Саятан нөхрөө хөнөөлгөсөн ГОО БҮСГҮЙ

Саятан нөхрөө хөнөөлгөсөн ГОО БҮСГҮЙПуэрто-Рикод 13 жилийн өмнө амиа алдсан Канадын залуухан саятныг бүрлэгсэн хэрэг илрэх дөхөж байлаа. Түүний аминд хүрсэн хэргийн ээдрээг тайлахын тулд ертөнцийн нөгөө бөөрөнд хувийн мөрдөгч хөлслөн, Холбооны мөрдөх товчооныхон тусгай ажиллагаа явуулахад хүрчээ.

Гартаа дугтуй барьсан үл таних хүн дээрэм хийх зорилготойгоо нуусангүй. Адам Анханг орчноо харвал шөнийн гудамж хүнгүй, эл хуль байв. Гараа зангидаж байгаад дээрэмчний нүүр рүү цохичихоод “Зугтаа” хэмээн гэргий рүүгээ хашгирлаа. Гэтэл эмэгтэй ер хөдөлсөнгүй. Нөгөө үл таних хүн цаасан уутнаасаа чулуу авахыг сайн харав. Нэг цохитол нөхөр нь зам дээр уналаа. Дээрэмчин түүний дээрээс тонгойсноо хутгаар бүлж гарах нь тэр. Нүүр рүү нь ойртох агшинд Адам Анханг хутгыг булаан авч амжив. Гэтэл алуурчин гартаа бас чулуу олоод барьчихсан байлаа.

Гудамжинд энэ үед хүмүүс гараад ирчихсэн байсан ч хэн ч энэ үйлдлийг зогсоохыг хүссэнгүй. Тэгтэл “Новш минь, чи түүнийг орхиоч” хэмээн хэн нэг нь цонхоор хашхирах нь сонсогдов. Алуурчин үүнийг үл хайхран, Адам Анхангийг чулуугаар цохиж, хутгалсаар байлаа. Тэгснээ сая эрэгтэйг орхиод эмэгтэйн толгой руу цохичихоод гүйж одох нь тэр.

Адам Анханг атаархмаар эр байжээ. Тэрбээр Канадад чинээлэг хуульчийн хүү болж төрсөн, Орос, Их Британид ажиллаж байгаад Пуэрто-Рикод ирсэн аж. Барилгын салбарт бизнес амжилттай эрхлэхийн зэрэгцээ наймаа арилжаа хийдэг нь ч гайгүй орлоготой болгожээ. 32 настайдаа хадгаламждаа 24 сая ам.доллортой болсон байлаа.

Miss Puerto Rico Petite хэмээх тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан Аурея Васкез-Рихос 2003 онд Адам Анхангтай танилцжээ. Саятан залуу түүнд бэлтэй эр шиг санагдалгүй яахав дээ. Хайртай бүсгүйдээ байр, үнэтэй машин авч өгснөөр барахгүй хуримынхаа өмнөхөн нийслэл Сан-Хуан хотын төвд шөнийн клубтэй болгосон аж.

Тэд 2005 оны эхээр хуримаа хийжээ. Эцэг, эх нь хүүгээ еврей эмэгтэйтэй суугаасай гэж хүсдэг болохоор энэ сонголтод нь сэтгэл дундуур байх биз гэж бодсоноос Адам энэ тухайгаа тэдэнд хэлсэнгүй. Эхнэрээ иудейн шашинтай болсон хойно нь эцэг, эхтэйгээ танилцуулна гэж бодож явдаг байв. Хоорондоо байгуулсан гэрээгээр бол Анханг эхнэртээ хоёр жилийн хугацаа өгчээ. Гэтэл энэ гэр бүл зургаан сар ч бололгүй салж сарнихдаа хүрэв. Тэд мөнгөнөөс болж үе үе тар түр хийнэ. Эхнэр нь нөхрөө хардана. Түүнээс гадна нэгэн үзмэрч гэх хүн “Адамыг удахгүй үхнэ” гэж хэлснээс хойш их хачин болсон гэж Аурея хэлэх болжээ. Энэ бүхнээс болж ганцаараа хоцрох, үхэж үрэгдэх, хутга шөвөг гэх мэт аймшигтай бодол толгойноос нь салахаа байснаа найз хүүхэндээ ярих болсон гэдэг.

Тэд гэр бүлийн сэтгэл заслын эмчид очих болжээ. Тав дахь эмчилгээгээ хийлгэсний дараа Анханг түр хугацаагаар хоёр тийш болохыг санал болгов. Тэгэхдээ Аурея Васкес-Рихосд жилд 126-180 мянган ам.доллар өгч байхаар болжээ. Бас иудейн шашинд орох, эсэхээ Аурея Васкес-Рихос бодох ёстой байв. Энэ бүхний эцэст өөр болзолтой гэрээ байгуулж дахин хамтран амьдрах болсон аж. Нөхрийнхөө саналыг сонсоод Аурея инээвхийлж “Яахав, оролдоод үзэж болох л юм. Надаас тийм ч амархан хөндийрөхгүй шүү” гэж хэлжээ.

Тэр оройгоо шөнийн клубтээ уулзаад салах талаараа шөнө дунд болтол ярив. Ярих ч гэж дээ, маргалдсан байна. Тэгээд яриа дуусаж, Аурея хажуугийн гудамжинд байсан машинд нь нөхрөө хүргэж өгөх үед дээрэмчин тааралджээ. Адам гэргийнхээ клубээс хэдхэн алхмын зайд 20 минут хэртэй цусаа урсгаж хэвтсээр, ямар ч тусламж авч чадалгүй амьсгал хураав. Дээрэмчин Ауреяд бараг гар хүрсэнгүй.

Маргааш өглөө нь хэн нэгэн Канадын саятны гэрт орж, эд зүйлийг нь онгичсон байлаа. Ауреягийн эгч нь Адамын хөрөнгө хогшил, муурыг нь авч явснаар барахгүй түүний нэг танил нь талийгаачийн “Порше Кайен” машиныг авахыг оролдсон байна. Бэлэвсэрч хоцорсон гоо бүсгүй цагдаа нартай уулзахаас татгалзаж, дээрэмчний тухай ч, найз нөхөд хийгээд төрөл төрөгсөд нь хачин жигтэй ааш гаргасан талаар ч, хэнд ч, юу ч ярьсангүй.

Иймээс цагдаа нар уг хэрэг явдлыг үзэж, харсан хүмүүсийн эрэлд мордов. Тэгээд олсон гэрч нь тэр шөнө согтуу байсан, дээр нь хараа нь муу ч гэсэн алуурчин нь Ауреягийн шөнийн клубийн зоогийн газарт сав угаагчаар ажилладаг, 22 настай Жонатан Роман Ривера болохыг таньсан аж. Ингээд 2007 оны арванхоёрдугаар сард энэ залууд 105 жил хорих ял оноожээ.

Тэгтэл бас нэг гэрч гараад ирэв. Тэр эмэгтэй өөр хэний ч анзаараагүй нарийн юм ажигласан байлаа. Түүний хэлснээр бол алуурчин Ауреяг цохихоос өмнө түүнтэй хэдэн үг сольсон аж. Хэргийн байдлыг энэ баримт өөрчилж орхих нь тэр. Ингээд Адам Анханг амиа алдсан хэргийн мөрдөн байцаалтыг дахин явуулахаар шийдвэрлэв.

Цагдаа нар Ауреягийн шөнийн клубт мансууруулах бодис наймаалдаг “мэдрэл” хочтой Алекс Пабон гэгчийг сэжиглэж баривчиллаа. Томоохон гэмт хэрэгт оролцсон түүнд, олон хүн дургүй байсан тул ийнхүү баривчлагдсан нь Пабонд завшаан болж амь насыг нь аварсан гэж хэлж болно. Пабон ч огт мэлзсэнгүй, бүгдийг ярьж гарав. Түүний хэлснээр бол аллагыг саятны гэргий өөрөө зохион байгуулжээ. Бүхнийг үгсэн тохирохын тулд Аурея шөнийн клубтээ түүнтэй хоёр ч удаа нууцаар уулзсан байна. Нөхрийг нь буудаж, мөнгө, үнэт эдлэлийг аваад дараа нь өөрийнх нь мөр юм уу, хөл рүү буудахыг энэ эмэгтэй хүссэн аж. Ингэвэл уг аллагыг ердийн дээрэм тонуул гэж цагдаа нар үзэхийн зэрэгцээ өөрөө сэжиглэгдэхгүй гэж тооцоолжээ.

Пабонд зэвсэг байсангүй. Цагдаа нарт баригдана гэж Ауреягийн өгсөн 5000 ам.долларын чекийг авахаас татгалзав. Тэрбээр найзаасаа гар бууг нь түр авах бодолтой байсан ч амжсангүй. Тэгээд хэрэг үйлдэхээр явах замдаа зоогийн газраар орж резинэн бээлий, хутга, цаасан уут авч дотор нь чулуу хийжээ. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татахгүй байх зорилготой байлаа.

Нөхрөө өөрөө дагуулж ирнэ гэж Аурея амлаад хэлсэндээ хүрчээ. Хос хоёрыг гудамжинд гараад ирэхээр нь Пабон араас нь дагахдаа гар утсаар ярьж байгаа хүний байдал үзүүлж явав. Тэднийг Пабон гүйцэж очиход бүсгүй нөхрийнхөө зүг нүдээрээ дохисон байна. Энэ дохиог ойлгож цөхөх юм байсангүй.

Ауреягийн амласан шагналыг Пабон хэдэн сар хүлээв. Гурван сая ам.доллар авна гэж тэр бодож байсан ч төлбөр хийсэнгүй. Аурея болохоор “жаахан хүлээ” гээд байдаг. Гэр бүл болохдоо байгуулсан гэрээгээр бол нөхрөө нас барахад хөрөнгийнх нь гуравны нэгийг авах ёстой. Тэр нь найман сая ам.доллар. Энэ мөнгийг аваад л төлбөрөө өгнө гэж Аурея амласан байлаа.

Аллага үйлдсэнээс хойш есөн сар өнгөрөхөд нөгөө Аурея утсаа ч авахаа болив. Сайхан бүсгүйгээр шалгарч байсан хүүхэн энэ хооронд оргон зайлаад хаа нэгтээ нуугдаж амжсан байна.

“Надад мөнгө хэрэгтэй байна. Идэх уух юм авч, утасныхаа төлбөрийг ч хийж чадахгүй боллоо” гэж Аурея эгчдээ үглэнэ. Саятантай суухын өмнө түүнд 62 мянган ам.доллар байжээ. Хиншүү ханхлаад (хэрэг бишдээд) ирэхээр нь халаасандаа улаан мөнгөгүй тэрбээр Пуэрто-Рикогоос явахаас өөр аргагүй болсон байна. Адамын олон сая ам.доллар эцэг, эхэд нь үлдэв. Тэд хүүгийнхээ хөрөнгийг хуваахыг хүссэнгүй, шүүх ч тэдний талд зогслоо. Ауреяд шүдний оо, үнэртэн ч авах мөнгө байсангүй.

Аурея Италид очихоор шийдлээ. Тэнд амьдрахыг эртнээс хүсэж байсан ч одоо түүний сэтгэлийг өөр зүйл зовоож байв. Пабон бүх үнэнийг нэгэнт хэлчихсэн, Ривераг суллачихсан, гол сэжигтэн Аурея болоод байгаа. Түүнийг шорон хүлээж буй тул Италид очвол нойртой хонож болно. Эндхийн хуулиар цаазлах ялыг хориглоогүй улсад гэмт хэрэгтнийг шилжүүлж өгдөггүй аж.

Италид Аурея ихэр хүүхэд төрүүлэв. Гэргийнхээ хийсэн хэргийн талаар дуулаад хүүхдүүдийнх нь эцэг орхиод явчихжээ. Сүүлдээ ихэр хүүхдээ өөр дээрээ авна гэх болсон аж. Аурея тэндхийн еврей нарын сайн дурын нэг байгууллагад хуурамч бичиг баримт аваачиж өгөөд “Эцэг, эх минь еврей хүмүүс байсан, нөхөр минь автын ослоор өөд болсон” гэж ярьжээ. Тэр байгууллагынхан түүнд тусалж, орон байртай болгож, охидыг нь сүмийн дэргэдэх цэцэрлэгт өгсөн байна. Аурея Израилд цагаачлах талаар бодох боллоо. Адамын эцэг 2009 онд Италид ирэв. Энэ хүн сайхан бүсгүйн тэмцээнд түрүүлсэн хүүхэнд хүрч чадахгүй байгаа Америкийн үнэний шүүхийн лойчихсон байдалтай эвлэрэхийг хүссэнгүй. “Ауреяг Пуэрто-Рикод аваачиж шүүхэд өгөх зорилготой ирсэн” гэж Адамын эцэг нь сурвалжлагчид ярьсан байна.

Милан хотод тэрбээр Фарук гэдэг авхаалжтай сэргэлэн хувийн мөрдөгчтэй тааралджээ. Хоногт 1000 ам.долларын хөлс авч Ауреяг мөрдөн шалгахаар болов. Фарук ажил хэрэг нь ямар байгаа талаар цахим шуудангаар байнга мэдээлнэ. Ауреяг тэр хувийн мөрдөгч Флоренцоос олжээ. Тэнд мань хүүхэн ашигтай, хэрэгтэй танилуудтай болчихсон Паоло Галарди гэгч банкны баян эзнээр ивээн тэтгүүлсэн шиг тун дажгүй амьдарч байв. Аялал жуулчлалын бизнесээ хөл дээр нь босгоход нь Ауреяд банкны эзэн тусалж, Пуэрто-Рикод шилжүүлж өгүүлэхгүй байж.

Аурея өөрийг нь мөрдөж мөшгөөд байгааг нэгэнтээ анзаараад Фарук дээр очоод цагдаад мэдэгдэнэ хэмээн сүрдүүлэхийг оролдсон ч амжилт олсонгүй. Тиймээс Флоренцоос явахаас аргагүй болов. Аурея Венецэд байгаа, нэгэн чинээлэг эрхэмтэй ойр дотно болж буй. Ахынхаа аялал жуулчлалын агентлагт ажиллаж, хуурамч баримт бичиг үзүүлэн Европоор явж байдаг. Үснийхээ өнгийг өөрчилж, өөр нэртэй болсон хэмээн нөгөө мөрдөгч Адамын эцэгт мэдээлсэн байна.

Америкийн Холбооны мөрдөх товчоо 2013 онд Ауреяг хууран Италид авчирч чадав. Тэрбээр өөрийнх нь агентлагаар үйлчлүүлэх Израилын хэсэг жуулчныг авахаар Мадрид руу нисжээ. Тэнд бүсгүйг жуулчид биш Испанийн цагдаа нар хүлээж байх нь тэр. Түүнийг онгоцны шатны дэргэд баривчилж шорон руу хүргэв.

Пуэрто-Рикод гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх ажил сунжраад байв. Торны цаана байхдаа Аурея гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Италийн шалихгүй гэмт хэрэгтэн, шоронд хамт байсан нэг эр тэр хүүхдийн эцэг юм санж. Испанийн иргэний ээжийг АНУ-д өгөхгүй гэж Аурея бодож байсан ч талаар болох нь тэр. Түүнийг 2015 онд ХМТ-ны онгоцоор Пуэрто-Рикод аваачжээ. Нэг сартай хүүхэд нь хамт ирж. Хоёр охин нь Италид эцэгтэйгээ үлдсэн байна.

Аурея Ваксез-Рихосыг нөхрөө алуулах хэргийг зохион байгуулсан болохыг эх орных нь шүүгчид хүлээн зөвшөөрөв. Эгчийг нь болон нууц амраг нь байсан эрийг түүнтэй хамт яллажээ. Шүүх ажиллагаа дуусаагүй, 2019 оны нэгдүгээр сарын 31-нд шүүхийн эцсийн шийдвэр гарна хэмээн хүлээж буй. Ауреяд насаар нь хорих ял өгөх болов уу гэх таамаглал байна.

Өдрийн сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen