РАДИ (Өгүүллэг)

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Өчигдөр шөнө Ради над дээр зочилж ирсэн юм. Урьдын адил үс нь шар хэвээр, зөөлөн төрхтэй, өргөн царайндаа инээмсэглэл тодруулан зогсож байлаа. Харц нь ч өөрчлөгдөөгүй байв. Ямар нэг юмнаас айсан, өөртөө итгэлгүй харц. Бүгд урьдын адил. 
- Чи үхчихсэн шүү дээ гэж намайг гайхаш төрөн хэлэхэд, 
- Тийм ээ, гэхдээ битгий тоглоом наадам хийгээрэй гэв.
- Яагаад би шоолно гэж? хэмээн асуутал, 
- Та нар намайг байнга шоолдог байсныг мэднэ ээ. Эв хавгүй, инээдтэй алхдаг байсан болохоор минь, сургууль руу явах, гэртээ харих замдаа өөрөө танихгүй, тэдэнтэй танилцаж байгаагүй ч гэсэн хавийн охидуудын талаар ярьж хөөрдөг байсан болохоор минь та хэд надаар улам их тоглоом шоглоом хийдэг байсныг мэднэ. Бас би үргэлж ямар нэг юмнаас айж хулчийдаг байсан. 

 

Үүнийгээ ч би өөрөө сайн мэднэ. 
- Амиа алдаад удаж байна уу гэж асуухад минь 
- Үгүй, ердөө ч удаагүй, гэхдээ би өвөл хүйтэнд үрэгдсэн. Бусад цэргүүд намайг зохих ёсоор оршуулж чадаагүй. Хамаг юм хөлдчихсөн байсан. Хад чулуу шиг л хөлдчихсөн байсан даа гэж хариулав.
- Хөөрхий минь дээ, чи Орост үрэгдсэн биз дээ, үгүй бил үү? Гэхэд, 
- Тэгсэн, яг эхний өвөл. Чи битгий шоолоорой. Орост үрэгдэж, тэнд ясаа тавина гэдэг тийм ч сайхан биш шүү. Бүх зүйл нь харь хөндий. Моднууд нь харь хөндий. Тун чиг гунигтай гэж мэд. Голдуу нигүрс, суман модод. Миний хэвтэж буй газрын эргэн тойрон тэр чигээрээ гунигт нигүрс, суман моддоор хүрээлэгдсэн. Заримдаа бүр чулуунууд нь уурлаж халаглахыг яана. Орос орны чулуу хэвээр үлдэх хэрэгтэй болоод тэр биз ээ. Шөнө болохоор ой модод нь уйлж бархирна. Оросынхоо ой хэвээр үлдэх хэрэгтэй болоод тэр биз. Цас нь бас уйлна. Орос цас хэвээр үлдэх гээд л тэр байх даа.

 

Ярьж дуусаад Ради, орны ирмэг дээр дуугаа хураан чимээгүй суув. 
- Чи тэнд нас барсан, тэгээд тэнд байх ёстой болоод л бүгдийг нь хорсон занаж байгаа байх хэмээн хэлэхэд минь над руу харан,
- Чи тэгж бодож байна уу? Үгүй дээ, бүх юм нь зэвүүцэм харь хөндий. Хамаг бүгдээрээ шүү гэв. 
Ради өвдгөө ширтэнгээ “Бүгд харийн, тэндхийн хүн ард нь ч ялгаагүй харийн” гэв. 
- Хүмүүс нь ч гэсэн үү? гэж асуухад,
- Тийм шүү, тоглоом тохуу болгохоо битгий урьтаарай. Тэндхийн хүн ард нь хөндий хүйтэн. Битгий шоолоорой, ийм болоод л өнөөдөр хэрэг болгон чам дээр ирлээ. Чамтай ярилцаж, бодол санаагаа дэлгэе гэж бодсон юм.
- Надтай юу?
- Тийм ээ, тохуурхах хэрэггүй шүү, чамтай л ярилцах гэсэн юм. Намайг чи гаргууд сайн мэднэ, тийм биз дээ? Миний зүс царай, байр байдлыг сайн мэднэ дээ. Ааш зан маань онц биш ээ. Асуух гэсэн юм гэвэл гадна төрхийг минь чи сайн мэднэ, тийм биз дээ?

 

- Тийм, мэднэ. Чи шар үстэй, булцгар хацартай байсан.
- Үгүй ээ, шууд хэл л дээ. Миний царай хүүхдийнх шиг байсан гэдгийг би өөрөө ч сайн мэдэж байна. Бас...
- Аанхаа, царай чинь хүүхдийнх шиг зөөлөн төрхтэй. Чи байнга инээдэг, инээхэд чинь нүүр чинь хавтгай харагддаг байсан. 
- Тийм тийм. Тэгвэл миний харц ямар байсан бэ?
- Харц чинь гунигтай, нэг тийм жигтэй байсан даа...
- Худлаа яриад хэрэггүй ээ. Охидуудын талаар та хэдэд бурсан болгонд минь та нар надад итгэх үгүйг мэдэхгүй байсан болохоор миний харц айсан бас өөртөө итгэлгүй байдагсан. Тэгээд өөр? Байнга би сахлаа авдаг байл уу?
- Үгүй, чи ердөө сахлаа гөлчийтөл хусдаггүй, нахай сахлаа дутуу хусдаг байсан. Хүн анзаарахгүй гэж боддог байсан байх. Даанч бид нар байнга хардаг байсан шүү. Тэгээд л шоолдог байсан. Мөн ч их тоглоом наадам хийсэн дээ. 
Ради орны ирмэг дээр суусан хэвээр хоёр гарын алгаа өвдгөндөө үрж эхлэв. 
- Чиний зөв, би тийм л байсан гэж тэр хариу шивнэв. 
- Намайг яг онож хэллээ. 

 

Ийн хариулаад гэнэт над руу айдас дүүрэн харцаар хараад 
- Надад нэг тус хүргээч, тэгэх үү? Гэхдээ битгий дооглоорой, гуйж байна. Надтай хамт яваач гэж асуух нь тэр. 
- Орос руу юу? гэж би алмайран асуулаа.
- Тийм ээ, Орос руу. Тэнд дорхноо оччихно оо, хоёулаа. Нүд ирмэхийн зуур л. Чи намайг гаргууд сайн мэддэг байсан шүү дээ. Хамт явчих л даа. 
Гарнаас минь атгахад Радигийн гар мөс шиг хүйтэн байв. Жигтэйхэн зөөлөн. Жигтэйхэн хөнгөхөн. 
Хормын дараа бид хоёр хэдэн нүргэс моддын дунд зогсож байв. Газарт нэг цайвар юм хэвтэж байв. 
- Нааш ир. Би тэнд хэвтэж байна гэж Ради хэлэх нь тэр. 
Газар хэвтэх араг ясны хөлд углаатай гутлыг хараад л хүнийх байна гэдгийг танилаа. Бор ногоон металл хажууд нь байв. 
- Наадах чинь миний ган дуулга байгаа юм. Даанч бүхэлдээ зэвд идэгдээд бас бөөн хөвд болчихсон доо хэмээн тайлбарлалаа. 

 

Дараа нь өөрийнхөө араг яс руу заан, 
- Битгий шоолоорой, гэхдээ энд би хэвтэж байна. Чи ойлгож байна уу? Чи намайг танина, мэднэ шүү дээ. Энэ хэвтэж байгаа би гэж үү? Чамд хачин санагдахгүй байна гэж үү? Намайг гэж харуулах өөдсийн чинээ ч атугай юм үлдээгүй байгаа биз дээ? Хэнд ч танигдахааргүй болсоон, би. Гэхдээ энд хэвтэж байгаа бол би. Нуун далдлах ч шаардлагагүй. Гагцхүү би нэг зүйлийг ойлгохгүй байна. Бүгд хол хөндий байна. Өмнө нь намайг хэн байсныг энэ араг ясыг хараад хэн ч хэлж чадахгүй. Бүх юм цаанаа л нэг зэвүүцэм харийн байна. Тийм гэж ойлгох аргагүй, холын хол санагдаж байна”. 
Тэрбээр газар суун өөрийнхөө араг ясыг гунигтай ширтсээр. 
- Урьд ямар байсныг минь үүнийг хараад өчүүхэн, өчүүхэн бага болтугай ч хэлж чадахгүй. Юу ч хэлж чадахгүй. Юу ч...
Дараа нь хурууныхаа үзүүрээр газраас ямар нэг авснаа түүнийгээ үнэрлэж эхлэв. 
- Харийн, тэр чигтээ харийн хэмээн шивнэн алган дээр минь шороо тавив. 

 

Цас атгачихсан юм шиг санагдлаа. Түрүүхэн нааш ирэхээс өмнө Ради гарнаас минь барьсантай адил санагдав. Мөс шиг хүйтэн. Хөнгөхөн ч, зөөлөн ч байлаа. 
- Үнэрлэ дээ.
Удаан үнэрлэсний дараа 
- Юу үнэртэж байна? хэмээн асуулаа.
- Шороо.
- Тэгээд?
- Бага зэрэг гашуун. Бага зэрэг исгэлэн. Үнэхээр л газар шорооны үнэр байна даа. 
- Бас тийм харь хөндий санагдаж байгаа биз. Тэр чигтээ хүний нутгийнх. Ой гутам биш байна гэж үү?

 

Би шороог дахин нэг үнэрлэлээ. Бага зэрэг гашуундуу. Бага зэрэг исгэлэндүү. 
- Сайхан л үнэртэж байна. Газар шороо ямар үнэртдэг билээ, яг л тийм.
- Зэвүүцэм биш байна уу? Харь хөндий санагдахгүй байна уу? хэмээн асуугаад над руу айдас дүүрэн, түгшсэн харцаар хараад “Ой гутам үнэртэж байгаа биз дээ?” гэлээ. 
Би дахиад л үнэрлэлээ. 
- Үгүй дээ, хаанахын газар шороо байх нь хамаагүй газар шороо л бол газар шороо. Шороо ингэж л үнэртдэг шүү дээ. 
- Тийм гэж үү?
- Баараггүй үнэн.
- Эндхийн газар шороог үнэрлээд жигшин зэвүүцэхгүй байна уу?
- Юу гэж дээ, маргаангүй сайхан үнэртэж байна, Ради. Чи өөрөө дахиад нэг сайн үнэрлээд үз дээ.

 

Ради гүнзгий амьсгаа авч хамраа шороо атгасан гартаа хүргээд, шороон дотроо уусан орж байгаа адил үнэрлэсээр. Тэгээд нааш харан “Чи үнэн хэлжээ. Тийм ч муугүй үнэртэж байна шүү” хэмээн хэлэв. Тэрбээр газар суугаад шороогоо үнэрлэсээр. Намайг хажууд нь зогсож байгааг ч умартан үнэрлэсээр. Үнэрлэсээр, үнэрлэсээр сууна. Харийн гэх энэ үгийг улам цөөхөн хэлсээр байв. Харийн гэж бүр аяархан шивнэсээр үнэрлэн сууна. 

 

Өлмий дээрээ гишгэн гэр рүүгээ би харьсан юм. Цаг тав өнгөрч, үүрийн бүрэг бараг гэгээ орж байлаа. Цас ороод хөршүүдийн маань урд цэцэрлэг, эргэн тойрон цасаар хучигдсан байв. Газар шороо зэгсэн хүйтэн болжээ. Зөөлхөн. Хөнгөхөн. Бас шороо үнэртэж байна. Түр зогсоод гүнзгий амьсгаа авлаа. Тийм ээ, шороо үнэртэж байна. “Тун чиг сайхан үнэртэж байна, Ради минь” хэмээн шивнэн хэллээ. “Маргаангүй сайхан үнэртэж байна. Эндхийн газар шороо ч бусад нь ямар үнэртэй байдаг, тэрэн шиг л үнэртэж байна. Амгалан тайван нойрс доо, найз минь”. 
Вольфганг Борхерт (1921-1947)

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Х.Аяаугүль
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen