Төрийн оновчтой бодлогын үр дүнд ААН, малчид, тариаланчдын амьдрал дээшилж буй жишээ энд байна

Төрийн оновчтой бодлогын үр дүнд ААН, малчид, тариаланчдын амьдрал дээшилж буй жишээ энд байна

 

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс БНХАУ-ӨМӨЗО-ны Баяннуур хоттой мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан 2018 оны есдүгээр сарын 14-18-ны хооронд Монгол Улсын сэтгүүлчдийн баг тус хотод томилолтоор ажиллан, ХХААХҮ-ийн салбарын ололт, амжилтаар өөрийн орондоо нутагшуулах, хамтран ажиллах боломжийн талаар сурвалжиллаа. Сэтгүүлчдийн баг Баяннуур хотын Лин Хэ, Дэн Көү, Хангин хойд хошуу, Ү Юань Шень дүүрэгт ажиллаж, Хуа Шэн ногоон энерги, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн жишиг үзүүлэх парк, Рэн Чуан цөлийн цагаан будаа тариалах туршилтын суурин газар, Шэн Мү Гао Кэ сүүний үйлдвэр, Шө И мал аж ахуйн компани, Бор тохойн архины үйлдвэр, Фү Чуань одоо үеийн махан хонины салбарын эргэлт, эдийн засгийн жишиг үзүүлэх бүс, Цао Юань Хун Бао хүнсний компани, Мэн Юань Күан компани, Вэй Шин ноолуурын компани, Жао Фэн гурилын үйлдвэр, Фү Чион тосгон, Ү Юань Шены Бортохой цахим худалдааны парк, Бор тохойн тариалан, соёлын хүрээлэн, Лиень Шин наран энергийн тосгон гэсэн 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Очсон газар бүр тухайн хот, дүүрэг, хошууны жишиг, онцлог болсон аж ахуй байсан гэдгийг дурдах хэрэгтэй.

        БНХАУ-аас Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулж, энэ хүрээнд хувийн аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулах замаар ажлын байр бий болгох, ард иргэдийг орлогожуулах бодлого барьж байна. Энэхүү бодлогын үр дүнд аж ахуй нэгж, малчид, тариаланчдын амьдрал дээшилж байгааг Баяннуур хотын жишээнээс харж болохоор байлаа. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ олон улсын жишигт нийцсэн лаборатори байгуулан баталгаажуулж, мал үржүүлэг, тэжээлийн үйлдвэр, мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрлэлийг цогцоор нь шийдэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамал, мод тарих аргыг туршин, жижиг аж ахуйн нэгжүүдээ бизнес эрхлэх боломжоор хангаж, хувийн компанийн санаачилгыг дэмжин, төрөөс дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулж байгаа нь сайн туршлага санагдлаа. Ингээд тус хотын тухай товч танилцуулж, дээр дурдсан жишиг бүс, компанийн мэдээлэлд тулгуурлан нутагшуулж болох сайн туршлага, хамтран ажиллах боломжийн талаар дурдъя.

Баяннуур хот нь 1,7 сая хүн амтай, 65,788 км2 газар нутагтай. Өвөрмонголын өөртөө засах орны баруун бүс, Шар мөрний Бор тохойн дээд хэсэгт оршдог. Умард талаараа Монгол Улсын 7 аймаг, 2 хот суурин газартай шууд зэргэлдээ байршилтай тул Монгол, Орос хоёр улсаар дамжин Европын зах зээлд нэвтрэх боломжтой. Мөн Хятадын баруун бүс нутгийн дэд бүтцийн сүлжээний хамгийн чухал уулзвар зангилаа, байршлын хувьд давуу талтай бүс нутаг юм. Хятад улсаас баруун бүс нутгийг анхааран хөгжүүлэх чухал бүс нутгийн нэгээр авч үздэг. Авто зам, төмөр зам, агаарын зам сайн хөгжсөн.

        Өвөрмонголын өөртөө засах орон, орон нутгийн захиргаанаас гаргасан бодлого, чиглэлийг тууштай хэрэгжүүлэн, нутгийн иргэдийн нөр их хөдөлмөрийн үрээр амжилт гаргаж байна. Тус хот дэлхийн хамгийн том органик сүүний үйлдвэрлэлийн бааз төдийгүй хамгийн их талбайд наран цэцэг ургуулдаг бүс нутаг юм. Цэвэр үүлдрийн самнасан ноолуур, чинжүүний тариалалтын нутаг гэгддэг. Жилийн дөрвөн улиралд хонины махаар тогтмол хангадаг. Улаан лооль тариалалтаараа улсын хэмжээнд хоёрдугаарт ордог бүс нутаг. 2016-2017 онд Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хөдөө тосгоноор тодорч, хүн ард амьдран суухад хамгийн ая тухтай жишиг суурин, эрүүл хүнсний ногоо, байгалийн гаралтай сүү боловсруулдаг үйлдвэрлэлийн загвар юм.

Баяннуур хот умард өргөргийн 40 градуст газар тариалангийн алтан бүс гэх тариа будааны ургалт, гарц хамгийн сайтай бүс нутагт харьяалагддаг. Жилийн нар тусах хугацаа нь Өвөрмонголын бусад хотоос хамгийн урт, ус, хөрсний үржил шимт бүс нутаг юм. Ази тивд хамгийн том өөрийн усалгааны системтэй бөгөөд жил бүр 5 тэрбум куб метр ус татаж, тариалангийн талбайгаа усалдаг байна. Мал аж ахуйн салбарын тухайд, 2017 онд 22,7 сая тоо толгой мал тоолуулсан бөгөөд эрчимжсэн мал аж ахуй түлхүү хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Тус хотын онцлох зүйл нь ногоон байгууламж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт юм. Хотын иргэддээ хүрээлэн буй орчин, аж ахуйн нэгждээ компанийхаа тодорхой талбайд мод тарих үүрэг өгч, арчлалтыг улсаас хариуцсанаар 10 гаруй жилийн дотор мод, цэцэгс алсалсан ногоон хот болжээ.

ШЭН МҮ ГАО КЭ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР:

Хөх хотод төвтэй тус үйлдвэрийн Баяннуур хот дахь салбар нь 100000 үнээтэй, 23 малчдын талбайд өсгөн үржүүлж байна. Өдөрт 1300 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаас 1050 тонн сүү үйлдвэрлэж байна. Уг сүүний үйлдвэрийн салбарыг 2010 онд байгуулсан бөгөөд нийт 750 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. 46 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хятадын 400 орчим бүс нутгаар бүтээгдэхүүнээ борлуулдаг, улсынхаа органик сүүний хэрэгцээний 50 хувийг хангадаг. Үйлдвэр 3000 гаруй ажилчинтайгаас сүү боловсруулах хэсэгт 500 хүн ажилладаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Шведийнх. Шингэн сүүнд ариун цэвэр, эрүүл ахуйн 146 төрлийн хяналт, шалгалт хийдэг бөгөөд бүтээгдэхүүндээ европ стандартын хоёр баталгаажуулалт авч, органик гэдгээ баталгаажуулсан шошготой, QR кодын тусламжтайгаар тус үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүний талаар бүх мэдээллийг авч болно. Үнээний фермер нь бордооны үйлдвэртэй.

РЭН ЧУАН ЦӨЛИЙН ЦАГААН БУДАА ТАРИАЛАХ ТУРШИЛТЫН СУУРИН ГАЗАР:

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen