Америк тив дэхь Монгол ул мөр

Америк тив дэхь Монгол ул мөрЕвропчуудын манлайлал буй болохоос өмнө Ази тив тэр тусмаа Хятад гүрэн эдийн, засаг технологиор давамгайлж байсныг орчин үеийн ихэнхи түүхчид хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэр үед Хятадууд далайн тээвэр, аяллаар ч бас л тэргүүлж байв. 
Хятадын Мин гүрний флотыг алдарт адмирал Зэнхэ (Zheng He) удирдаж олон зуун жил давтагдаагүй цар хүрээтэйгээр тив дэлхийг нээх аялалыг хийн шинэ газар нутаг, тивүүдийг Европчуудаас түрүүлэн нээж байсныг одоо дэлхийн түүхчид хүлээн зөвшөөрдөг. 
Энэ тухай яагаад дурдах гэсэн бэ? гэхээр миний бичиж буй үйл явдалтай холбоотой учраас дурдахаас аргагүй бөгөөд гэхдээ би энэ давамгайллыг тайлбарлаж таниулах гээгүй харин Монголчуудын Америк тивд Европчуудаас өмнө очсон байж болох баримтуудыг дурдах гэсэн юм.
Монголчууд түүхэндээ их нүүдэл, цагаачлалыг олон удаа хийсэн ард түмэн. Улс түмнүүдийн их нүүдэл гэж түүхэнд тэмдэглэгдсэн их нүүдэл ч Монголоос улбаатай гэж үздэг. Энэхүү их нүүдэл нь олонхи эрдэмтэдийн үздэгээр Монголоос дайжсан Хүн гүрнийхэн замд нь таарсан ард түмнүүдийг шахан түрсээр эртний Герман аймгуудыг Ромын эзэнт гүрэн рүү шахан оруулж орчин үеийн Европийн ард түмнүүдийг бүрэлдэн бий болгоход ихэхээн нөлөө үзүүлсэн билээ.
Энэ мэтээр Монголчуудын өвөг дээдсийн их нүүдэл, цагаачлалыг тоочоод барахгүй учраас Америк тивд очсон түүхийг онцолж бичие. Энэ түүх нь саяхан 90-д оноос эхэлсэн Монголчуудын эдийн засгийн цагаачлалтай ямарч холбоогүй. Мөн хуучин Зөвлөлт гүрний дараа бий болсон шинээр тусгаар болсон улсуудын агуу эртний түүхтэй болох гэсэн дөвчигнөл, элдэв онигоо шиг түүх бичлэгтэй холбож андуурахгүй байгаасаа гэж хүснэм.    
 
Монголчуудын хувьд Америк тивд очсон хамгийн сонирхолтой баримтууд:
 
Үүнийг бичигч би бээр түүхэн баримтуудыг бичгийн, эд зүйлсийн, орчин үед генийн буюу ДНК-гаар гэсэн гурван аргаар тогтоосон бол хамгийн зөв сайн нотолгоо гэж үздэг тул нотолгоогоо гурав хуваая.
 
1. Түүхэн бичгийн баримт
 
a) Испанийн ханхүү Карлос гэгч Испанийн байлдан дагуулагч Педро Менендез де Авилис Адилентогийн намтарыг бичихдээ:
"Хятадууд ... Татарууд, Япон, Солонгосуудтай хамт далай гатлан одоогийн Мексик, Перу, Панам зэрэг улс орнуудыг хамарч байсан Куивирагийн хаант улсад очиж байсан” хэмээн тэмдэглэсэн байна. 
Педро гэгч нь хэн бэ? гэхээр Америк тивийг эзлэн түрэмгийлсэн анхны Европчуудын нэг бөгөөд Испанийн эзэнт улсад 1580 оны үед Флоридаг нэгтгэсэн хүн юм. 
b) Gavin Menzies-ийн 2003 онд хэвлүүлсэн "1421: The Year China Discovered America” номын 563 -р хуудсанд "Ranking – Staenburg 325” гэж иш татсанаар Америк тивд анх очсон Испанчууд Монгол бичигтэй цаас олсон гэжээ. 
 
2. Эд зүйлсийн баримт
 
a) Маягийн сүмийн хананд Хятад, Монгол бичгүүд Маягийн дүрс бичигтэй хамт байсан гэж Дээр дурдсан номын 562-р хуудсанд R.Wertz гэж хүний мэдээллээр бичсэн байна.
 
3. Генийн буюу ДНК нотолгоо
 
a) 2002 онд Марианна Фернандезе-Кобо болон бусад эрдэмтдийн вирус судлалын талаар American Journal of Physical Anthropology 118-ийн 154-168 хуудаснуудад хэвлүүлсэн дүгнэлтээр бол орчин үеийн Монгол болон Япон хүмүүстэй хойд Америкийн Салиш, Навахо өмнөд Америкийн Гуарани хүмүүс нэг өвөг дээдэстэй байна гэж үзжээ.
Эндээс уншигч та бүхэнд Мин гүрний Хятадын флотын бүрэлдэхүүнд Монгол хүмүүс яаж оролцсон байх вэ? гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй.
 
Тайлбар:
 
Монголын Их Юан гүрэн далайн аялалыг хөгжүүлж Япон, Индонез, Камбож, Вьетнамд  хөлөг онгоцуудаар тэнгисийн явган цэрэг болон морин цэргийн десант буулгаж байсан түүхтэй. Энэ нь дараа үеийн Хятадын Мин гүрэнд нөлөөлж байсан нь ойлгомжтой.
Хятадын Сүн гүрнийг бүслэн мөхөөх стратегийн дагуу одоогийн өмнөд Хятад дахь Нанжао хэмээх улсыг Сүбээдэй баатрын хүү Урианхадай дагуулжээ. Ингээд Монгол гүрэн эзэлж авсан газраа олон тооны Монгол, Хятан, Төв азийн иргэдийг сууришуулан, түшэц газраа болгосон нь өнөөгийн Хятадын Юанан мужийн Монголчуудын дээдэс болсон юм.
Их Юаныг мөхөөж шинээр мандсан Мин гүрэн Юанан мужид суурьшсан Монголчуудыг буулган авах гэж нилээн цаг хугацаа, хүч зарсан.  1388 онд л Бээжинг эзэлснээс хойш 12 жилийн дараа өмнөд Хятад дахь Монголчуудын эсэргүүцлийг нугалж чаджээ. Уг мужийг эзэлж авсан Мин гүрний цэргүүд нас бие гүйцсэн Монголчуудыг хоморголон устган, охид, хөвгүүдийг нь боолчилсон байна. Олзлогдсон нэг түмэн Монгол хөвгүүдийг засаж тайган болгоход нилээд нь шархаа даалгүй нүд аниж, үлдсэн нь зарц, боол болон тараагджээ. 
Энэ байлдаанд идэвхитэй оролцсон Мин улсын ханхүү Зу Ди-д хувиарлагдсан олзлогдсон Монгол хөвгүүдийн дунд хятадаар Зэнхэ(Zheng He) хэмээн нэрлэгдэх болсон хүү байсан байна. Хожим Зу Ди Юнлэ/Ёнлэ хэмээн өргөмжлөгдөн 1402-1424 онд хаанчилахад ойр дотны итгэлт хүний хувьд Зэн Хэ онцгой зүтгэн дээр дурдсан алдарт адмирал болсон.
Юнлэ хаан ч өөрөө Монголчуудтай их сонин холбогддог.  Түүний эхийг Юан гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн хатан Хонгирад бүсгүй байсан гэж Монголын Алтан товч зэрэг олон сурвалж бичгүүдэд дурддаг. Эдгээр сурвалжуудад эх нь Хятадын хаанд нэг сартай жирэмсэн олзлогдсон хэмээн Юнлэг Монгол хааны үр гэжээ. Хятадын зарим эрдэмтэд сүүлийн үед энэ асуудлыг няцаахаа болиод эх нь Монголын хааны татвар эм байсан нь үнэн боловч Солонгос хүн байсан эсвэл Монгол хүн байсан гэдэг. (https://prabook.com/web/yongle.emperor/1344261 болон The Taiping Rebellion, M.E. Sharpe , 661хуудас)
Ямар ч байсан Мин гүрнийг үндэслэгч эзэн хаан Хон Ву ханхүү Юнлэг Монгол хааны үр байж магадгүй хэмээн сэжиглэж тэр үеийн Хятадын нийслэл Нанжингээс зайдуу Бээжинд суулгаж, улмаар хаан ширээгээ ач хүү Зу Юнвенд залгамжлуулсан. Энэхүү ач дүү нь Юнлэг алуулах тусгай хүчнийхнийг явуулж байсан нь Мин гүрний түүхэнд ямар ч маргаангүй баримттай болсон тохиолдол юм.  (48 -р хуудас. Gavin Menzies 1421: The Year China Discovered America. 2003)
Ингээд Юнлэ бослого гарган Монголын Үжээд, Урианхай аймгуудаас цэргийн тусламж аван хаан ширээг булаан авчээ. Сонирхолтой нь Юнлэ нь өөрийгөө Монголтой хамаагүй, цэвэр цусны Хятад хаан гэдгээ нотлох гэсэн мэт Монголын эсрэг маш түрэмгий бодлого явуулж 5 удаагийн аян дайн хийн өөрийн биеэр удирдаж байсан нь Хятадын түүхэнд гарч байгаагүй тохиолдол бөлгөө.
 
Энэ бүхнээс үндэслээд Юнлэг хаан болоход тайганууд хүчин зүтгэсэн бол түүний өрсөлдөгч хаан ширээг залгамжлагч Зу Юнвенг Монголын Юан гүрний үед ихэд дорд үзэгдэж байсан Хятад мандарин түшмэдүүд дэмжиж байсан нь харагддаг. Шинээр мандсан Юнлэ хааны итгэлийг олж үнэнч зүтгэсэн тайганууд бол голдуу Зэн Хэ тэргүүтэй хөвгүүн байхдаа олзлогдон тайган болсон Монгол гаралтай хүмүүс байсан. Дашрамд дурдахад энэ Мин гүрний үеэс тайганууд Хятадын төрд онцгой байр суурь эзлэн, дээд албууд хашдаг болсон юм.
Мөн Юнлэд хаан болоход тусалсан дээрхи Монгол аймгууд онцгой шан шагнал аван Хятадын албанд зүтгэх болсон.
Хятадын Мин гүрэн гадаад харилцаандаа Хятад, Монгол хос бичгээр бичсэн захиа явуулж баруун зүгийн улс орнуудтай харьцаж байсан нь түүхэн баримттай юм. 
Иймээс Хятадын флотын бүрэлдэхүүнд Монгол дарга, цэрэг, албан хаагчид оролцон Америк болон дэлхний бусад хэсэгт хүрч байсанд гайхах зүйлгүй билээ.
 
Ёндонгийн Гантулга
 
Австрали
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen