Ч.Бямбасүрэн: Тарваганы түүхий мах эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй

 

-Сайн байна уу? Тарваган тахал гэж ямар өвчин бэ? Энэ өвчин нь хүнд хэрхэн дамжиж халдварладаг талаар яриагаа эхлэе?

 

Тарваган тахал нь нянгаар  үүсгэгддэг, мэрэгч амьтад, тэдний бөөс бүүргээр дамжин халдварладаг, тунгалагийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий байгалийн голомтот халдварт өвчин.

Дэлхий дээр тарвага, зурам, үхэр огодой, үлийн цагаан, гэрийн цагаан оготно, чичүүл  зэрэг 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлаар өвчилдөг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Байгальд байгаа энэ голомтоос хүнд дараахь 4 замаар халдвар дамждаг байгаа.

  • Шууд хавьтлын зам: Өвчтэй тарвага агнах, арьсыг өвчих, мах эвдэх явцад гар хуоуугаа эсгэх, гарт шарх шалбархайтай байх зэрэг арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч, өвчилнө.
  • Дам халдварын зам: Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.
  • Агаар дуслын зам:  Тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилсөн хүнээс агаар дуслын замаар хүнд халдвар дамжина.
  • Хоол хүнсний зам:  Тарваганы эд, эрхтнийг ийм, тийм өвчинд сайн гэх иргэдийн дунд байдаг ам дамжсан яриагаар идэж хэрэглэх болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварладаг.

-Манай орны хувьд тарваган тахлын голомттой бүс нутаг хаагуур байдаг вэ? 

  • Манай  орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттойгоос 51.7% нь тохиолдлын, 23.4% нь сул, 14.5% нь дундаж, 9.5% нь өндөр, 0.7% нь онцгой идэвхжлийн бүс нутаг юм. Тарваган тахлын байгалийн голомт тодорхой үе дамтамжтайгаар идэвхжиж, намжиж байдаг. Энэ жилийн тухайд дараах бүс нутгуудад тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна.
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бугат
  • Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Улаан хус, Булган
  • Завхан аймгийн Эрдэнэхайрхан
  • Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань
  • Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга
  • Ховд аймгийн Үенч, Алтай, Булган гэх мэт...

-Хэрвээ тарваган тахлын халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна.

-Тэгвэл хүний биед ямар өөрчлөлтүүд илэрдэг вэ?

Ерөнхий хордлогын шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэхээс гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй өвддөг.

Хэрвээ амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгана. Харин хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.

-Тарваган тахлаар өвчилсөн тохиолдолд эдгэрэх үү? 

Эрүүл мэндийн байгууллагад хэр хурдан хандаж эмнэлгийн тусламж авснаас хамаарна. Эрт хандаж, хурдан оношлогдож, эмчилгээг яаралтай эхлүүлсэн тохиолдолд хүндрэлээс сэргийлэхээс гадна бүрэн эдгэрэх боломжтой. Мөн халдвар дамжих эрсдлийг ч бууруулна. Хугацаа алдаж эмнэлэгт хандсан болон эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нас баралтын түвшин 30-100%  байдаг.

-Аль болох дээрхи таны дурьдсан шинж тэмдгүүд илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй байх нь ээ. Тарваган тахлаар өвдсөний дараа дархлаа тогтох уу? 

Тарваган тахлаар өвчилсний дараа дархлал тогтоох боловч тодорхой хугацааны дараа дахин өвчилж болно. Дархлаажуулалтын дараа идэвхгүй дархлаа /6 сар орчим/ тогтоно.

-Тарваган тахал өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

Хот суурин, орон нутгийн Засаг захиргааны байгууллагууд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • Голомттой нутгийг хянах, шинжлэх, халдварын эрсдэлийг бууруулах ажлыг захиргаа, хууль хяналт, байгаль орчин эрүүл мэндийн байгууллага болон хүн амын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, хэрэгжүүлэх.
  • Тарваган тахал өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг бүх шатны Засаг дарга, эрүүл мэндийн байгууллагууд боловсруулах, хэрэгжүүлэх.
  • Хүн амд тарваган тахлын талаар сургалт, сурталчлагааг голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амд явуулах, дархлаажуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

-Тэгвэл иргэд юуг анхаарах шаардлагатай вэ?

  • Үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал гар хүрэх, оролдохоос сэргийлэх, орон нутгийн Засаг захиргаа, мэргэжлийн бусад байгууллагуудад яаралтай мэдээллэх.
  • Тарваганы агнуур хориглосон үед тарвага агнахгүй байх
  • Төв суурин газарт тарваганы тулам, арьс, махыг зөөвөрлөхгүй байх
  • Тарваганы ичээ, нүх ухаж, нүх дошны дэргэд сууж амрахгүй байх, тарваганы бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх.
  • Тарваганы түүхий мах эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй байх.
  • Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдах
  • Сэжигтэй эд зүйлтэй хүрэлцсэн, хамт байсан, бөөс бүүргэнд хазуулсны дараа хэдэн цагаас  6 хоногийн дотор гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, нүүр, нүд улайх, бүх бие булчин өвдөх, булчирхай цочих, ханиах, цустай цэр гарах зэрэг зовиур илэрвэл олон хүнтэй газраар явалгүйгээр холбоо, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ойролцоох Эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх, мэдээллээ үнэн зөв өгөх
  • Халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах. Учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
  • Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах, амны хаалт зүүлгэх, гарын эрүүл ахуйг сайн сахих
  • Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх, устгаж хаяхгүй байх
  • Тарваган тахлын халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, телевиз, сонин, сэтгүүл, цахим орчноос авч аливаа эрсдлээс сэргийлэх шаардлагатай.

-Сошиал буюу цахим орчинд эрүүл мэндийн зөвлөгөө ялангуяа тарваган тахал өвчний талаар мэдээллийг хэрхэн авч болох талаар? 

  • Орчин үед иргэд мэдээлэл авах боломж эрс сайжирсан байна. Тэр тусмаа Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд зориулсан фейсбүүк хуудсаар эрүүл мэндийн холбогдолтой мэдээллүүдийг тогтмол хүргэж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх талаархи мэдээллийг дараах эрүүл мэндийн байгууллагуудын фейсбүүк хаягаар орж авах бүрэн боломжтой. Монголоор бичээд хайгаад орж болно.
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв
  • Халдварт өвчнөөс сэргийлье
  • Зоонозийн өвчин судлалын үндэсний төв
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Эрүүл мэндийн яамны "Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтэс”

-Эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгөх болвол холбогдох байгууллагын ямар дугаарт мэдээлэх вэ? 

  • Хэрвээ мэдэж байгаа бол харъяа болон өөрт ойр байгаа эрүүл мэндийн байгууллагын утсанд мэдээлнэ.
  • Хэрвээ мэдэхгүй байгаа бол Зоонозийн өвчин судлалын үндэсний төвийн 70282853
  • Халдварт өвчин  судлалын үндэсний төвийн 11451158  /ажлын цагаар/, ажлын бус цагаар 100 дугаарын утсанд мэдээлж болно шүү.

-Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтанд ямар хүмүүс хамрагдах вэ?  Хаана очиж хэрхэн хамрагдах вэ? 

Жил бүрийн 7-р сарын 3 дахь 7 хоногт  орон даяар Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулдаг.

  • Хамрагдахыг хүссэн иргэд дээрх хугацаанд ойр байгаа Сум, Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдах боломжтой. Нэг тун вакциныг хийнэ.
  • Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй хийдэг.

-Тарваган тахал өвчний улиралчлал гэж байдаг уу? 

Зах зээлд шилжихээс өмнө ичигсэд хөдлөх үе, 4-р сараас эхэлж, 8-р сард оргил үедээ хүрч 10-р сараас буурдаг байсан. Одоо махны ченжүүд, иргэд  тарваганы махыг арилжааны зорилгоор их хэмжээгээр худалдах, худалдан авах ажиллагаа идэвхжиж, намар, өвөл, хавар зарж байгаа учраас тарваган тахлын өвчлөл аль ч улиралд гарах боломжтой болоод байна.

-Тахал өвчний өндөр идэвхжлийн үе болж байгаа энэ үед Төр захиргааны байгууллага, Эрүүл мэндийн байгууллагуудаас ямар ажил зохион байгуулж байна вэ? 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны "Хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал  өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”  А/720, Дүүргийн Засаг даргын A/347 дугаар захирамжууд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны А/112-р тушаалууд гарсан.  Энэ ажлыг хэрэгжүүлэх ажлыг нилээд өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Тухайлбал:  Цагдаагийн байгууллага,  Хүнс худалдааны байгууллагын холбогдох ажилтнуудтай хамтран эргүүл, хяналт тандалт, сургалтууд хийх,  Эмч амнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, бэлэн байдлаа хангаж ажиллах, иргэддээ сэрэмжүүлэх, сургалт мэдээлэл хийх зэрэг ажлууд хийгдэж байгаа.

-Тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд иргэд хариуцлага хүлээдэг үү? Таньд энэ талаар мэдээлэл байна уу? 

ХЭРЭВ ТА, тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан, худалдан авсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.6.1, 7.6.2, 7.6.3, 7.6.4 дүгээр заалтуудаар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Урин дулааны улиралд хүмүүс тарваганы махыг хоол хүнсэндээ нилээдгүй хэрэглэдэг талаар сонсож байсан. Энэ талаар иргэддээ хандаж юу гэж хэлмээр байна?

Тарваган тахал өвчний идэвхтэй улиралчлалтай холбоотойгоор иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага хулгайгаар агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авах, бусдад худалдах, тээвэрлэх, тарваганы хүн мах, эрхтнийг эмчилгээний зорилгоор түүхийгээр идэхээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалаарай гэж хэлмээр байна. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen