Малчин өрх дэлхийн хаанаас ч жуулчин авах боломжтой

Жуулчны компаниудын захиалга буцсан тохиолдол одоогоор алга

Монгол Улс дэлхий даяар тэмбүү, сүрьеэтэй гэж зарласнаар энэ зун ирэх гэж байсан жуулчид тийзээ буцааж байгаа тухай хэд хоног шуугилаа. Улс төржүүлж болохгүй эмзэг салбаруудын нэг эрүүл мэндийн асуудлыг дэлхий даяар зарлах нь бүү хэл, хот айл дундаа ч нууцлах нь бий. Захын нэг багийн засаг дарга аймгийнхаа хурал дээр “Манай хотонд өвчин гарсан, бид аян өрнүүлж тэмцэх гэж байна” гэж зарлахын оронд хэл чимээгүйхэн дарж авах арга хайхаа мэднэ. Харин Засгийн газрын гишүүнд энэ хэмжээний ухаан байсангүй нь харамсалтай.

Нэгэнт булайгаа дэлгэж, халдварт өвчний үүр болгож харагдуулсан хойно авчрахаар төлөвлөсөн жуулчдаа буцаалгүй, тооцоолсон орлогоо алдахгүйн тулд яах ёстойг салбарынхнаас тандлаа.

Дэлхийн эдийн засгийн форумаас аж үйлдвэрийн IV хувьсгалыг салбар бүрт өрнүүлэхээр дэвшүүлсэн. Өнөөдөр байгалийн сайхан, өвсний соргог, усны тунгалгийг даган нутагладаг жирийн малчин өрхөд дэлхийн хаанаас ч жуулчин авах боломжийг технологийн дэвшил олгосон. Жуулчин авахын тулд хотоос гарч, малчин болсон залуус нэгээр тогтохгүй нэмэгдсээр байна. Мөн жуулчны компаниудын захиалга буцсан тохиолдол одоогоор алга гэв.

Монгол орныг сонгосон жуулчдын 64 хувь нь нүүдлийн соёл, малчдын аж амьдрал, унаган байгалийн тогтцыг сонирхох гэж ирдэг гэсэн судалгаа бий. гүү барьж айраг исгэх, хурга, ишиг хөнгөлөх, унаганы найр, сумын наадам гээд тэдний ой тоонд багтахгүй сонирхолтой ёс заншлын зах зухаас нь сурталчлахад л жуулчид хэдэн зуун мянгаараа хошуурах юм байна. Тиймээс эрхэм сайдын “улаан тариа” аян энэ цагт өвлөж ирсэн нүүдэлчдийн соёлыг сонирхох хүслийг бууруулахгүй ажээ.

Харин тэднийг хэрхэн авчрах вэ, хаана байрлуулах вэ, ямар унаагаар үйлчлэх вэ гэдэгт асуудлын гол нь оршдог аж.

2015 онд ирсэн жуулчдын 49 хувь нь тур оператор компаниар зуучлуулж, харин 51 хувь нь өөрсдөө хөөцөлдөж орж ирсэн байдаг бол 2017 онд 56 хувь нь аялал жуулчлалын компаниар дамжуулжээ. Ингэж зуучлуулагчдын 53 хувь нь тухайн улсынхаа тур оператороор, 47 хувь нь л Монголын аялал жуулчлалын компаниар үйлчлүүлсэн байна. Тэгэхээр “еэвэнгийн” талын тал шиг хувь манай улсад ногддог аж. Жуулчны оруулсан нэг төгрөг 80 төгрөг болж үрждэг гэх онолын дагуу энэ нь чамлахааргүй мөнгө болж эдийн засгийг тэтгэдэг мэт. Гэтэл импортын орлогын хэмжээнд авч үздэг гаднын аялагчдын оруулсан мөнгөнөөс 1.7 дахин ихийг монголчууд гадаадад зарцуулчихдаг байна. Хаа хамаагүй баахан гийчин гэртээ уриад, хооллож ундлан, хамаг байдгаа барж, өөрсдөө ядартлаа үйлчилсэн ч үлдэх өгөөж үгүй, ундуй сундуй хоцордог айл шиг болсон Монгол Улсын минь аялал жуулчлалын салбарт төрийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болжээ.

Салбарынхан өнөө маргаашийн хэдэн төгрөгийн ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулахаас өөр хөгжлийн бодлого харж, хэтийн төлөвийг цэгцлэх ажилд оролцож чаддаггүй. Зүй нь үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд нь стандарт тавих төдийхнөөр шинэчилсэн бодлогоо хэрэгжүүлж эхлэх боломжтой. Гэвч тэрхүү нэгдсэн бодлого гэгчийг боловсруулаагүй л байна. “Нэг сая жуулчин авна”, “Түүхэн аялал жуулчлалын төв байгуулна” гэх мэтээр энэ салбарыг хөгжүүлэх гээд байгаа мэт боловч наад захын стандартын ариун цэврийн байгууламжийг ядаж зуун км тутамд барих чиглэл өгөөгүй л сууна. “Замд 00 байхгүй тул зогсохгүй шүү, бага уугаарай” гэх жолоочийн тушаалаар “борц” болтлоо хатаж зорьсон газраа хүрдэг тухай нэгэн хөтөч хуучилсан. Мөн сумын 90 жилийн ойг үзэхээр очсон жуулчин “90 жил хөгжчихөөд модон жорлонгоо солиогүй байгаа нь уламжлал нь юм уу” гэж гайхан асуусан гэдэг. Гаднын жуулчин авдаг газруудын хамгийн түрүүнд хэлдэг бэрхшээл жорлонтой холбоотой учраас энд онцлохоос аргагүй байна.

Төрийн байгууллагуудын хувьд төсөв мөнгө хүрэлцдэггүй гэх ганц үгтэй. Дэлхийн хаана ч байхгүй гурав дөрвөөрөө нэг дор шавааралдан байрласан  ШТС-уудад олон нийтэд үйлчлэх зориулалттай ариун цэврийн өрөө заавал байгуулах нөхцөлтэйгээр зөвшөөрөл олгохоос аялал жуулчлалын бодлого эхэлмээр.

Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилт”-од тусгай хамгаалалттай газар нутагт байрлах жуулчны баазын тоог хязгаарлан зааж, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх, эко жорлонтой байх гэх мэт шаардлага тавьсан. Энэ дагуу баазууд өөрчлөлт хийж байгаа нь сайшаалтай ч “нүглийн нүдийг гурилаар хуурах”-тай ижил, тусгай хамгаалалттай газар нутгийн хил давуулаад хог, бохироо асгах үзэгдэл их болжээ.

Энэ бэрхшээлийг технологийн аргаар шийдэх олон хувилбар бий. “Нутгийн шийдэл” ТББ-ын “Жорлонгоо өөрчилье” хөтөлбөрийн стандартыг ОХУ-д мөрддөг. Мөн АНУ-ын Калифорнийн их сургуульд нарны энергиэр бохир задлах технологи нэвтрүүлж байна.

Аялал жуулчлалын салбарт тулгамддаг ганцхан асуудлыг бичихэд л ийм. Монголд ирсэн жуулчдын хувьд дунджаар ес хоногт 1,463 ам.доллар зарцуулдаг ба энэ нь 2015 онд Монголбанкнаас хийсэн судалгааны дүнгээс 18%-иар буурсан үзүүлэлт аж. Тэд, нислэгийн төлөвлөгөө гэнэт өөрчлөгддөг, хүрэлцээгүй, үйлчилгээний газруудын стандартыг сайжруулах, нийтийн тээврийн мэдээллийн нэгдсэн төвтэй байх, угаалгын өрөө, хогийн сав хангалттай байрлуулах гэх мэт саналаа үлдээгээд “Монголд дахин ирнэ” гэсэн /89 хувь нь/ сэтгэгдэлтэй одсон байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen