Сонирхолтой түүх: Өнөөдөр Шайо голын алдарт тулаан болж байжээ

1241 оны энэ өдөр Байдар, Хайдан нар Легницийн дэргэд II Генри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж байсан тэр өдөр Мажарын IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын эргийн дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу байрлаж, хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ.

Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна. 

Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Герольд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь их эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүндээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ.  “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.

Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ.

Монголчууд 4 сарын 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.

Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.

Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолсныг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.

Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.

Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишигтэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.

Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт" хэмээн дүрслэн бичжээ.

Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв. ...Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”...

Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн Монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ.Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.

IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ.

Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.  

Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.

Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг.

Сэтгүүлч Б.Номинчимэдийн түүхэн уран сайхны нийтлэлийн хэсгээс

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen