, тухайн үеийн мал сүргийн тоо толгойтой нь харьцуулан судалсан байна. Ингэхэд 71 сумын бэлчээрийн даац дунджаар 6.8 дахин хэтэрсэн болох нь тогтоогдож байжээ. Тэр үеэс хойш таван жил өнгөрч, малын тоо толгой 30 гаруй саяар нэмэгдсэнийг тооцвол одоогийн нөхцөл байдал төсөөлөгдөх болов уу.

Сүүлийн үеийн судалгаагаар бол говийн зарим аймгууд мал өвөлжүүлэх боломжгүй болоод хэдэн жил болсон. Иймээс малчид өөр аймгийн нутаг руу оторт явдаг. Тэгвэл энэ жилээс отрын нутгийн 50 хувьд нь өөр аймгийн мал хүлээж авч чадахааргүй доройтсон гэсэн байна.

Бэлчээрийн доройтол, мал сүргийн тоо толгойн өсөлт хоёроос болж малчид шинэ соргог бэлчээрийн төлөө тамиа тавьж, алалцахдаа хүрээд байна. 10 жилийн өмнө малчид бэлчээр булаацалдан буу гаргаж танхайрсан тухай мэдээ хааяа нэг сонсогддог байсан бол одоо буудаж алах хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт малчид бэлчээрээ булаацалдаж, гурван хүний амь хохирсон аймшигт хэрэг гараад удаагүй байна. Хэрэг гарах болсон гол шалтгаан нь хувь хүний ухамсартай холбоотой боловч маргааны эхлэл болсон бэлчээрийн хомсдол өнөөдөр малчдын хамгийн эмзэг тулгамдсан асуудал болсныг энэ хэрэг харуулсан юм.

Бэлчээр яагаад доройтов

Бэлчээрийн ихэнх хувь нь доройтсоны учрыг уур амьсгалын өөрчлөлт гэхээсээ илүү малын тоо толгойн өсөлт, сүргийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой.

75 сая хоньтой Австрали улсад бэлчээр олдохоо больж, өвс иддэг зэрлэг амьтдаа устгаж байгаа талаар нүд хальтрам зураг бичлэгүүд интернэтээр дүүрэн байна. Гэтэл манай улсын малын тоо толгой 90 сая. Нийт мал сүргийг хонин толгойд шилжүүлбэл /Хонин толгойд шилжүүлэх харьцаа (Энх-Амгалан, 2013): ❖Ямаа - 2 хонь ❖Адуу - 8 хонь ❖Тэмээ - 3 хонь ❖Үхэр - 4 хонь/ барагцаагаар 130 гаруй толгой хоньтой гэсэн үг. Гэтэл Австрали 7.7 сая км2 газар нутагтай. Монгол тав дахин бага. Үндсэндээ Австралиас тав дахин бага газар нутагт хоёр дахин их хонь бэлчээрлэж байна гэсэн үг. Австраличууд 75 сая хонио бэлчээрлүүлэх газар олдохгүй ан амьтдаа хядаж байхад манайд хүмүүс хоорондоо алалцах нь аргагүй ч юм уу. 

Австрали хонин сүргийнхээ тоо толгойг багасгаж байна. 

Жил

Хонины тоо толгой (сая)

1991-92

163.1

1992-93

148.1

1993-94

138

1994-95

132.5

1995-96

120.8

1996-97

121

1997-98

120.1

1998-99

117.4

1999-00

115.4

2000-01

118.5

2001-02

110.8

2002-03

106.1

2003-04

99.2

2004-05

101.2

2005-06

101.1

2006-07

91

2007-08

85.7

2008-09

76.9

2009-10

72.7

2010-11

70.8

2011-12

73.1

2012-13

74.7

2013-14

75.5

2014-15

72.6

2015-16

70.9

2016/17

71.9

2017/18

74.7

2018/19

73.8

2019/20f

68.1

Бэлчээр доройтсоны бас нэг шалтгааныг эрдэмтэд сүргийн бүтэцтэй холбож тайлбарладаг. Тэд ямаан сүрэг өссөн нь бэлчээрийг эргэж сэргэх боломжгүй болгож байна гэсэн үндэслэл хэлдэг. Ямааг хонин толгойд шилжүүлэхдээ хоёроор үржүүлж тооцдог. Түүнээс ч хорлонтой нь, ямаа өвсийг идэхдээ үндсээр нь суга татаж, эргэж сэргэх боломжгүй болгодог аж. Энэ хоёр дээр нэмээд уур амьсгалын өөрчлөлт нэрмээс болж өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэжээ.     

Одоо яах вэ   

Юуны түрүүнд бидэнд өнөөдөр мал сүргээ хэрхэн онд мэнд оруулах вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Улсын хэмжээнд 90 сая мал өвөлжиж байгаа гэсэн тоо бий. Үүнээс 20 саяыг нядалж, 70 сая толгой мал өвөлжих тооцоо бий /ХХААХҮЯ/. Энэ бол түүхэнд байгаагүй их тоо. Тэгэхээр хадлан тэжээлээ сайн авах зорилт тавигдаад байна. Харамсалтай нь, бэлчээрийн доройтол, малын тоо толгойн өсөлтөө дагаад хадлан тэжээл хангалттай нөөцлөх боломж мөн адил хомсджээ. Энэ жил улсын хэмжээнд 1 сая тонн хадлан тэжээл авах зорилт тавьсан гэж салбарын яамнаас мэдээлсэн. Энэ бол хангалтгүй тоо гэдэг нь малын өвсний хэрэглээнээс харагдаж байгаа юм /Нэг хонины жилийн өвсний хэрэглээ – 512 кг (Энх-Амгалан, 2013). Таван хошуу малын идэлтийн коэффициентыг ашиглаад таван хошуу мал тус бүр дээр бодоход ойлгомжтой байна/. Монгол Улс 20-25 сая малтай байхдаа сая гаруй тонн хадлан тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил түүхэндээ анх удаа 90 гаруй сая толгой малтай болоод  байхад бэлтгэсэн хадлан тэжээлийн хэмжээ хэвээрээ  байна. Газар нутгийн хэмжээ нэмэгдээгүйгээс хойш энэнээс илүү хадлан авах үнэндээ хэцүү.

Тэгэхээр, энэ жил мал өлдөж, тоо толгой нь хоргодох магадлал өсжээ. Бэлтгэсэн өвсийг ченжүүд хэмээх хэсэг бүлэг этгээдүүд бөөнөөр нь худалдаж аваад цаг хүндэрсэн үед малчдыг шулж хохироох явдал газр авсныг ч төр засаг анхааралдаа авууштай.

Малын тоо толгой, бэлтгэсэн хадлан тэжээлийн тойм 1960-2019

Он

Бэлтгэсэн хадлан /мянган тн/

Өвөлжсөн мал /сая толгой/

Нэг толгойд ногдох хадлан тэжээл

1960

1477.9

 

 

1970

577.6

22 574 720

 

39.1 кг

1980

1125.4

23 771 440

 

21.1 кг

1990

866.3

25 856 880

 

29.8 кг

2000

689.4

30 227 500

 

43.8 кг

2010

1137.3

32 729 530

 

28.7 

2019

1369.2

70 969 315

 

51.8

Тиймээс тоо толгойг нь цөөлөх, онд орох тарга тэвээрэгтэй хэсгийг авч үлдэж мал сүргээ чанаржуулах шаардлага тулгараад байна. Цаашид мал сүргийн тоо толгойг бэлчээрийн даацтайгаа уялдуулан оновчтой тогтоож, зарим хэсгийг нь эрчимтэй мал аж ахуй болгож зохион байгуулах шаардлагатай байна. Яг одоогийн байдлаар нэг малаас авах ашиг шим сайн бус байгаа. 2016 онд хийсэн судалгаагаар нэг хонин толгойд ногдох зардал -12700 төгрөг, ашиг шимийн орлого - 9250 төгрөг гэсэн дүн гарсан байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй байх учиртай. Үндсэндээ бэлчээрийн мал аж ахуй учир өвс тэжээлээ үнэгүй хэрэглэдэг нь л энэ салбарыг ашигтай мэт харагдуулж байж. Харин одоо бэлчээр доройтож байгаа тул тоо толгойг цөөлж, ашиг шимийг нэмэгдүүлж чанаржуулах асуудал зайлшгүй тулж ирээд байна. Малчдын ашиг хамгийн их байлгах малын тооны шийдвэрээс хамаардаг. Төрөөс энэ асуудалд онцгой анхаарч, бодлого гаргаж хэрэгжүүлэх цаг болжээ.  Хөдөө аж ахуй бол нийт эдийн засгийн 10.3 хувь /2017/, ажиллах хүчний 29 хувь (2017)-ийг шингээсэн том салбар. Тэгэхээр, тулгарсан асуудлаа ухаалаг, зөв бодлогоор шийдээд цааш явах учиртай.

Эх сурвалж: Х.Батсайхан, Eagle.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen