Цагаан сар ба эдийн засаг

Монгол түмний уламжлалт баяр "Цагаан сар" айсуй. Өнөө маргаашгүй тулчихаад байгаа цагаан сар эхэлчих гээд айл болгоны хүн бүр хөдөлгөөнд оржээ. Үүр цүүрээр мод түлээгээ бэлтгээд л, тооноор  нь цонхоор нь гэрэл улалзаж, салхины дээрээс чанаж буй боов боорцог ууц, өвчүүний үнэр  ханхлаад л... 

Эдийн засгийн хямралтай үед цагаан сарыг даруухан тэмдэглэе гэсэн уриалга гаргаад байгаа. Бие биедээ бэлэг тараахаа больё, үнэтэй ууцнаас татгалзъя гэж байгаа хэдий ч цаг нь тулахаар энэ бүхэн худал болж, Монголчууд уламжлалт баяраа тэмдэглэхээр байгаа бүхнээ шавхдаг нь нууц биш. 

Тиймээс иргэд уламжлалт баяраа ёс төртэй тэмдэглэх гэж бэл нимгэн ч чадлаараа зүтгэж, бэлтгэж, сар шинээ угтдаг. Банкинд үүссэн дараалал бизнесмэнүүдийн хэтэвчийг л зузаатгах гэж байгаа хэрэг шүү дээ. Бэлтэй, чинээлэгтээ ахмадууд бие биеэсээ өрсөн банкинд дараалал үүсгээгүй гэдгийг хэнбугай ч мэднэ. Тэтгэврийн зээлээ авч, угтан ирж байгаа Сар шинийнхээ идээ цагааг бэлтгэх гээд нойр нь эс хүрэн, даралт нь ихсэн тэвдэцгээж байна. Ядаж байхад тэтгэвэр тэтгэмжийг нь хэдэн хувиар нэмэх гээд байгаа нь тодорхойгүй.

Ингээд бодохоор үргэлжилсэн энэ баяраар наймаачид, цаашлаад бизнесмэнүүд халаасаа түнтийлгэн, цулайдаг байлтай. Гэтэл хараад байхад тэдэнд ашиг орлого нь нэмэгдсэн царай даанч байхгүй. “Итгэлт баян” шиг бэлтэй загнах бизнесмэнүүд тун ховор харагддаг. Тиймдээ ч бизнес нь дэвжиж дээшилдэггүй юм болов уу, бүү мэд. Бараа таваарын үнэ өссөн ч иргэд худалдан авалт хийсээр л байгаа. Тэгэхээр наймаачдын бэл зузаарч амьжиргаа дээшилмээр л санагдах юм, энгийн ухаанаар. Цаашлаад бизнесийн нарийн ширийн аргыг мэдэх биш. Манай наймаачид ч “авбал ав, байвал бай” гэдэг зангаа гээж, нэг үеэ бодвол бизнесийн ухаанд суралцаад л байгаа.

Сар шинийн баяраар дээл, гутал, малгай гээд өмсгөл зүүлт, хорхой ааруул, хэвийн боов, хонины ууц гээд ширээн дээр тавих идээ ундааг бид дотоодын бараагаараа бэлдчихнэ. Манай улсын мал сүргийн тоо жилээс жилд л өсөн нэмэгдсээр хүн амаасаа 15 дахин их өссөн сайхан мэдээтэйгээр шинэ оныг угтлаа. Мал дагаж ам тосдоно гэдэг болохоор малчид ч мах, сүү, цагаан идээ талдаа санаа зовдоггүй байх аа, хотын биднийг бодвол. Харин тэр сайхан  мал сүргийн буян хотын бидэнд даанч хол, тэнгэрээс од шүүрэх адил болох юм. Манай улс мал ихтэй ч махны үнэ нь байнга тэнгэрт хадаж байдаг хойно. Эдүгээ сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд "мах магнаг боллоо, үнийг нь буулга" гэж хашгираад ч нэмэргүй.

Ууцны мах, ул боов, цайны сүү, цагаан идээ, бууз, баншаа бэлтгээд нэг амьсгаа авна. Дахин зочиддоо өгөх гарын бэлэг авах гэж худалдааны төвөөр бараа таваарын үнэ, чанар хоёрыг нь шалгаж явсаар өдрийг барна. Удахгүй “Мишээл экспо”, Мэдээлэл, технологийн парк, “Аса” цирк дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана биз.

ЖДҮ-үүд  хөгжиж, Монголд үйлдвэрлэв гэх шошготой бараануудыг ч өрөх байх аа. МАХН-ын дарга  Н.Энхбаярын баривчлагдахдаа өмссөн байсан бор оймс ч  “мода”-нд орж  дээшээ харсан амтай, хүнд бэлэглэхэд дайжгүй л эд гээд солилцоод байсан.  Энэ жил бэлэг бэлгийн дээдийг юу чимэх юм бүү мэд.

Ямартай ч иргэд энэ жил эдийн засаг хямралтай байгаа ч Монголынхоо уламжлалт баяр цагаан сараа сайхан хийнэ ээ хэмээн ярилцаж байна. Идээ ундаа элбэг байвал тэр жилдээ элбэг сайхан амьдардаг гэсэн амны билгээ дээдэлсэн Монголчууд цагаан сарынхаа бэлтгэлийг базаагаад эхэлжээ.

Б. Учрал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen