11 САЙДЫН ЗАРЦУУЛАХ МӨНГӨ ӨСЧ, 5 САЙДЫНХ БУУРЧЭЭ

11 САЙДЫН ЗАРЦУУЛАХ МӨНГӨ ӨСЧ, 5 САЙДЫНХ БУУРЧЭЭ

 

УИХ-ын дарга намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ хоёр жилийн өмнө төсвийн зардлыг хэмнэх шийдвэрийг УИХ-аас гаргаж байсныг эргэн сануулав. Энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо, зардлаа 10 хувь бууруулснаар 546.4 сая төгрөг хэмнэжээ.

Харин төрийн бусад байгууллага орон тоо, зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй гэдгийг мөн нэхэн сануулсан.

Тиймээс энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг спикерийн индрээс уриалав. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орсон цагаас эхлэн дээр дооргүй бүсээ чангалах талаар хөдөлгөөн  өрнүүлж билээ. Улмаар цалинг царцааж, татвар нэмж, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ халамжийг танах зэргээр эдийн засгийн хүндрэлийн ихэнхийг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэх замыг сонгосон. Гэвч хачир дээрээ төр өөрөө бүсээ чангалсан эсэхэд эргэлзэх шалтгаануудын нэг нь УИХ-ын даргын дээрх үг болж байна. Тэгвэл төрийн албан хаагчдын тоо 2019 онд 2.1 мянгаар нэмэгдэх тооцоо гарчээ.

Ирэх онд орон тоо 4.3 мянгаар нэмэгдэж, 2.2 мянгаар буурах бөгөөд цэвэр өөрчлөлт нь 2.1 мянган хүнээр нэмэгдэхээр байгаа аж. Зөвхөн Төрийн албаны зөвлөлийн бүтцийг өргөжүүлэхэд 26 орон тоо нэмэгдэх гэнэ. Ийнхүү цомхон чадварлаг байх учиртай төрийн алба улам данхайсаар байгаа нь төсвийн урсгал зардалд жин дардаг цалингийн зардлыг нэмэгдүүлэх гол шалтгаан болдог. Дээрх орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн урсгал зардал 60.2 тэрбум төгрөгөөр өсөх гэнэ.  

Төр хэрэглээгээ нэмнэ

Ирэх оны төсвийн төслөөс харахад, нийт зарлагын 8.2 их наяд төгрөгийг төрийн албаны урсгал зардал эзэлж байна. Энэ бол өнгөрсөн жилийнхээс 700 сая, 2016 онхоос 1.2 их наяд төгрөгөөр өссөн дүн. Зөвхөн энэ оны урсгал зардлыг бүтцээр нь задалж үзвэл төрийн албан хаагчдын  цалин хөлсөнд 2.2 их наяд төгрөг, бараа үйлчилгээ худалдан авах зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулахаар тооцжээ. Энэ мэтээр өнгөрсөн жилүүдэд  төрийн албаны урсгал зардал тасралтгүй өссөөр ирсэн. Ялангуяа төрийн өндөр төвшний тансаг хэрэглээгээр. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа сайд дарга нарын шатахууны өндөр зарцуулалттай том жийпийг технологийн дэвшил бүхий дунд оврын автомашинаар солих хөдөлгөөн өрнүүлсэн ч өнөөдрийг хүртэл  хэрэгжээгүй. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед төрийн албанд том оврын жийп машин хэрэглэхийг хориглож, хэд хэдийг хурааж байсан юм.

Түүнээс хойш энэ арга хэмжээ орхигдсон гэхэд болно. Судалгаанаас харахад, төрийн албанд 400 гаруй жийп байгаа гэж мэдээлэл бий. Тухайлбал,  Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Засгийн газрын харьяа агентлагуудаас гадна, төрийн өмчит компаниудын хэрэгцээнд нэг бүр 100-гаас дээш саяар үнэлэгдэх Land Cruiser-200. Lexus 570, Nissan Patrol зэрэг тансаг жийпнүүд ашиглагдаж байна. Том оврын жийпний   ашиглалтын зардлыг суудлын автомашин, эсхүл дунд гарын жийптэй харьцуулахад 3-4 дахин их, жилд хамгийн багадаа 75-80 тэрбум төгрөгийн илүү зардал гардаг аж.  Энэ бол багш, эмч нарын цалинг хүссэн хэмжээнд нь нэмж болох мөнгө  дүн, эсвэл алагчлалгүй олгоход хүүхэд бүрт хүрэх 20,000 төгрөг. Зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхэд 54 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо байдаг бол хүүхдүүдийг 100 хувь тэтгэмжид хамруулах талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад мөн тооны мөнгө дүн яригдаж байсан юм.

Төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.4 хувьд хүргэн бууруулна

Монгол Улс төсвөө нэг жилээр төлөвлөдөг. Үүнийг дагалдуулан төсвийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг гурав гурван жилийн хугацаатай хэлэлцэн баталдаг ч амьдрал дээрх тоо цаасан дээрхээсээ зөрсөөр ирсэн. Харин сүүлийн хоёр жилд уул уурхай сэргэсний улмаас эерэг дүн гарч ирлээ. УИХ-аас 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталсан. Уг хуулиар ирэх оны төсвийн орлого 8,888  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.6 хувь,  зарлага  10,993.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь байхаар байв.

Улмаар алдагдлыг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувь байхаар тооцсон.  Энэ удаад ч гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний төлөвийг харгалцан үзээд төсвийн орлого нэмэгдэх хүлээлт үүссэн байна. Түүнчлэн, эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага ч өсөхөөр байгаа аж. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх нөхцөлийг бий болгожээ. Тиймээс ирэх оны төсвийн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, зарлагыг 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар төсвийн төсөлд тусгасан байна. Монгол Улс ирэх онд ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх хэм­жээний алдагдал буюу 1,913.3 тэрбум төгрөгийн цоорхой төсөвт гарна гэсэн үг. Ингэхдээ 11 сай­дын зарцуулах мөнгөн дүнг өсгөж, таван сайдын багцыг буу­руул­сан төслийг Сангийн сайд Ч.Хүрэл­баатарын багийнхан зохиожээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen