Бошгот хааны нугарашгүй тэмцэл буюу зуун модны тулалдаан

 

Бошгот хааны нугарашгүй тэмцэл буюу зуун модны тулалдаанМанжийн хаан өөрийн гол өрсөлдөгч болсон Галдан Бошготыг дарахын тулд их цэргийг дайчилж, 1696 оны 2-р сард өөрийн биеэр халхад очин дайлахаар шийдвэрлэсэн байна. Тэрбээр энэ удаагийн аян дайнд урьд урьдаас илүү нарийн бэлтгэж, ойрадыг дайлахад галт зэвсэг маш чухал хэмээн үзэж, хуучин нүсэр үхэр бууны оронд авч явахад хялбар, эвлэг хөнгөн маягийн үхэр бууг шинээр цутгуулсан ба цэргүүдэд сум нэвтрүүлэхгүйг бодож, мяндас тавьсан хуягийг хийлгэн, 1696 оны цагаан сард дайлах цэргийн бэлтгэлийг биеэр шалгаж, шагнан урамшуулжээ. Энх-Амгалан бүгд 20 түмэн цэргийг дайчилж, цэргийг гурван замд хуваан, зүүн, баруун замын цэрэгт тус бүрт 5 түмийг хуваарилан өгч, дунд замын 10 түмэн цэргийг өөрийн биеэр авч мордсон бөгөөд бүгд 40 түмэн цэргийг авч мордов хэмээн алдаршуулсан байна. Энэ нь Гавдан Бошгот өөрийн цэргийг 10 түм, оросоос тусалсан 10 түм, бүгд 20 түмэн цэрэггэй гэж алдаршуулсныг үнэмшин, ийм үлэмж цэргийг авч гарсан ба бас тоог нэмэн алдаршуулсан хэрэг байв. Энх Амгалан хааны их цэрэг хятад, манж төдийгүй өвөрлөгч болон халхуудаас бүрдсэн монгол цэргүүдээс бүрдсэн асар их хүч байлаа.

 

Манж нар Галдан Бошготын цэрэгт явсан хотон цэргийг орос цэрэг хэмээн эндүүрэн таньж, бас Галдангийн цэргийнхээ тоог нэмэн алдаршуулсан үгийг үнэмшин, эхэн үедээ үнэхээрийн оросын цэрэг Галданд туслахаар ирсэн юм гэж ойлгон их л бачимдан сандарч байсан боловч манжид урваж ирсэн халхын Цагаан зайсан нараас ойрадын цэрэг ердөө 3 түм орчим бөгөөд оросын туслах цэрэг огт байхгүй болохыг мэдэж сая баахан санаа амарсан ажээ. Манжийн цэргийг ийнхүү халхад дайлаар орж ирэх үед Галдан Бошгот Хэрлэнгийн хойд биед байсан бөгөөд манжийн дундад замын цэргийг ойртоход, манжийн цэргийн гол хүчин тул түүнтэй халз байлдалгүй, харин ухрах замыг нь огтлон цохих зорилго тавьж, Туулын чиглэлээр давшин ирж байгаа манжийн баруун замын цэргийг тосон байлдахаар таван сарын шинийн долооны өглөө эрт хөдөлжээ. Тэгэхэд Галдан Бошготын хойноос манжийн дундад замын цэрэг нэхсэн байна. Галдан энэ үед дундад замын цэрэг мөрдөн хөөхөөс сэргийлж өртөө бүрт 100 цэрэг орхин явсаар 5 дугаар сарын дундуур Туулын сав газар ойртон очжээ. Үнэхээр ч манжийн дундад замын цэрэг Галдан Бошготын цэргийг мөрдөн хөөсөн бөгөөд өртөө бүрийн 100 цэрэгтэй зууралдан байлдаж байх зуур Гавдангийн цэрэг амжин дундад замын цэрэгт гүйцэгдэлгүй Туул голын орчим иржээ. Гэвч манжийн баруун замын цэрэг Туул голд түрүүлэн ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байжээ.

Ийнхүү Зуун модны Заан Тэрэлж хэмээх газарт 1696 оны 5 дугаар сарын 13-нд болсон тулалдаанд манжийн 5 түмэн цэрэг, ойрадын 3 түм орчим цэрэг оролцжээ. Эхлээд манж нар довтлон дайрав. Ойрадын цэрэг хүрээгээ засаж, бүрээ дуугарган, түппүүрийн дохио өгөөд "дайсан довтлон ирлээ” гэдгийг зарлав. Бүх цэрэг тулалдаанд орох боллоо. Манжийн цэрэг ойртон давшсаар харваж бас буу буудаж эхлэв. Ойрадын цэрэг харваж, их буугаар ганц нэгхэн буудахдаа сумаа хайрлаж, бүр ойртохоор нь бөөн дунд ончтой галлахыг зорьж байв. Байлдаан улам ширүүсэж, бууны дуу олон болоод манж нар урагш ахисаар байлаа. Ойрадын цэрэг ч ширүүхэн эсэргүүцэж, хариу буудан, зэрэг зэрэг харваж байв. Манжийн цэрэг Галдангийн цэргийн хүрээнд ойртож ирлээ. Энэ үед ойрадын цэрэг морин цэргээр сөрөх довтолгоонд орлоо.

Манжийн цэрэг ойрадын цэргийн довтолгоог зогсоох гэсэн байдлаар агшин зуур шивээлэх маяг үзүүлэн, их буугаар ганц нэг галласнаа Галдан Бошготын цэргийн дайралтыг барьж чадаагүй байдлаар буцаад ухран зугтлаа. Хоёр талын цэргүүд бараг холилдон, тулалдаан үргэлжилсээр ойрадууд манж цэргийг гүйцэн алдан сүүлчийнхийг нь цавчин унагаж байв. Манжийн цэрэг ийнхүү гол уруудан зугтсаар ойрад цэрэг тэднийг мөрдөн хөөсөөр байлаа. Ойрадуудын сэтгэл энэ үед догдлон хөөрч дайсан ухарсанд дотроо улам дэвэрч, хэн юу ч гэж хэлсэн дуулахааргүй урагш хурдлан байв. Галдангийн цэргийн шилдэг жанжин дайрах ангийг хошуучилжээ. Тулалдаан мөрдөн хөөлт үргэлжилсээр бараг хагас өртөө хирийн газарт Туул голын хоёр талаар уруудан довтолгосон байна. Манжийн цэргийн зарим нь алуулж, нилээд хэсэг нь гол уруудан зугтаах нь үнэхээр хэдэн жилийн өмнө болсон Улахуй голын тулалдааныг бодогдуулах мэт урам зоригийг сэргээжээ. Мөрдөн хөөсөөр энэ өдрийн хонин цаг дуусах дөхөж ирэв.

Гэнэт юу болох нь энэ вэ гэмээр ойрадын цэргийн хоёр хажуу, баруун, зүүн гарын урд зовхис, ар хоёр жигүүрийн мөрөн дээгүүрээс олон их буу нүргэлэн, тугалган сум мөндөр адил асгарч эхлэв. Бас урдаас нь ширүүн гал нээж, тал бүрээс манжийн цэрэг балбаж гарлаа. Галдан Бошгот болон түүний шадар жанжид даамлууд өмнө зүгээс ирсэн цэргийн бачит аргад автан хууртсанаа сая мэдэв. Манжийн цэргийн гол хүчин Туулын адаг, Улхын булангаас наахна бөөгнөрч байна гэсэн туршуулын худал мэдээлэлд итгэсэн байв. Ийнхүү Галдангийн цэрэг хаашаа ч хөдлөх аргагүй болж Туул голын хоёр талын хөндий хоолой, ганга жалга, дэнж хамруудыг дагаад зууралдан байлдаж гарав. Гэдрэг ухрая гэхэд бас араас нь ороон боож эхэлсэн байна. Энх-Амгалан хаан ойрадын цэрэгтэй нүүрлэн тулалдаад, мэдэхгүй газарт хаврын хавсарган цагаар олигтой амжилтанд хүрэхгүй, зөвхөн хуурах аргыг олон янзаар хийж, их хүчээр гэнэдүүлэн цохих ухааныг тулалдааны гол чиг шугам болгосон нь энэ байжээ.

Хүн орилолдон, морьд янцгаан, буу пижигнэж, харвасан сум исгэрэлдэн байгаа чимээ анир чих дүлийрүүлэн болов. Их голын сав хөндий, хоёр талын уулсын оройг тултал утаанд бүрхэгджээ. Тэнд юу болж байгааг хэн ч олж харж чадахаа байв. Энэ үед цэргийн хүрээндээ үлдсэн Галдан Бошготын хайрт хатан Ану эр нөхрөө мөн хүүгээ аврахын тулд амь хамгаалах шилдэг 300 цэргээ дагуулан дайсны хаалтыг сэтлэн зам гаргахаар манжийн их цэрэг рүү цусан зам татуулан дайран оржээ. Ойрадын энэ хэсэг цэрэг дайралдсан бүхнээ сэргэг хүчээр цөмлөн оржээ. Ану хатны хөтлөн дагуулж дайран орж ирсэн цэрэг араар нь ороон хааж байгаа манж цэргийг хоёр тийш ньяран бага "хаалга "нээв. Үүгээр Галдан Бошгот цэргийн үлдсэн цөм хэсгээ аван дайны талбараас гарахыг зорив. Харин энэ тулаан дундуур эрэлхэг зоригт Ану хатан дайсны суманд оногдон үхлийн шарх авчээ. Ийнхүү их тулааны талбараас хэдхэн зуун хүн хаантайгаа сугаран гарч, шандаст хүлгийн хурдаар Тэрэлжийн аманд хүрч араасаа хөөн айсуй дайснаас буруулав.

Галдан Бошгот цэргээ энд зохистой газар байрлуулан, дахин эргэж тулалдахыг хичээсэн боловч сарнисан хүч нь буцаж эвлэсэнгүй. Туул голын хоёр хажуу хөндийн элст булан, өтөг хадны дунд байлдаан бас шувтраагүй үргэлжилж, манж, хятад цэрэг хоёр талын өндөрлөгөөс их буугаар буудсаар байсан тул голын хоёр талын дэнж, ганга жалга, усны эрэг хүн малын сэгээр дүүрэв. Энэ тулалдаанд ойрадын цэргийн олон хүн алагдаж, шархадсаны дотор Ану хатан, баатар Булад, Хожуу нарын цэргийн том зүггэлтнүүд амь эрсдэн, 2 түмэн үхэр, 4 түмэн хонь бусад үлэмж зүйл манжийн цэргийн гарт орсон байна. Зуунмодны тулалдаанаас Галдан Бошготын цэрэг 3 хуваагдан зугтан гарсан ба тэдгээр цэрэг жанжид нь Тамирын галын Тайхар чулууны дэргэд цугларч, цаашид хэрхэх асуудлаа зөвлөн хэлэлцсэн боловч нэгдсэн шийдвэр гаргаж чадсангүй. Галдангийн гол жанжин Данзан Омбо, Дугарравдан нар цэргээ авч Алтай болон Завхан Хүнгүй рүү оджээ. Гагцхүү түүний шадар жанжин Данжила Галдан Бошготын дэргэд үлджээ.

Энэ тулалдааны дараа Галдан Бошгот манжийн эсрэг тэмцлээ тууштай үргэлжлүүлэхийг хичээсэн боловч дахин сэхээ авч чадахгүй байсаар 1697 оны З дугаар сарын 13-нд 53 насандаа Ац Амггай гэдэг газар таалал төгсчээ. Манж Чин улс ид мандан бадарч, хүчирхэгжлийнхээ үед байхад нь монгол нутгаа өмгөөлөн, тэдний түрэлтийг сөрөн зогссон сүүлчийн томоохон хүчин ийнхүү дарагдаж монголчууд манжийн эрхшээлд орж, уруудан доройтсон түүхэн хүнд мөч ирлээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen