Марксизм ба чөлөөт зах зээл

Марксизм ба чөлөөт зах зээл

 

Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний амьдрал, бүтээлийг товчлон харуулсан Дийтмар Датын “Карл Маркс” нэртэй номыг Удирдлагын академийн дэд профессор, доктор О.Цэрэнчимэд немц хэлнээс саяхан хөрвүүлж монголын уншигчдад толилуулжээ. Номын орчуулагч, нийгэм судлаачид, төр засгийн өндөр албан тушаал хашиж буй, хашиж байсан олон эрхмийг оролцуулан ХБНГУ-ын элчин сайд Стефан Дуппелын санаачилгаар 2018 оны 12-р сарын 5-нд зохион байгуулсан сонирхолтой хэлэлцүүлгийг хөтлөх үүрэг надад ногдов.

Монгол улсын түүхийн бараг далаад жил К.Марксын онолтой шууд холбоотой учир түүний онол, үзэл санааны гол нь юу байсан, яагаад түүний онолоор замнасан маш олон улс орнууд эцэстээ дампуурсан, ер нь өнөөдөр дэлхий дахинаа тулгараад байгаа гол гол асуудлыг шийдэхэд ямар нэмэртэй болох тухай энэ хэлэлцүүлэг дээр ярилцав.

КОММУНИЗМЫН ХИЙ ҮЗЭГДЭЛ

1848 онд Англид бичиж хэвлүүлсэн, К.Маркс, Ф.Энгельс нарын “Эв хамт намын тунхаг бичиг” гэх бэсрэг товхимол “Хий үзэгдэл - коммунизмын хий үзэгдэл Европоор тэнэж явна” гэж эхэлдэг. Хүн төрөлхтний хөгжилд хамгийн их нөлөөлсөн гэгдэх энэхүү улс төрийн баримт бичигт “бүх нийгмийн түүх бол ангийн тэмцлийн түүх” гээд, капитализм яваандаа коммунизмаар солигдоно гэдэг.

Хорин жилийн дараа К.Маркс алдарт “Капитал” зохиолдоо капиталист нийгмийн хувьд энэ тэмцэл нь хөдөлмөрөө мөлжүүлж буй ажилчин анги, үйлдвэрлэлийн хэрэгслийн эзэн капиталист ангийн хооронд үүснэ гэжээ. Тийм учраас энэ тэмцэл үйлдвэрлэлийн хэрэгслийг аль нэг хүн биш, бүх нийтээр эзэмших хүртэл өрнөснөөр дараагийн нийгэм буюу коммунизм бий болно гэжээ.

Энэ онолыг амьдралд хэрэгжүүлэх ажил 1917 онд Орос улсад В.Лениний удирдлагаар эхлэв. Оросын “большевикууд” хаанаа буудан алж, коммунист намын удирдлагын дор ажилчин ангийн диктатур тогтоож, хувийн хөрөнгийг хураан нийтийн болгож, тариачдын газрыг нэгтгэж хамтралынх болгов. Орос төдөлгүй аймшигт өлсгөлөнд нэрвэгдэв. Дэлхийн II дайны дараа коммунизм хүрээгээ тэлж зүүн Европын, Азийн олон оронд тархлаа.

1980-аад оны сүүлээр социалист гэгдэх эдгээр орнуудын эдийн засаг, улс төрийн систем бүрэн дампуурав. Олон хүн хэлмэгдэж, барууны орнууд руу дүрвэж байлаа. Улс төрийн дарангуйллын коммунист туршилт дэлхий нийтээр зуугаад сая хүн, түүний дотор Хятадад 65 сая, Орост 25 сая, Монголд 40 мянган хүний амийг авч одсон ажээ.

Үйлдвэрлэлийн хэрэгслийг капиталистуудаас хүчээр хураан авч, нийтийн эзэмшилд коммунизм бий болдоггүй ажээ. Аль ч улс орны хөгжлийг хувийн өмч, чөлөөт зах зээлгүйгээр төсөөлөх боломжгүй гэдгийг түүх батлав. Коммунизм үнэхээр, аймшигт хий үзэгдэл ажээ.

КАПИТАЛИЗМЫН ДОТООДЫН ЗӨРЧИЛ

Коммунизм системийн хувьд нуран унасан ч тодорхой улс орнуудад нийтийн өмчтэй, эв хамт нийгэм байгуулах үзэл санаа эдүгээ бүрэн алга болоогүй л байна. Хойд Солонгос, Куба, Венесуэл зэрэг арваад оронд энэ туршилт үргэлжилсээр байна. Олон сая хүн дарангуйлагчдын атганд, үг хэлэх эрх чөлөөгүй, ядуу тарчиг амь зууж байна.

Марксын тайлбарласан үйлдвэрлэлийн хэрэгслийн эзэд болон тэдэнд ажиллаж буй хөлсний ажилчдын хоорондын тэмцэл 21-р зуун гараад хурцдах хандлагатай боллоо. The Economist cэтгүүлийн 2016 оны судалгаагаар Америкийн залуучуудын хагасаас илүү нь капитализмыг дэмжихгүй байна. Капиталист нийгэмд иргэдийн орлогын зөрүү улам өссөнөөр ядуурал буурахгүй байна.

Францад болж буй “шар хантааз” хөдөлгөөн үүний тод илрэл юм. Шатахууны үнийг нэмэх шийдвэрээ Засгийн газар нь цуцалсны дараа ч энэ хөдөлгөөн өргөжсөөр Ерөнхийлөгч Э.Макроныг огцрохыг шаардаж байна. Босогчид амьдралын зардал улам өсөж, нийгмийн дунд, доод давхарга улам бүр ядуурч, төрийн зардал, тансаглал томорсоор, түүний хэрээр татвараа нэмэх болсныг эсэргүүцэж байна.

Француудын 75 хувь нь энэ тэмцлийг дэмжиж байгаа ажээ. Аргаа барсан Ерөнхийлөгч Э.Макрон 2019 оноос эхлэн сарын цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэхээр болов.

2013 онд Францын эдийн засагч Томас Пикетти (Thomas Piketty) “XXI зууны Капитал” гэх номоо гаргасан нь нэлээн шуугиан тарьж байна. Тэрээр дэлхийн хөгжлийн гурван зуун жилийн өгөгдлийг судлан орлогын тэгш бус байдал эрчимтэй өсч буй, Марксын капитализмын зөрчлийг тодорхойлсныг үнэн болохыг баримтжуулжээ. Тэгш бус байдал өсөх нь жам ёсны үзэгдэл учраас Пикетти өсөх шатлалттай татварыг санал болгожээ. Гэвч Францад өндөр орлогоос 50 хувиас илүү татвар авч байгаа учир баячууд нь өөр улсын иргэншил аваад, бага татвартай оронд хөрөнгө оруулалт хийх болжээ.

Германд өндөр болон бага орлогын ялгааны үр дагаврыг бууруулах, гарааны ижил тэгш нөхцөл олгохын тулд боловсролыг бүх түвшинд нь үнэгүй олгох болсноор ядуу айлын хүүхдэд ч амжилтад хүрэх боломж олгож иржээ. Төрөхдөө витамины дутагдалтай хүүхэд өсөхдөө оюун ухаан, бие бялдрын хөгжил дутуу байдаг учир барууны орнуудад бүх жирэмсэн эхчүүдэд төлбөргүй витамин тарааж байна.

КАПИТАЛИЗМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР

Капитализм бол чөлөөт эдийн засгийн систем бөгөөд зөвхөн энэ систем хүн төрөлхтний түүхэнд хамгийн их баялагийг бүтээж, харьцангуй хамгийн олон хүний амьдралыг дээшлүүлсэн юм. Улс төрийн ардчилсан систем тогтсоноос хойш хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүнд улс төр, эдийн засгийн эрх чөлөө олгож чадсан юм.

Энэ системийн оршин тогтнох үндэс бол хувийн өмчид тулгуурласан чөлөөт зах зээл, өрсөлдөөн. Төр бол иргэдийнхээ өмч хөрөнгө, эрх, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Иргэд чөлөөт зах зээлд итгэхгүй, чөлөөт өрсөлдөөн алга болж эхэлвэл энэ систем хямралд ордог. Төр засаг нь хэт их томорч, чөлөөт өрсөлдөөн суларсны улмаас эдийн засаг, нийгмийн хямрал тохиоход системд түүхэн засвар хийж ирсэн юм. Үүнд 80-аад онд Англи, АНУ-д хийгдсэн М.Тэтчэр, Р.Рейганы шинэчлэлийг дурдаж болно.

Харин энэ удаа 21-р зууны хориод онуудад капитализмын их засварыг гурван чиглэлээр хийж зах зээлийн чадварыг сэргээхийг The Economist сэтгүүлээс санал болгожээ (November 15, 2018. p.13). 

Эхлээд, дата болон оюуны өмчийн эрхийг хамгаалахдаа одоо байгаа эрхээс гадна шинэ бүтээлийг өдөөхөд, юуны өмнө технологийн үйлчилгээ авч байгаа хэрэглэгч өөрийнхөө мэдээллийг хэнд өгөхөө шийдэх эрхийг баталгаажуулах;  

Дараа нь, Засгийн газрууд бизнес эхлүүлэхэд өрсөлдөөний биш заалтууд, тодорхой мэргэжлийн лиценз шаардах, лоббистуудын бэлдсэн олон төрлийн тусгай зөвшөөрлүүд шаардахыг  халах (өнөөдөр АНУ-ын ажиллах хүчний хорин хувь нь мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй. Гэтэл 1950 онд энэ нь ердөө 5 хувь байжээ); 

Эцэст нь монополийн эсрэг хуулийг 21-р зуунд тохируулж өөрчлөх хэрэгтэй байна (монополь давуу талаа ашиглаж хэрэглэгчийн эрх ашгийг хохироож байгаа ямар ч компанийн бизнесийг нь зогсоох) зэрэг болно.

 

Д.Жаргалсайхан

Эдийн засаг улстөрийн бодлогын шүүмж нийтлэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen