"Венесуэл улсын ардчилал сүйрсэн шалтгаан бол ПОПУЛИЗМ"

Нэг хүний дарангуйлал Венесуэл улсын эдийн засгийг сүйрүүлэх гол хүчин зүйл болсон гэдгийг тус улсын иргэн, судлаач Александра Панзарелли МУИС-ын Номын санд тавьсан илтгэлийнхээ үеэр онцоллоо. “Боловсрол төвтэй улс төр” ТББ-аас зохион байгуулсан уг лекцийг Хотын захирагч асан Э.Бат-Үүл нээж хэлэхдээ “Венесуэл Улсын инфляц өнөөдөр хоёр сая хувийг давсан. Манай улсыг ч ийм хувь заяа хүлээж байна” хэмээсэн юм. 

Ингээд уншигч танд Александра Панзареллигийн тавьсан сонирхолтой илтгэлээс хүргэе.

Венесуэл улс уй гашуу, ядуурлын цөл болсон. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигддэг манай улсаас өдөр бүр 2,000 хүн дүрвэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5.4 сая иргэн харь орныг зорьсон нь Сирийн дүрвэгсдийн хэмжээнд хүрлээ.

Уго Чавесийг ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө Венесуэл улс ардчиллын жишиг болсон орон байлаа. Харин энэ хүн төрийн эрхэнд гарч ирснээр ардчилал нуран унах эхлэл болсон. Манай улсын хоёр нам дотроосоо ялзарч, улс төрийн ямар ч чадамжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор ядуурлын түвшин ч эрс нэмэгдсэн.

1988 онд Карлос Андрес Перрис Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо 1970-аад оны Венесуэлийн ардчилалыг эргүүлж авчирна гэж амалсан. Гэвч төрийн эрхэнд гарсныхаа дараа тэрбээр эдийн засгийн түвшинд бодлогын өөрчлөлт хийнэ гэсэн амлалтаа биелүүлээгүй. Тэр үед ядуурал маш өндөр байсан тул Каракас хотод үймээн самуун гарсан. Энэ үеэс л ардчиллын төгсгөл ирсэн гэж бид үздэг.

Тэр үед Уго Чавес төрийн эрхийг хүчээр гартаа авах гэж оролдсон ч бүтэлгүйтэж, шоронд хоригдсон. Тэрбээр шоронгоос суллагдсаныхаа дараа сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан.

Уго Чавес шинэ Үндсэн хуулийг баталж, нийгмийн бүхий л давхаргыг улс төрд оролцуулна гэсэн амлалтыг ард иргэддээ өгсөн. Түүнийгээ ч биелүүлсэн. Үндсэн хуулийг өөрчилсний үр дүнд үндэсний цөөнхүүд парламентад суудалтай болж, эмэгтэй сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, тэгш эрхийг жинхэнэ утгаар нь бий болгосон. Үүний дараа Чавесын нэр хүнд маш их өссөн. Учир нь энэ бол ард түмний удаан хүлээсэн өөрчлөлтүүд байв.

Харамсалтай нь Ерөнхийлөгчид маш их хэмжээний эрх мэдэл төвлөрч, аажмаар ардчилал нь авторитар дэглэм рүү шилжсэн. Уго Чавес улс төр, нийгмийн бүх бүлгийг өөрийнхөө талд оруулж, атгаж эхэлсэн. Тэрбээр Венесуэлийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг гол хүчин зүйл болох газрын тосны мөнгийг зөвхөн өөрийн улс төрийн кампанит ажилд зарцуулсан.

Уго Чавес 2009 оноос эхлэн бүх салбарыг гартаа оруулсан. Тухайлбал, 2009-2012 онд 1.300 орчим хувийн компанийн өмчийг улсын өмчид авч, өөрийнхөө эрх мэдлийг тэлсэн. Үүнээс улбаалж олон компани дампуурсан. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянаж байсан. 2017 онд хамгийн нөлөө бүхий телевизийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд маш олон хэвлэлийг өөрөө худалдан авсан.

Хэдийгээр Уго Чавес хүний эрх болон хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарж, Венесуэлийн эдийн засаг, ардчиллыг үгүй хийсэн ч ард түмэн түүнд маш их хайртай байсан. Сөрөг хүчнүүд дарангуйллын эсрэг чадлаараа ажиллаж, нийгмийн асуудлыг ярьж хэлж байсан ч иргэд Чавесыг тахин шүтчихсэн байсан тул улс орон, эдийн засагт юу болоод байгааг сөхөөрөөгүй. Популизм эцэстээ дарангуйлал болдог гэдгийн тод жишээ бол манай улс юм.

Уго Чавес хавдраар нас барахынхаа өмнө өв залгамжлагчаараа Николас Мадурог өөрөө сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд Мадуро өрсөлдсөн бөгөөд ганцхан хувиар ялалт байгуулсан нь хоёр талд хуваагдсан нийгмийг улам туйлшруулсан.

Уго Чавес одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог өөрийнхөө залгамж халаа болгосон нь нэг ёсондоо тоталитар дэглэмийг тогтоосон. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар манай эдийн засагт хүндрэл учирч ард иргэд улсаасаа дүрвэж эхэлсэн. Одоо Венесуэл улс нь улс төр, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа. Экс Ерөнхийлөгч Уго Чавесын үед газрын тосны экспортоос орж ирэх хөрөнгө харьцангуй их байсан учир хялбар аргаар засаглалаа явуулж байсан. Харин Николас Мадуро эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа улсыг удирдаж байна. Улс төр, сөрөг хүчний баривчилгаа газар авч, цэргийн хүчээр дарангуйлж байгаа учир манай улсад хүний эрх ихээр зөрчигдөж байна.

Эндээс бид Ардчиллын үнэт зүйлийг заавал хамгаалах ёстой гэдэг маш том сургамж авсан юм.

Г.Тэмүүлэн

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen