Тавиулын гаслант тавилан

Архаг тавиулын маанийг нууц томилолт чандалсан шинэ тавиул уншдаг. Тоглоомын этгээдийн хувь заяа ерөөс тийм. Улирсан баларсан юм сөхөж хэрүүл өдлөө гэх вий. Энэ сэдэв манайд хуучрах байтугай ид өрнөж буй юм биш үү. Бүлгүй цөөн, ядмаг дорой улсын Ерөнхийлөгч тавиул байх нь бараг жам. Тавиул шившигтэй тонилдог заяатай. Хараал зүхэлд үр хүүхэд нь байтугай хөсрий яс нь амардаггүй. Чойбалсан олон хүн хядсан Цэдэнбал хүн алаагүй гэж увсынхан ярих дуртай. Сталины өвдөг дор өөдөө харж өрөө зуруулахаар тэлчилсэн Чойбалсан ах дүүсээ яргалж амь гарсан. Чойбалсан гэмгүй нөхөд, хүлцэнгүй хуврагуудаа хөнөөхгүй гэвэл тэр бээр Гэндэн Амар нар шиг Оросын хуулиар Москвад цаазлуулах байв. Чойбалсан нэгд аминдаа ард олноосоо хайртай амьтан (амиа гэх хүн цөөнгүй дээ) хоёрт түүнийг утсан чинээ улаан голоо өөр нэгэнтэй дэнсэлж амьд үлдсэн гэдэг. Тэр таамаг нь: Чойбалсантай Чойбалсангүй Москва манай лам нарыг хоморголон устгахаар эргэлт буцалтгүй шийдсэнийг тэр бээр баттай мэдсэн. Мөн буурай Монголыг элэг барьсан Улаантны далд санааг таамаглах сөгөөтэй сэхээтэн язгууртныг Японд талтай гэж тэднийг хүйс тэмрэх аюул гарцгүй тулсныг Чойбалсан нэвт мэдрээд Гэндэн Амар мэт эх орондоо сохор зоосны ашиггүй хий дэмий цаазлуулснаас энэ яргаллыг өөрийн гараар үйлдэж, цоохор толгойгоо нүгэлд тавьж өгөөд, тэр аюумшигт яргаллын цусан дотроос Монголын тусгаар тогтнолыг атгаж үлдэх санаа. Би Гэндэн Амар хоёр шиг алуулдаг юм гэхэд миний дараа өөр Чойбалсанг оросууд болъщевик сунтаг шүүлтээрээ тодруулаад зовх нь өөдөө монголчуудыг ардын дайсан японы тагнуул гэж зайлшгүй хөнөөнө. Хядлагагүйгээр Монголоо аврах зам алга. Тиймээс нэгэнт алуулах болсноос хойш нүглийг нь үүрээд азаа үзье гэсэн байж болох. Сайнаар бодвол шүү дээ. Япончууд Манж Го улс байгуулж өвөрлөгчдийг элсүүлэхээр тэдэнд найрсаг хандаж эхэлсэнд Сталин нар “Японы эелдэг ааш ар Монголын чинээлэг ард, ялангуяа лам сэхээтнийг урвуулна” гээд тэднийг бууныхаа овоо хараанд онилоод гохоо дарахад бэлтгэжээ. 

Муугаар бодвол ард олноо сорчлон яргалах даалгавар бултах аргагүй тулгармагц угийн өөдгүй Чойбалсанд Бодоо Данзан Лосол Догсом Шагдаржав Гэндэн Дэмид Амар нарынх шиг ард олноо гэх эр зориг дутсан байж магад. Сталин юу гэж дохино амь л гарч байвал бусдыг өрөвдөх сэтгэлгүй тэр бээр бүгдийг нүдээ аниад хядсан нь үнэнд арай ойр буй зээ. Буман монгол бүрэлгэсэн асар их айдас Чойбалсанг шаналааж байсан уу, эсвэл архи гударчихаад ухаангүй мансуурч хэвтсэн годил уу хэн мэдлээ. Ямартай ч тэр амьдралынхаа сүүлчийн хэсэгт Монголын тусгаар тогтнол, Ар Өврийг нэгтгэх талаар мөрөөдөж явсан нь үнэний хувьтай байх. Энэ нь Монголоо бодсон сэтгэл дээр хүн байна даа өөрийн нүглийг нимгэлэх тооцоо байх үндэстэй.

Галдан бошигтын домгоос үүдэлтэй халхуудад юм санаж явдаг ойрадуудаас тоглоомын этгээд сонгохоо болъщевикууд анзаарчээ. Энэ золгүй сонголтод Эрхүү хотын өлөн зэлэм монгол оюутнуудаас Ю.Цэдэнбал дүйж, түүнд эхлээд нөхдөөс нь нууж идэх юм сэм өгдөг болж, өлссөн жаал байшингийн дээвэрт үмхэлж сууж найздаа баригдаж байв. Тэр харамчдаа бус тийм хатуу заавартай тул нуугдахаас биш яалтай ч билээ хөөрхий. Орос орон өлссөн хэцүү үе. Хожим түүнийг Хар далай Севастополь Украйн Гүрж Сочигоор аялуулаад Кремльд сэм нууц уулзсаныг Чойбалсангаас эхлээд манай удирдагчид танталгүй яав гэж. Тэр үед Зөвлөлтөд 1000 орчим монгол оюутан суралцаж байснаас ямар гавъяатай гэж ганц Цэдэнбалыг Кремль нөмөртөө авав? Яг энэ үед ерөнхий сайд П.Гэндэнг Москвад буудчихаад, ерөнхий сайд А.Амар цаазаа хүлээгээд гянданд сууж байсан мөч. (Зөвхөн Москвад манай 149 дарга буудуулсан баримт саяхан хэвлэгдэв). ЗХУ-аар чөлөөтэй зорчих эрх болон харамгүй их зардлаар гагцхүү Зөвлөлтийн гадаад тагнуулд харь орноос элсүүлсэн агентууд л хангагддаг байжээ. Харгис хүчирхэг Оросын нууц тагнуул болсон хэн ч бай манай муусайн удирдагчдын эрлэг болох нь мэдээж. Гэхдээ томилолт нь хугацаатай эрлэг. Томилолт дуусмагц нүдний булай болж сөнөдөг эрлэг. Ийм нөхцөлд заяагдсан ядмаг цөөн хүмүүст Ерөнхийлөгчийн засаглал таарах уу?

Цэдэнбал туулсан урт амьдралынхаа тухай, тэр ч бүү хэл, насан туршдаа уулзсан хүмүүсийнхээ талаар гайхалтай эргэн санадаг атлаа түүний тархи ганц явдлыг огт санадаггүй байж. Тэр нь 1938 онд Кремльд болсон ганцаарчилсан уулзалт. Энэ уулзалтад хэн хэн оролцсон юу ярьсныг Цэдэнбал огт санахгүй болчихдог. Бүх амьдралаа тод санаж, сайхан хуучилж сууснаа яг энэ уулзалтын тухай дурсмагц юу ч санахаа больчихдог гэж түүнтэй олонтаа хуучилсан Е.Шинкарев байн байн онцолдог нь биднийг энэ тухай мэдэж ав гэсэн дохио байх. 

Ленин хорвоогийн жамыг дур зоргоороо өөрчлөх гэж өвчигнөсөн. Ертөнцийн нэг бөөс өөрийгөө орчлонгийн дээр тавина гэдэг мөн их өвчин шүү. Босоо ороолон-Лениний онолыг бишрэгчдийн нэг том төлөөлөгч нь Цэдэнбал яах аргагүй мөн. Чарлавагийн номлолыг тэр хэдэн үеийнхний тархинд албадан хүчээр хадсан нүгэлтэн. Хүн зоныхоо уураг тархинд хадсан орос хадаасуудыг нэгд нэгэнгүй түүж хаяхгүй бол ХХI зуунд өртөөлөн нялхсын минь оюуныг гэмтээсээр даамжирвал аюултай. Буруу үзэл шиг хортой ужиг нүгэл бурхан багшийн сургаалд байдаггүй. Зэтгэрийн унтарч буй нурмыг асаахаар увсынхан сэвээд болихгүй юм. Ард түмэн жаргах зовох, хувь хүн Цэдэнбалаас хавьгүй чухал. Цэдэнбалын үзэл-коммунист үзэл. Маргашгүй. Өөд болоочоо гоочлох дорно дахины журамд муу ёр. Яалтай ч билээ. Гэвч буруу номын хорлолоос салахгүй аваас Монгол өөдлөхгүй.

1938 онд КГБ-гээс онцгой даалгавар гардсан Цэдэнпилээс айхдаа түүнийг аман дээрээ магтаж ачир дээрээ зүхдэг хандлага халхад дэлгэрсэн. Нэг үгээр Цэдэнбалыг сайн магтаж чадвал амиа хоохойлно. Арга ч үгүй. Москва манай ерөнхий сайд нарыг толгой дараалан цаазалсан цаг шүү дээ. Монголд бөөн айдас. Өнөөдөр тэрийг буудчихлаа маргааш намайг биш байгаа даа гээд сайд нар унтаж чадахгүй болсон цаг. Цэдэнбал сүрхийдээ бус цаанаас нь Кремль залуурдаж буйд түүний сүр бадарч байв. Үүнийг үл мэдэх хүн байгаагүй. Бас хажуугаар нь увсынхан нөмөрсөн аюулыг далимдуулж оодорсон. Ю.Цэдэнбал Т.Рагчаа хоёрын дэргэд Ж.Самбуу бол ямар ч мэдэлгүй баримал байсныг маны үе мэднэ. 

Москвагаар битүү айлгасан тавиул Цэдэнбалыг мандуулахын тулд түүнийг (асар их мэдлэг боловсролоор нь) Чойбалсан өөрөө сонгож дэвшүүлсэн аятай яриа тарав. ОХУ-ын судлаач Е.Трипонов Цэдэнбалыг “шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу ч ойлгохгүй, бас юу ч чадахгүй, аль ч юмны учрыг олохгүй, дураараа авиртай эхнэр болон зөвлөлт “нөхдийн” гарт бүрэн орсон, гадаадын ВКП(б) намын гишүүн, гадаадын тусгай албаны (СССР-ийн КГБ-ын) мэдээлэгч” гэжээ. Орос ахын чинь судлаачийн бичсэнийг ишиллээ шүү. Өвгөн намайг битгий нясалчихаарай. 

Цэдэнбал хуурамч даруу зан гаргаж “Самбуу гуайгаас асууя”, “Самбуу даргатай ярья” гэх буюу олны нүдэн дээр Самбуу өвгөнийг сугадаад түшчихсэн явж байдаг энэ тэр нь түүний жүжиг. Самбуу өвгөнийг хүндэтгэсэн дүр эсгэж бүх дарга нарт саймширч байгаад өрсөлдөгчдөө бут цохиж, “Хүн зүгээр байвал би Самбуу гуайг хайрладаг шигээ бүгдэд тэгж хандана” гэсэн шоу санаатай юм. Мөн намын дайснаа цөлсөн болохоос гэмгүй хүнийг би цөлдөг жолоодогч биш гэж итгүүлэх зорилготой түүний ойрхон заль. 70 жил тэгж мэхлэгдсэнээ мэдэхгүй эргүү мал шиг насыг элээж яваа маанагууд эмгэнэлтэй. Тиймээс би түүхээ нягталъя гэдэг хүн. Цэдэнбалыг Кремлийн тагнуул гэх цуурхал тарвал Чойбалсангийн толгой хийсэх аюултайг Чойбалсан сайтар мэддэг тул энэ тухай больчимгүй чалчсан нэг сайдыгаа ямар сайндаа “нуруугий чинь хугалж ална шүү” гэж бажигдах билээ. 

Кремлийн хоёр тавиулын талаар Е.Трипонов бичихдээ “Цуст маршалын хамт “ардын” Монголын нэг бүтэн эрин улиран одов: тэрээр монголчуудын уламжлалтай бага ч гэсэн холбоотой, үндэсний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байлаа. Түүнчлэн тэрээр монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа. Хувьсгалын дараа өсч бойжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, зөвлөлтийн аливаа бүхний базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн-жинхэнэ мангуурагчид засгийн эрх авлаа” гэжээ. Ганц Трипонов бус одоо бус 1960-70 онд олон сайхан орос оюутан-уран бүтээлч найзын монголчуудыг өрөвдсөн өмөөрсөн үгийг сонсож явснаа санахад сайхан байдаг.

Хрущевын сэдлээр Сталины харгислал бузгай нугарч, залгаад Брежневийн аядуу үе үргэлжилсэн урт хугацаанд Ю.Цэдэнбалд Кремлийн зүгээс “Энийгээ ал, түүнийгээ цөл” гэх дарамт зогссон. Чойбалсанг бодвол Цэдэнбалд улс орноо тайван удирдах таатай эрин заяасан билээ. Гэвч өндөр сэнтийд мөнхөрч мунхрах тусам хамтран зүтгэгч нараасаа нэр нөлөө нь өссөн болгоныг “өөрийн сэнтийг булаах нь” гэж хар дарж зүүдэлдэг өвчтэй болж, “Намын дайсан, намын эсрэг бүлэг” гэж 20-30 жил цөлж, араас нь тагнан хавчиж, өтөл настай Лоохуузыг шоронд хатаав. Д.Төмөр-Очирыг ардчиллын босгон дээр хөнөөснийг түүний нууц урт гараар үйлдэгдлээ гэх цуурхал тарсан. Төмөр-Очир ардчилалд амьд үлдвээс хэнд халтай байв? Энэ эгзэгтэй асуултад хариу хайдаг хүн буруугүй агаад тэд цөөнгүй. Энэ шарх яваандаа сэдрэх гэмтэй. Хавтас хэргүүд алга болсон ч хайгаагүй. Нуусан. Төмөр-Очирт сөхөх үнэн мэдээж маш их. Түүний яриа хэнийг чичрүүлэв? Үхэтлээ айсан нөхөд л сэжигтэй.

Москва нүгэл үйлдэхийг Цэдэнбалд тулгаагүйг дахин цохъё. Цэдэнбал Чойбалсанг бодвол өөрийн дураар оодорсон. Нөхдөө буудах шахаанд Цэдэнбал шаналаагүй учраас Маршалаас азтай хүн. Хоёр тавиулын мөс чанарыг одоо хэр судлаагүй нь бидний идэвхгүйнх. Бид үнэнийг тунгааж сургамж авах ач холбогдлыг ухамсарлаагүй бүдүүлгээрээ явна. Сталины цуст нударган дор ажиллаж байсан социалист орны жолоодогчид “ал” гэснийг нь алахгүй бол өөрсдөө өнгөрөх хатуу буулганд зүтгэсэн. Цэдэнбал Сталины дор ажилласан бол Чойбалсан шиг цусанд хутгалдсан гартай үлдэх этгээд байсан нь түүний хамтран зүтгэгч нөхдөө тайван цагт тамласан намтар нотолдог. Дайн самуунгүй энх цагт өөрийгөө шүүмжилсэн нөхдөө цөлсөн. 10-20 жил цөллөгт зовсон нөхдөө уучлаагүй нь цэвдэг зантайнх. Цэдэнбал сайн хүн байсан, харин тойрон хүрээлэгчид нь өөдгүй новшнууд байснаас тэр бээр алдаа гаргасан гэдэг зулгуйч хогнуудтай би яавч эвлэрэхгүй. Цэдэнбалын дутагдлыг дөнгөж цухуйлгамчаа аядсан тойрон хүрээлэгчид насан турш хэрхэн цөлөгдсөн намтар түүний хэн байсныг хэлээд өгдөг. Цэдэнбал хүн шинжгүй аашаараа тойрон хүрээлэгчдээсээ тасархай явжээ гэдгийг Дамба Лхамсүрэн Аварзэд Цэнд Төмөр-Очир Лоохууз Нямбуу нарын золгүй хувь заяа баталдаг.

Ван гүн тайж хувраг сайд дарга сэхээтэн чинээлэг малчдынхаа зуу мянган алтан амины төлбөрт Чойбалсан Монголын тусгаар тогтнол болоод цаашилбал Ар Өврийг нэгтгэхийг наймаалцах гэж халамцуу мөрөөдсөөр яваад Москвад бөөрөө гаргуулсан бол Цэдэнбал Монголыг ЗХУ-тай нэгтгэх, үгүй ядахдаа монголчуудыг өөрийнхөө хоёр хүү шиг оросчлох гэж янз бүрийн башир арга сүвэгчилсээр яваад бас Москвад гэрийн хорионд нас эцэслэсэн. Цэдэнбал эх орноо Орост өгөхийг удаа дараа шаргуу санаархсан хэдий ч энэ үйл явдлыг өөрийн гараар үйлдэж төвдсөнгүй. Түүхэнд тийм баримт үлдээх нэгд Кремлийн тагнуул гэдгээ тодруулна, хоёрт орос эхнэртэй түүнд зохимжгүй. Оросууд ч үүнээс тойрохыг хичээсэн. Тэгээд энэ нүглийг тэр үед Москвад суралцаж байсан 6 гэнэн оюутнаар үйлдүүлэх гэж тэднийг “Чойбалсан Цэдэнбал хоёрт” хаягласан захидал бичүүлэхийг Цэдэнбал Приходов хоёр зохион байгуулав. Приходов нь МАХН-ын, хэрэг дээрээ Цэдэнбалын хувийн зөвлөх байлаа.

Москвад сурч байсан 6 оюутан нь Авирмэд Бадарч Галбадрах Дүгэрсүрэн Төмөр-Очир Цэнд нар. “Энэ бол Цэдэнбалын цэвэр явуулга байсан” гэх дурсамж үлдээхээ тэд умартсангүй. Д.Дамба нүдээр үзэж чихээр сонссоноо дурссан нь: нэг удаа Цэдэнбалын тасалгаанд Чойбалсан орж ирээд захидал бичсэн хүмүүсийн талаар ууртай мэдэгджээ. “Энэ чинь буруу. Монгол дөрвөн улсын хэлэлцээрийн дагуу тусгаар тогтносон улс болсон” гэж Маршал хатуу зэмлэсэн гэжээ. Гэвч Монголыг Орост наах Кремлийн шинэ тагнуул-Цэдэнбалын хүсэл мохсонгүй. Маршалын өөдөөс “Нэгдлээ гэхэд монголчууд үндэстний хувьд үгүй болохгүй, ард түмэн түүний үндэс нь үлдэнэ” гэв. Чойбалсан “Үндэстэн гэж бий, бас Улс үндэстэн гэж бий. Монгол хэдэн зууны турш тусгаар тогтносон Улс байсан юм. Битгий дураараа дургицгаа” гэж загнажээ.

Маршалын байр сууринаас үүдээд “Улсаа худалдах” осолтой тоглоомонд урхидуулах мулгуу халх Цэдэнбалд олдоогүй бөгөөд эцэст нь Приходовтой зөвлөснөөр Цэдэнбал Зөвлөлтийн удирдлагад өөрийн гараар бичихээс аргагүйд хүрчээ. 36 хуудас нууц захидалдаа Цэдэнбал Чойбалсанг залуусыг (өөрийгөө) дэмждэггүй гэж матахаа орхисонгүй. Хэд хоногийн дараа ням гаригийн амралтын өдөр Улаанбаатар орчмын ойд Чойбалсан олон хүний дунд байхдаа “Маргааш өдрөөс эхлээд би улс орны удирдлагыг залууст шилжүүллээ” гээд Зөвлөлтийн удирдлагад илгээсэн Цэдэнбалын нууц захидлыг иш татаж хуучин шинэ тавиулын хаврилдаан хурцадлаа. Нууц захидал яагаад түүний гарт оров?

Догсом 1939 оны долдугаар сарын 9-ний бямбад ажил тарсны дараа Богд уулын амны зусланд гэртээ ирээд яармаг дахь наадмын бэлтгэлтэй танилцахаар явах зуурт “Ажил гарлаа. Ажил дээрээ хурдан ир” гэж Чойбалсан утсаар дууджээ. Догсомыг Засгийн газар ирэхэд маршалын жолооч Сэнгэдорж Догсомын жолооч Адилбишид ярьсан нь:

-Маршал Зөвлөлтийн элчин сайдын яаманд очиж их удсан. Эргэж ирэхдээ царай нь бараатан санаа алдаад байсан гэжээ.

Догсом Чойбалсангийн албан тасалгаанд орсон. Тэнд ЗХУ-ын элчин сайд Иванов сууж байв. Догсомыг тэнд шууд баривчилсан бөгөөд түүнийг 2 жил Чита, Москвад эрүүдэн тамлаад 1941 оны долдугаар сарын 8-нд хаалттай шүүх хуралдаанаас Орос хуулийн дээд хэмжээ өгч мөн сарын 27-нд цаазалжээ. Дээр дурдсанаас ургуулан бодохуй Догсомыг устгах сэдлийг муу нэрт Маршал гаргаагүй ч юм шиг. Чойбалсан баривчлагдаж буй Догсом хоёр нууцаар (арынхаа өрөөнд гэдэг юм) Монголынхоо тусгаар тогтнолыг хэдэн аавын хүүгийн амиар тогтоох юм бэ гээд хоёул тэврэлдэн уйлалдаж байсан домог ард түмний дунд тэр үед тархсан ч ган бат найрамдлын салхинд олны ой санамжаас арчигджээ. Чойбалсан Догсом хоёрын нулимс Хятадын нэг муж болохгүйн тулд хэдэн аавын хүүгээ улаан Орост золиослох юм бол хэмээсэн арга нь барагдсан нулимс уу? Тэгвэл тэд бүх учрыг яс махандаа ойлгож явжээ. Кремлийн Монгол дахь хамгийн том туршуул Чойбалсан Догсомыг устгах ээлж ирснийг сонсоогүй явсандаа тулгамдсан нь тодорч байна. Тийм бол Монголд Чойбалсангаас илүү итгэгдсэн тоглоомын шинэ этгээд гарч ирсэн юм биш үү? Өөрөөр хэлбэл 1938 онд Кремльд Цэдэнбалтай ганцаарчилсан уулзалтаас хойш нэг жилийн дараа Улсын бага хурлын дарга Догсомыг баривчлах шийдвэр, өдрийг Чойбалсан сонсоогүй явсандаа цочирдсон болтой.

Өдгөө цагаадсан Догсом КГБ-гийн ирээдүйн гол туршуулаар томилогдсон Цэдэнбалын анхны туршлагын туулай болсон ч нотлох баримт хойч үеийнхэнд яахан үлдээх билээ. Ямар ч атугай Догсомыг зайлуулах нууц ажиллагаанд Монгол талаасаа нэг бол Чойбалсан нөгөө бол Цэдэнбал эсвэл хоёул оролцох ёстой. Нэг нь Зөвлөлтийн элчингээс гэнэт сонсоод балмагдаж байдаг. Тиймээс хоёр дахь этгээд-Цэдэнбал элчин Ивановтой тохиролцсон уу эс бөгөөс Монголыг УЛС гэж тоодоггүй Москва хоёр туршуулынхаа алинд ч мэдэгдэх шаардлагагүй гэж бардамнав уу? Догсом уг нь зүгээр нэг феодал бус Улсын бага хурлын дарга шүү дээ. Монгол тусгаар улс шүү юм байна даа хоёр тавиулдаа ЗХУ хэлмээр сэн. Энэ талаар үлдсэн баримт болох Чойбалсан Догсом хоёрын жолооч нарын ярианаас үзхүл Чойбалсан Догсомын баривчилгаанд их цочирдсон нь хачирхалтай. Олон андаа оросуудтай үгсэн хөнөөж дөжирсөн байх ёстой увайгүй Маршал Догсомын баривчилгаанд яагаад сандрав гэвэл нэгд Догсомын баривчилгааны талаар элчин Иванов Чойбалсантай урьдын жишгээр тохиролцоогүй болохоор Цэдэнбалтай шивнэлдсэн байх талтай. Хоёрт Кремлийн шинэ тавиулын хоёр дахь туршлагын туулай Маршал өөрөө болох цаг дөхсөн мэт. Кремлийн чонон авирыг сайн мэдэх Чойбалсан Цэдэнбалаас айсандаа өмдөндөө шээс алдаа биз. Шинэ бөгөөд залуу бас дээр нь хүргэн хүү тавиултай болсон Москва цусанд хутгалдсан Маршалаас дэлхий дахины өмнө ичихдээ салахын түүс болж, түүнийг Кремлийн эмнэлэгт бөндийлгөхийг Чойбалсан мэдсэн ч юм шиг. Чойбалсан хагалгааны орон дээр битгий алаач гэж мөргөсөөр, Цэдэнбал гэрийн хорионд нутагт минь буцаагаад өгөөч гэж уйлсаар хоёул гэмшилдээ хахаж үхсэн. 

Хахир хурмастын хяхуу бүрэн цэлмэх яагаа ч үгүй янзтай.

Ц.Доржготов

Эх сурвалж: baabar.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen