ТОСК цоожтой хэвээр үлдэж, дараагийнх нь бий болох уу

ТОСК гэж байгууллага саяхныг хүртэл олны анхаарлын төв байсан. Хэрэгжүүлж байсан Буянт-Ухаа 2 хорооллын төслийг нь НОСК-д шилжүүлж өгснөөр байгууллагынх нь хаалга ч түгжээтэй, ажин түжин байх хэмжээнд хүрчээ.

Энэ байгууллага цаашид хэрхэх бол, цоожтой хэвээр үлдэх үү, эсвэл төр өмчөө захиран зарцуулахын тулд өөр арга хэмжээ авах уу. ТОСК-ийн тавьсан өрийг хэн төлөх вэ гээд олон асуудал үүсч байна.

ТОСК Худалдаа хөгжлийн банкнаас 355.5 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Түүнээс 257.5 тэрбум төгрөг үлдсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 1-нд төлж барагдуулж дуусгана гэсэн байдаг. Үндсэндээ Хөгжлийн банкны эрсдэлтэй зээлдэгчдийн нэг. Энэ тухай нь Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн шалгалтын үеэр ил болгон зарласан.

Угаасаа тус байгууллагыг их хэмжээний өртэй байна гэдгийг одоогийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй ажлаа авсныхаа дараа буюу 2016 онд хэлж байсан. Тэрбээр “Эргээд ажил авахад хуримтлагдсан маш олон асуудал байсан. Тухайлбал,“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил дуусч, хүмүүс байрандаа орсон ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /ордер/ нь гаралгүй жил гаруйн хугацаа өнгөрч, хүмүүсийг хүлээлгэсэн, хүндрэл үүсгэсэн байсан. Үүнээс болоод иргэдэд ихээхэн хохирол учраад байна. Ялангуяа гэрчилгээ удсанаас болоод банкны зээлийн шийдвэр цуцлагдахад хүрсэн байгаа юм. Иймд иргэдийн зээлийн шийдвэрийг хэвээр нь хадгалаач гэсэн хүсэлтийг банкуудад хүргүүлээд байгаа. Мөн айлуудын ордер эхнээсээ Хөгжлийн банкны барьцаанаас гарч эхэлсэн. Манайх Хөгжлийн банкинд их хэмжээний өртэй байгаа нөхцөлд бид асуудлыг богино хугацаанд шийдэж чадсанаараа амжилттай ажиллалаа гэж хэлж болно. Хөгжлийн банкны төлбөрүүдийг бууруулах боломжийг эрэлхийлж, тодорхой хэмжээний эргэн төлөлт хийж байгаа. Ний нуугүй хэлэхэд намайг ажил авахад ТОСК-ийн санхүүгийн байдал үнэхээр хүнд байсан. Урт болон богино хугацааны их хэмжээний өр угтсан. Данс нь хоосон, ажилчиддаа тавих цалингүй, төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх шийдэлгүй байв. Тиймээс хуримтлагдсан олон асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна.” хэмээсэн байдаг.

Түүнээс хойш тэд “Буянт-Ухаа 2” хороолллын 972 айлын орон сууцаар мөн ч их цаг хугацааг өнгөрүүлсэн. Төсөл нь дууслаа иргэдээ сонгон шалгаруулах л үлдлээ хэмээж байсан.

Харин Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат өнгөрөгч 5 дугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан “Төрийн орон сууцны корпораци”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан байдаг. Түүгээр “Буянт-Ухаа-1” хорооллын 1764 айлын, “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 1,620, Архангай 120, Увс 105, Дархан-Уул 189, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 126 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Гэвч тус компанийн удирдлагын алдаатай шийдвэрээс үүдэн орон сууцны борлуулалтын орлогоор зээлийн эргэн төлөлтөд хийхээс зайлсхийж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлсэн. Ингэхдээ хэрэгжүүлэх төслөө дутуу тооцсоны улмаас  “Буянт-Ухаа-2” төслийн хоёр дахь ээлжийн 972 айлын орон сууц, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Дундговь аймагт хэрэгжиж байсан төслүүд санхүүжилтгүй болж гацсан нь тус байгууллагыг санхүүгийн хүндрэлд оруулсан гэж болно. Мөн “Буянт-Ухаа-1” төслийн борлуулалтын орлогоос бусад компанийн хэрэгжүүлж байсан санхүүгийн үр ашиггүй төсөлд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдлууд ч байгааг аудитын болон бусад шалгалтаар тогтоож, Хөгжлийн банканд мэдэгдсэн.” гэжээ. Мөн “Хөгжлийн банкнаас нэмэлтээр 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж царцсан барилгуудыг дуусгах ажлыг эхлүүлсэн.

Одоогоор Хөвсгөл аймаг дахь 135 айл, Говь-Алтай аймаг дахь 120 айлын барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн ирэх сардаа багтаан Улаанбаатар хотод 972 айлын, Орхон аймагт 315 айлын орон сууцыг барьж дуусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дахин санхүүжилтээр царцсан барилгыг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлсэн нь “ТОСК” ТӨҮГ-ын зээлд үүсээд байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүн гарч эхэлж байна” гэж тайлбарласан байдаг. Түүнчлэн “Өмнөх зээлийг үр ашиггүй зарцуулсан, санхүүгийн хүндрэлд орсон, зээлийн барьцаа хөрөнгө нь банкны шаардлагыг хангахгүй байгаа компанид нэмж зээл олгох ямар ч боломжгүй байсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчигдөх нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газрын тогтоолын хүрээнд 2018 онд “ТОСК”-ийн өмчлөл дэх царцсан барилгуудыг зээлийн төлбөрт тооцож, шилжүүлэн авсан юм. Үүний дараагаар Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт хийж, барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн. Дахиж санхүүжилт хийгдсэнээр нийгэм, эдийн засагт болон Хөгжлийн банк, зээлдэгч ТОСК-ийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна.” хэмээж , тодорхой хуулийн заалтуудтай холбоотойгоор өмчлөлийн асуудал яригдаж байгааг нь ч хэлсэн.

Тэр ч утгаараа НОСК шилжүүлэх тухай асуудал яригдаж, тэр нь ч ёсоор болж, одоо ёстой л бөөн бужигнаан, шоу болж байна.

Гэвч өртэй гэгдээд байгаа ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй өнгөрсөн 3 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ёнд нийт 5,040 айлын “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллын төслүүдийн загварыг танилцуулж байсан. Тэдгээрийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр олгох 500 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн баригдахаар төлөвлөсөн байдаг.

Харин өдгөө ингэж өгсөн зээлээр тань ингэж хороолол барих юм шүү хэмээн, төлөвлөж байсан газар үүд, хаалгаа барих уу гэлтэй таг чимээгүй болж байгааг хэрхэн ойлгох вэ. Салбарын сайд нь хүртэл саяхны хэвлэлийн хурлын үеэр “одоо ч ТОСК-ийн хувьд ямар ч ажил хийх вэ дээ” гэх маягтай хайнгадуухан дуугарч байна билээ. Тэгэхээр их хэмжээний өрөө ч дарж чадахгүйгээр, дампуурлыг нь зарлаж, дараагийн байгууллагын төр төрүүлэх гээд байна уу. Сонгууль дөхсөн учраас иргэдийн хэрэгцээнд тулгуурлан ингэж шоудах нь Хөгжлийн банкны зээл, цаашлаад бондын төлөөсийг төлөх ачааг нэмж буй хэлбэр гэлтэй. Энэ нь эргээд иргэдийн нуруун дээр татвар, татаас болж очих нь тодорхой үлдэх бололтой.

Х.Маргад   

Эх сурвалж: erennews.mn

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen