Жил хүрэлгүй “жинхэлсэн” стратегийн түншлэл

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн өдрүүдэд АНУ-д айлчилж, манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тус улсын Төрийн тэргүүний хамт тунхаглаад ирлээ. Ингэснээр Монголын хувьд АНУ стратегийн түншлэлтэй тав дахь орон боллоо. Манайх 192 улстай дипломат харилцаа тогтоогоод буй. Тэдгээрээс хүрч болох хамгийн дээд түвшний харилцаатай улс ийнхүү тав боллоо гэсэн үг. ОХУ-тай 2006, Японтой 2010, БНХАУ-тай 2011, БНЭУ-тай 2015 онд харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэснийг тунхаглаж байв. Харин БНХАУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг “иж бүрэн” гэх үг тодотгодог. 2014 онд тус улсын дарга Си Зиньпин манайд айлчлах үеэр гаргасан хамтарсан тунхаглалаар үүнийг баталгаажуулсан түүхтэй.

Тухайн үед Монгол Улсаас БНХАУ-д сууж асан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар уг айлчлал, тус улстай тунхагласан харилцааны тухайд “Иж бүрэн гэдэг нь олон улсын харилцаанд аливаа улсуудын хоорондын харилцааны түвшинг харуулна. Бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэсэн үг. “Стратегийн” гэхээр урт, тогтвортой хугацаанд харилцаагаа хөгжүүлэхийн нэр. Иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоохдоо Монгол Улс зөвхөн Хятадтай харилцаагаа бүх салбарт өргөжүүлж тэлэхээс гадна тус улсын нутгаар дамжин транзит тээврээр бүс нутгийн болон гуравдагч орнуудад бараагаа гаргахаар тохирч чадлаа” хэмээн тайлбарлаж байсныг энд тэмдэглэе. Сонирхуулахад, ирэх сарын эхээр тэмдэглэх Халхын голын ялалтын 80 жилийн ойн үеэр ОХУ-тай мөн иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаар төлөвлөж буй юм билээ. Манай Төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчийг тус ойн ёслолыг тохиолдуулан айлчлахыг удаа дараа урьж буйн хамгийн том шалтгаан энэ бололтой.

“Стратегийн түншлэл” гэх энэ ойлголт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг илэрхийлэх олон улсын стандарт, хэмжигдэхүүн болохыг харгалзах учиртай. Өөрөөр хэлбэл, бараг 200 орчим улстай дипломат харилцаа тогтоочихоод энэ, тэр оронтой л стратегийн түншлэлийн түвшинд холбоо тогтооно гэж дан ганц бид шилж, шийддэггүй гэсэн үг. АНУ-ын хувьд манайх стратегийн түншлэлийн харилцаатай 17 дахь орон болсон байх жишээтэй. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа эн тэргүүнд хоёр хөрштэйгөө харилцаа, хамтын ажиллагааг бүх л салбар, түвшинд хөгжүүлэхээр тусгасан манай улс одоо л ОХУ, БНХАУ-ын аль алинтай нь иж бүрэн стратегийн түншлэл ярих гэж байна. Тухайлбал, 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан Москвагийн тунхаглалаар Монгол, Оросын харилцаа стратегийн түвшинд хүрснийг зарласан бөгөөд эдүгээ 13 жил өнгөрчээ.

Харин АНУ-ын хувьд ердөө жил хүрэхгүйн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг нотолж байв. Харилцааны иж бүрэн түншлэлийн түвшин стратегийнхад хараахан хүрэхгүй ч нийгмийн бүх салбарт хамтран ажиллах хэлбэр. Өдгөө манайх БНСУ, ХБНГУ, БНТУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай. 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Турк улсад айлчлах үеэр хамтарсан мэдэгдэл гарган, дээрх харилцааны түвшинг зарласнаас хойш хэдийн 15 жил улирчээ.

Юутай ч өрнө, дорнын өндөр хөгжилтэй улс орнуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өнөөгийн Ерөнхийлөгч алдуулсангүй. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга стратегийн түншлэлдээ тулгуурлан, хоёр улсын эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцлоо. Тэрбээр “Монгол Улс нь АНУ-ыг худалдааны

чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалттай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэг байгаа” хэмээн удаа дараа дурдаж явсан юм. Үнэхээр ч 2018 оны байдлаар манай улсын нийт худалдааны эргэлтийн 1.7 хувийг АНУ эзэлж байгаа нь нэн чамлалттай үзүүлэлт. Үүний хүрээнд АНУ-ын Конгрессын гишүүн Тэд Иохо нарын 40 гаруй гишүүний өргөн мэдүүлсэн Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлуулах талаар олонтоо хөндөв. Ямар сайндаа л Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнөх бүх Ерөнхийлөгч айлчлахдаа уул уурхайн талаар л ярьдаг байсан бол энэ удаа ноос, ноолуурын салбарыг түлхүү хөндсөнөө онцолсон байх вэ. 

Ноос, ноолууран бүтээгдэхүүнд ногдуулж буй 5-8 хувийн татварыг тэглэх талаар тус төсөлд тусгасан юм. Дэлхийн түүхий ноолуурын 40-50 хувийг үйлдвэрлэж байгаа ч үүнийхээ дөнгөж 10-15 хувиар эцсийн бүтээгдэхүүн хийж, экспортлодог манай улсын хувьд олон улсын хамгийн том зах зээл АНУ-д татварын таатай нөхцөлөөр бараагаа нийлүүлнэ гэдэг сайхан боломж. “Говь” компани гэхэд л жилд хоёр сая бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд энэ хууль батлагдвал зөвхөн АНУ-ын зах зээлд нэг саяыг борлуулах боломжтой гэж тооцож байгаа аж. Мөн уг хуулийн нөлөөгөөр манай улсад 30-40 мянган ажлын байр нэмэгдэх тооцоо бий. Одоогоор энэ салбарт 10 мянга гаруй хүн ажиллаж байна. Эл хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн төлөөлөл ч манай Ерөнхийлөгчтэй уулзаж, энэ чиглэлд эрчимтэй ажиллаж буйгаа дуулгасан байна лээ. Тухайлбал, тэд саяхан Ерөнхийлөгч Трампын багийнхантай уулзаж, хуулийн төслийнхөө талаар ярилцсан юм байна. Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлал цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй буйгаа ч илэрхийлжээ.

Тус айлчлалын хүрээнд АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд ерөнхий прокурор Уилльям Барр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Уулзалтад Монголын талаас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцов. Хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцаж, боловсон хүчнээ сургахаар хэлэлцэн тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцын тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй, хурдан шуурхай ажиллаж, манай талд туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ нь Монгол, Америкийн прокурорын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан төдийгөөр үл хэмжигдэх айлчлал болсныг талууд тэмдэглэж байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг, АНУ-д саатуулагдаад буй С.Төмөрбатыг буцаан авчрах талаар эрх зүйн туслалцааны хүрээнд эхлүүлсэн ажилд ч ахиц гарна гэж найдаж буй.

Б.Номин

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen