Бөхөнгийн бэлчээр нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэв

Бөхөнгийн бэлчээр нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэв

 

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хамтран Монгол Улс дахь бог малын мялзан өвчний нөхцөл байдлын талаар хоёр дахь өдрөө чууллаа. Энэхүү уулзалтаар мал, амьтны өвчлөлтэй тэмцэх, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх, хандивлагчид болон түншүүдтэй хамтран ажиллах тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн монгол бөхөн, янгир, аргаль, хар сүүлт тэргүүтэй ховор төрөл зүйлийн амьтад мялзан өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул хариу ямар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ. Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "Зэрлэг амьтдын тархац нутаг, ундаалж буй ус нь малын бэлчээр нутаггай давхцаж буйгаас бэлчээр, усны хомстолд орж, дархлаа сулран, мал, амьтны халдварт өвчнөөр халдварлах, цааш халдвар тараах эрсдэл нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас энэ оны гуравдугаар сарын хугацаанд 5000 гаруй нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, үхэж хоргодсон. Гэвч бог малын мялзан өвчнөөр өвчилж байгаа зэрлэг амьтныг эмчлэх, урьдчилан сэргийлэх тарилга хийх асуудал боломжгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, бэлчээр усыг малын хөлөөс чөлөөлөх, хязгаарлах арга хэмжээ авах нь үр дүнд хүрнэ” гэсэн юм. Улмаар энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг мөрдлөг болгохыг судлаачдын зүгээс хөндөж байлаа. Тухайлбал, Амьтны тухай хуульд амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаапах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгахыг заасан байдаг. Мөн нэн ховор, ховор амьтны үндэсний хөтөлбөрт нэн ховор, ховор амьтны тархац нутгийгулсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, зэрэглэлийг дээшлүүлэх, тусгай хамгаалалтыг өргөтгөх арга хэмжээг зайлшгүй авах байдлаар нэн ховор амыны тархац нутаг, бэлчээрийг малын бэлчээрээс тусгайлан гаргахыг тусгасан байдаг аж. Нэн тэргүүнд эдгээрийг биелүүлэн ажиллах нь үр дүн авчирна гэж хуралд оролцогчид хэлж байв.


Б.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen