Музей бол нийгмийн зүрх

Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн дэлхийн улс орнуудад тэмдэглэх болжээ. Олон улсын музейн зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сарын 18-нд нийгэмд тулгамдсан сэдэв сонгон, музейн өдрийн анхааралд авчирдаг. Энэ оны тухайд “Соёлын амин зангилаа нь Музей: Уламжлал шинэчлэл” сэдвийн дор тэмдэглэж байна. Музейн нийгэм дэх чиг үүрэг өөрчлөгдсөөр байна. Орчин үед музейнүүд үзэгчдэдээ чиглэсэн, уян хатан, дасан зохицох чадвартай, интерактив хөтөлбөр хэрэгжүүлэн, дижитал технологийн шинэ эрэл хайгуулаар байр сууриа сэргээн хадгалах болжээ. Музей, музейн сан хөмрөг нь мэдлэг, бүтээлч байдлын хослуулсан бааз болж, харин музейн үзэгчид хамтран бүтээгч, мэдээлэл хуваалцагч, харилцагч болж ирлээ.

Музейн гол үйл ажиллагаа цуглуулгын хадгалалт, хамгаалалт хийгээд цуглуулга, судалгаа, сэргээн засварлалт, үзэсгэлэн зэрэг үндсэн үйл ажиллагаагаар дамжуулан олон нийттэй ойр дотно байх өөрчлөлтийг хийж эхэлснийг музейн мэргэжилтнүүд онцолж байна.

Түүнчлэн дэлхийн музейд орчин үеийн нийгмийн асуудал, зөрчилдөөнийг шийдвэрлэх шинэлэг аргыг эрэлхийлэх болсон нь шинэчлэл гэгдэж байгаа юм. Музейг нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эерэг өөрчлөлтийг дэмжиж, эрсдлийг багасгах боломжтой гэж үздэг болжээ. Аливаа музей нийгмийн зүрх болсон байгууллагын хувьд соёл хоорондын ойлголцлыг бэхжүүлэх, тайван замаар улс орнуудыг холбох, тогтвортой ирээдүйг тодорхойлох өргөн боломжтой ч гэж хэлж болно.

Олон улсын музейн өдөрт зориулж Монголын үндэсний музейгээс ЕБС-ийн сургуулиудад музейн нийгэмд үйлчлэх үүрэг, хүртээмж, үр дүнг танилцуулах ажлууд санаачлан зохион байгуулж байна. Түүнчлэн Монголын үндэсний музей өнөөдөр 12-14 цагийн хооронд иргэдэд нээлттэй үйлчлэх ажээ.

Э.Анура

https://news.caak.mn/view/8290265/

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen