Хүчирхийллийн дуудлагаар очиж буй цагдаа нарт анхан шатны мэдлэг АЛГА

Хүчирхийллийн дуудлагаар очиж буй цагдаа нарт анхан шатны мэдлэг АЛГА

 

“Нэг удаа би цагдаа дуудаж үзсэн. Гэтэл цагдаа хаягийг чинь олохгүй байна. Тиймээс хаана байгааг чинь мэдэхгүй учир очиж чадахгүй нь гээд ирээгүй. Хэрэв намайг цагдаа дуудсаныг мэдвэл нөхөр маань яах нь тодорхой шүү дээ. Тэгээд цагдааг дахин дахин залгаад байж магад гээд айгаад дахиж цагдаа руу хандаагүй. Гэтэл дараа нь ахиад нэг удаа цагдаа дуудтал ирээд хүчирхийлэл үйлдэгдэж байна гэсэн дуудлага ирлээ гээд ороод ирсэн. Нөхөр маань гайхаад хэн дуудлага өгсөн юм гэтэл эхнэр чинь юм биш үү гэж хэлсэн. Ийм л мэдрэл муутай, мэдрэмжгүй ажиллаж байгаа юм л даа манай цагдаагийнхан. Тэгээд би цагдаа хүчнийхэн хэзээ ч хамгаалахгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.”

Энэ бол итгэж найдаад дагаад явсан нөхөр нь араатан шиг авирлаж бараг өдөр болгон хатуу ширүүн гарын зодуурыг үзэж бүтэн 7 жилийг үдсэн нэгэн турьхан эмэгтэйн ярилцлагын нэгээхэн хэсэг. Эцэст нь хоёр хүүхдээ хүчирхийлэлд өсгөж болохгүй юм байна, энэ цохиур, зодуур үргэлжилвэл амь насаа алдах юм байна гэдгийг яс махаараа ойлгож, нөхрийгөө архиар шахаж согтоогоод өмссөн хувцастайгаа зугтаж, амь мултарсан байдаг.

 Энэ бүсгүйн ярианы нэгээхэн хэсэг бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад очиж байгаа цагдаа нарын хэлдэг үг аж. Энэ эмэгтэй одоо хүчирхийллээс хол, хоёр хүүхэдтэйгээ эрх чөлөөтэй амьдарч байгаа ч нөхөртөө дарлуулж байсан өдрүүдэд тэр амь насаа алдаж болох байсан гэдгийг хэлж байсан. Учир нь эцсийн мөчид аврал эрэн цагдаагийн байгууллагаас тусламж хүсэхэд хүний амь насыг авран хамгаалах үүрэгтэй тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид “танайхаас дуудлага өгсөн байна” гээд ороод ирдэг ч дараа нь нөхрөө цагдааг барьж өгсөн бүсгүйд ямар  хор учрах бол гэдгийг боддог эсэх нь эргэлзээтэй. Дуудлагын дагуу цагдаа нар ирээд арга хэмжээ аваад хэн хоногоор баривчлаад л буцаагаад явуулдаг. Гэтэл тэр араатан баривчлагдсан хугацаандаа гэмээ ухаараад гэртээ эргэн ирдэг гэдэг нь бас л эргэлзээтэй. Өөрийг нь цагдаад баривчлуулсан эхнэрээ, эсвэл хөршийнхөө хүнийг бүр ч ихээр үзэн ядаж, занаlхийлдэг нь нууц биш. Үүнээсээ болоод өмнөхөөсөө ч ширүүн авир гаргах магадлалтай.

 Одоо үед иргэн бүр үүргээ биелүүлж хүчирхийллийн дуудлагыг мэдээлж байх хэрэгтэй гэдгийг сануулж хариуцлага нэхдэг. Харин иргэн үүргээ биелүүлэхэд тэднийг хэн хамгаалах вэ гэдэг нь гол асуудал болоод байх шиг. Хажуу хөршийн айлд хүчирхийлэл үйлдэгдэж байхад иргэний үүргээ биелүүлэн цагдаагийн байгууллагад мэдээлэн дуудлага өгдөг. Тэгэхэд цагдаа хүчирхийлэл үйлдэгдэж байгаа айлд хөрш чинь хүчирхийллийн дуудлага өглөө гээд ороод ирэх нь хэр зохистой вэ. Энэ нөхцөлд хүчирхийлэл үйлдэгч этгээд цагдаад барьж өгснөөр нь хөршдөө хар муу санана. Ингээд хөршүүдийн хооронд таагүй харилцаа үүсч, нэгнээ заналхийлсэн байдал гаргана. Дуудлага өгсөн хөрш нь улаан нүүрэн дээр нь энэ хүн дуудлага өглөө гээд хэлэхэд гэмтэй мэт сэтгэгдэлтэй үлдэнэ.

Ийм жишээ зөвхөн энэ бүсгүйд тулгараагүй төдийгүй. Үүргээ биелүүлэн дуудлага өгсөн хөршүүдийн хувьд ч хүнд тусдаг гэдгийг дараах постууд гэрчлэх буй заа.

Дээрх кэйсүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байхад хүүхэд болон хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэн цагдаагийн байгууллагад хандсан байгаа юм. Гэтэл дуудлагын дагуу ирсэн цагдаа нар нь хөрш нь дуудлага өгсөн гээд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг дагуулж ирээд хаалгыг нь тогшиж байх жишээтэй. Дуудлага өгсөн хүний утасны дугаар мэдээллийг хэлээд тийм хүн танайд хүчирхийллийн дуудлага өгсөн байна гэж хэлдэг ийм тогтолцоо аль улсын ямар хуулинд байна вэ.

 Гэвч хуулийн байгууллагыг муу ажиллаж байна гэж байгаа юм биш. Гагцхүү алба хаагчдынхаа мэдлэг, хандлага, сэтгэлгээг өөрчлөх шаардлага тулгараад байгааг энэхүү кэйсүүд харуулж байна.

Хүчирхийллийн дуудлагаар оччихоод эхнэр чинь, хөрш чинь, хүүхэд чинь, гэрийнхэн чинь дуудлага өглөө хэмээн ичих ч үгүй хэлж байгаа нь анхан шатны мэдлэг байхгүйгээс гадна ажилдаа сэтгэлгүй, хайнга, бусдын аюулгүй байдлыг боддоггүйн хамгийн том жишээ юм. 

 

Х.Соёл-Эрдэнэ

http://www.zaluu.com/read/351h262h4

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen