Монголын түүхийн “харанхуй зуунууд”

Монголын түүхийн “харанхуй зуунууд”

 

Ийм нэртэй нийтлэлийг Сергей Волков гэгч энэ оны гуравдугаар сарын 25-нд "Нээлттэй нийгэм” байгууллагын дэмжлэгтэйгээр бичиж нийтлүүлсэн байна. Зохиогч нийтлэлдээ "Washington post”-ын 1995 оны арванхоёрдугаар сарын дугаар, мөн "American Journal of Human Genetics” сэтгүүлийн 2003 оны гуравдугаар сарын дугаарыг ашигласан аж. С.Волков өөрөө аялагч бололтой. Манай улсад аялагчийн хувиар нэг бус удаа ирсэн юм байна.

Монгол хэмээх гүрнийг үндэслэгч Чингис хаан бол цэргийн суут жанжин байж хүн төрөлхтний түүхэнд агуу том гүрнийг байгуулсан бөгөөд тус улсын үндэсний баатруудын дунд эхний байрт зүй ёсоор бичигддэг нэгэн юм. 1995 онд Дэлхийн хэвлэл мэдээллийн төвөөс түүнийг зууны хүнээр нэрлэсэн байдаг. Харин Каспийн тэнгисээс Номхон далай хүртэлх уудам орон зайд амьдардаг 16 үндэстний генийн бүтцийг судалж, тэдгээрийг өөр хоорондоо ижил төст бүтэцтэй байсныг илрүүлсэн генетикчид 2003 онд Чингис хааныг хамгийн хүчирхэг эрээр шалгаруулсан юм. Урьдчилсан байдлаар, тэд генийн тэрхүү бүтцээ Чингис хааны эцгийн гентэй холбон тайлбарласан.

Гэвч өнөө цагт ингэтлээ алдаршаад байгаа Чингис хааны намтар, түүхэнд тайлагдашгүй оньсого хэвээр үлдээд байгаа зүйлс бий. Амьдралынх нь нарийн ширийнүүдийг түүний түүхэн байлдан дагуулалтуудаас нь түүхчид сайн мэдэх авч Чингис хаан хаана оршуулагдсан, ямар үндэстэн байсан нь ойлгомжгүй хэвээр байгаа. Түүнийг монгол хүн байсан гэдэг ч цэнхэр нүдтэй, шаргал үстэй байсан гэж дүрсэлдэг. Археологичид Монголын эзэнт гүрний нийслэл Хархориныг Орхоны хөндийд олсон хэдий ч судар бичгүүдэд өгүүлсэнчлэн уг газрын ойролцоо нэг ч сарьдаг өндөр цаст уул байсангүй. Хархорин болон их хааны харшийн талаарх тэмдэглэлүүдийг дундад зууны үеийн нэрт аялагч Плано Карпини, Гильом де Рубрук нар үлдээсэн байдаг. Гэвч тэдгээр тэмдэглэлд Өгөөдэй хааны харш өнөөгийн археологичдийн олсноос 10 дахин том байсан гэх. Түүнээс гадна энэ хоёр аялагчийн Орхоны хөндийд хүрсэн тэр хурд нь өнөөг хүртэл эрдэмтдийн гайхшралыг төрүүлсээр байдаг билээ. Тэдний тэмдэглэлээс үзвэл төсөөлөхийн аргагүй хурдтай буюу гурван сарын турш өдөр бүр 80-90 км замыг туулсан байх юм. Гэхдээ үүнээс ч илүү гайхаш төрүүлж, ойлгогдохгүй байгаа бас нэг зүйл нь монголчуудын хөгжин цэцэглэж, хүчирхэг байсан тэр үеийг батлах баримт өнөөгийн Монгол орны нутаг дэвсгэрээс ер олдохгүй байгаад оршино. Археологичид Монголд олон жилийн турш малталт хийсэн ч 13-14 дүгээр зууны үед эзэнт гүрэн хөгжин цэцэглэж байсныг нотлох ямар нэгэн үнэт зүйл, урлагийн бүтээлийг олж чадаагүй. Чингис хааны домогт түүхийн талаар Персийн Рашид ад-Дин, Жувейни зэрэг түүхчид хангалттай их бичсэн байдаг. Гэвч тэдний бичсэн түүхэнд Шамбалын орны тухай үлгэр шиг хоорондоо авцалдахгүй байгаа зарим нэг зүйл нь миний анхаарлыг ихэд татсан юм. Эдгээр зүйлсийн талаар өнөөдөр тайлбарлахад их ярвигтай байдаг учраас ихэнх тохиолдолд тэдний талаар дуугүй өнгөрөхийг хичээдэг болжээ.2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын өмнөхөн Улаанбаатар хотын төв талбайг Чингис хааны нэрэмжит болгон өөрчилсөн байдаг. Тухайн үед тус улсын хэвлэлүүдэд нийслэлийг ч түүний нэрээр нэрлэх тухай саналууд гарч байлаа. Чингис хааны тухай бичсэн ном, хийсэн кино тоогоо алдсан. Түүнчлэн Чингис хаан гэдэг нэр Монголын хамгийн ганган брэнд болж тансаг зочид буудлууд, жуулчны баазууд, ресторанууд, архи, онгоцны буудал хүртэл түүний нэрээр овоглогдов. Монголын хамгийн дээд шагнал нь ч Чингис хааны нэрэмжит одон юм. Их хааны дүр Монголын цаасан мөнгөн тэмдэгт дээр мөнхөрч, бэлэг дурсгалын зүйлс, тэмдэг, шуудангийн маркуудад өргөн хэрэглэгддэг болов. Өөрөөр хэлбэл, Чингис хаан гэдэг нэр өнөөдөр дэлхийд хамгийн их түгэж байгаа билээ.

Манай эриний эхний мянган жилийн үед Төв Азийн нутаг дэвсгэр дээр Хүннүгийн төрт улс, Түрэгийн каганат, Уйгарын хаант улс, Киданы эзэнт гүрэн бие биеэ халан бий болсон байдаг ба үүнийг гэрчлэх нүдэнд үзэгдэхүйц, гарт баригдахуйц маш олон зүйлс бидэнд уламжлагдан ирсэн байдаг. Тухайлбал, хот суурин, орд харшийн үлдэгдэл балгас, булшнууд болон урлагийн бүтээлүүд олдсон билээ. Өнөөдрийн байдлаар, дээрх улс гүрнүүдийг оршин тогтнож байсныг нотлох 200 гаруй хөшөө Монголд бий. Өөрөөр хэлбэл, монголчуудаас өмнө уг нутаг дэвсгэрт амьдарч байсан овог аймгуудын талаарх баримт, нотолгоонууд бий гэсэн үг. Тэгсэн атал Монголын зан заншил, ахуй соёл ид цэцэглэж байсан гэгдэх 13 дугаар зууны үеэс чамлахуйц бага зүйлс олдсон байдаг. Хүн төрөлхтний түүхэнд бий болсон хамгийн том эзэнт гүрэн болох Их Монгол Улсын эзэнт гүрэн хойч үеийнхэндээ оршин тогтнож байснаа нууцлан нэг ч баримтаа өвлөн үлдээгээгүй нь хачирхалтай. 13 дугаар зуунд ямар үйл явдал өрнөсөн талаар зөвхөн гар бичмэлүүдэд түшиглэн төсөөлж байгаа болохоос биш эдгээр гар бичмэлд бичигдсэнийг нотлох баримтуудыг археологичид өнөөг хүртэл олоогүй байгаа.

Дэлхийн музейнүүдэд Монголын анхны хаадын жинхэнэ түүхэн нотолгоо болох зүйлс маш бага бий. Гайхалтай гоё чимэглэлүүд, хөшөө баримлууд эсвэл тухайн үеийг илтгэсэн дурсгалын бичигтэй хүрэл эдлэл ч байхгүй. Дэлхийн бүх улс орнуудаас дээрэмдэж авсан хязгааргүй их баялаг, эзлэн авсан улс орнуудаасаа алба гувчуурт авч байсан хөрөнгө мөнгө зэрэг нь Монголын тал газар, элсэн цөлд сураггүй алга болсон тул археологичид ч, хэн нэг аялагч ч, нутгийн хүмүүс нь ч өнөөг хүртэл юу ч олсонгүй. Монголын эзэнт гүрний хөрөнгө мөнгийг Хархориноос Бээжин рүү нүүлгэн шилжүүлсэн гэж ярьдаг хэдий ч үүнийг нотлох баримтыг Хятадаас хайсан ч олоогүй гэдэг.

Яаж ч бодсон, ийм хүчирхэг, цэцэглэн хөгжиж байсан эзэнт гүрнээс бидний үед олсноос минь хавьгүй илүү зүйл өвлөгдөн ирэх ёстой байсан байж таарна. Археологичдын хувьд Монгол нутаг бол цагаан цаас биш, энэ улсын нутаг дэвсгэр дээр тэд эртнээс, олон жилийн турш малталт хийж ирсэн. 2005 онд Монголд болсон "Европын археологичдын Монголд хийсэн судалгаа” хэмээх олон улсын бага хурлын нээлт дээр тус улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж "Сүүлийн жилүүдэд манай улсад 10 гаруй орны судалгааны баг археологийн судалгаа, шинжилгээг явуулж байгаа бөгөөд тэдний ажлын үр дүнг түшиглэн 300 гаруй нийтлэл, нэг сэдэвт 40 зохиол бичигдсэн нь Монголын цөөхөн хэдэн археологичдын хувьд томоохон амжилт боллоо” гэж мэдэгдсэн юм.

Өнөөгийн Монгол болон Буриад улсын нутаг дэвсгэрээс олдож буй дундад зууны үеийн археологийн олдворуудын олонх нь Түрэгийн хаант улсад харьяалагддаг. Турк цагаан толгойн үсэгтэй булшны чулуунууд, монголчуудаас өмнөх үеийн жижиг суурингуудын үлдэгдэл балгас, Киргизийн хаадын булш зэрэг дурсгалт зүйлсүүд нь дээрх нутаг дэвсгэрт түргүүд амьдарч байсныг илтгэдэг. Харин Монголын анхны хаадын нэгнийх нь ч булш илрээгүй. Энэ байдлыг түүхчид Монголын хаадыг нууцаар оршуулж, булш байгааг илтгэх ямар нэгэн ул мөр үлдээдэггүй байсантай холбон тайлбарладаг.

Монголын тал газар салхи ихтэй, хөрс нь усанд идэгддэгээрээ онцлогтой. Цаг агаарын ийм онцлог нь эртний түүхийн олдворуудыг тусгайлан малталт хийлгүй олоход тус болдог. Олонх нь маш сайн хадгалагдан үлдсэн байдаг авч тэдний дунд 13 дугаар зууны үеийг гэрчлэх ядаж ганц дурсгалын хөшөө ч байхгүй. Олдсон цорын ганц зүйл нь томоохон ан хийхэд ашигладаг шороон далан юм. Энэ даланг ихэнх тохиолдолд Чингис хааны нэрээр нэрлэдэг ч үнэн хэрэгтээ далан маань түүнтэй ямар ч хамааралгүй бололтой. Учир нь даланг Чингис хааны үеийнх гэж итгэлтэйгээр хэн ч нотлож чадахгүй байгаа нь энэхүү даланг түүнээс өмнө эсвэл түүнээс хойш ч босгосон байх магадлалтай гэж ойлгогдоно.

1206 онд Онон голын хөвөөн дээр Монголын бүх овог, аймгийн хаадын хуралдай чуулж Тэмүүжинг их хаанаар өргөмжлөн Чингис хаан хэмээх цолыг хүртээсэн байдаг. Энэ л нэрээрээ тэрээр дэлхий дахинаа алдаршсан юм. Түүний хаанчлалын үед Монголын эзэнт гүрэн бий болж дэлхийн бүх газар нутгийг, тэр дундаа Шамбалын орны тухай домгийг эзэмшигч Түвдийг ч өөртөө захируулж чадсан байдаг. Магадгүй, монголчууд Шамбалын орны хил хязгаарт хүрсэн байж болох. Өнөөдөр үүнийг мэдэх арга алга, гэхдээ найман зууны туршид Чингис хаан болон Шамбалын тухай хадгалагдан ирсэн бүхнийг харьцуулбал их сонирхолтой үр дүн гарч мэдэх юм.

Шамбалын домогт хаадыг бодвол Чингис хаан болон түүний амьдралын талаар бид харьцангүй олон зүйлийг мэднэ. Гар бичмэл, судруудаас юутай ч Чингис хаан гэж хэн байв, хаана амьдарч байсан, хэнтэй хаана байлдаж байв, юу гэж айлдаж байсан, ямар хууль дүрмийг үндэслэн захирч байсан гэхчилэн ерөнхий дүр зургийг гаргаж болоод байгаа юм. Гэтэл Шамбалын орон, Чингис хаан хоёр нэгэн цаг үед зэрэг оршиж байсан, тэгээд ч нэг газар нутагтай байсан гэхэд өөр өөр ертөнцөд амьдарч байсан мэт хоорондоо ер учраагүй бололтой. Тэгэхээр 13-14 дүгээр зууны үед бий болсон Шамбалын тухай домог калачакрын тухай Буддын сургаалиас гадагш тархаж чадаагүй гэх магадлал өндөр. Учир нь Чингис хааны үед Монголд шарын шашин болон лам нар түгэн дэлгэрч амжаагүй, бөөгийн шашин ноёлж байсныг түүхчид нотолсон байдаг. Төв Азийн бөө нарын хувьд Шамбал гэсэн ойлголт байдаггүй, арай өөр ертөнцтэй, тэнгэрийг шүтдэг хүмүүс байдаг. Бидний үед бөөгийн судар, маань мэгзмээс тун цөөхөн нь уламжлагдан ирсэн байдаг бөгөөд тэдгээрт Шамбалын тухай нэг ч мэдээлэл байдаггүй, харин Чингис хааны нэрийг дурдсан нь бий.

Тэгтэл энэ нийтлэлд зориулж зургууд цуглуулахад Шамбалын орон байдгийг нотлох биет баримтууд (тухайлбал, Шамбалын орны Халх хаадын чамин хуягт танкууд болон Сатлежийн ойролцоо оршин тогтнож байсан хотуудын балгасны зураг) нь Чингис хааны хөрөг, түүнийг Монголд байсныг нотлох археологийн баримтуудаас ч олон байсан нь илэрсэн юм. Чингис хаан маш том газар нутгийг эзэлж явсан гэх цар хүрээнийхээ хувьд хамгийн өргөнд тооцогддог тэрхүү үйл явдал нь Монголоос бусад орны түүхэнд л тод ул мөрөө үлдээжээ. Гэтэл Монголын уран зураг, уран баримал, архитектурт Чингис хааныг дэлхийн талыг эзэлж явсныг илтгэх ямар ч ул мөр байдаггүй нь хачирхалтай. Их Монгол улсын эзэнт гүрэн хэрхэн хөгжиж байсан, мөн Чингис хаан эх орон болсон Монгол нутагтаа хэрхэн амьдарч байсан, түүний дээрэмдэж авсан хөрөнгө баялаг хаана байгаа, түүнийг төрийн эрх барьж байх үед бий болгосон урлагийн бүтээл юу байв гэх зэргийг нотлон харуулах биет баримт бараг алга. Гэтэл Чингис хаан болон Шамбалын орны талаарх мэдээллүүдийг харьцуулбал эсрэг үр дүн гармаар юм. (Өөрөөр хэлбэл, Чингис хаан бодит хүн байсан гэхэд үүнийг нотлох олдвор Шамбалын орныхоос ч бага гэсэн үг) Археологийн олдвор олдохгүй байгаа нь ирээдүйд эрдэмтэд маш чухал нотлох баримтуудыг олж авах магадлалыг зөгнөж байж болох юм. Аль эсвэл эсрэгээрээ, жинхэнэ бодит түүх бидний мэддэгээс тэс өөр байж болох. Магадгүй тийм ч учраас монголчууд Чингисийн онгоныг түрүүлж олохыг чухалчилж байгаа болов уу. Ингэснээр түүний онгоныг өөрсдийн нутаг дэвсгэрээсээ олохыг эрмэлзэж буй гадаадынхны, тэр дундаа Хятад, Казахстан улсуудын өрсөлдөөнд цэг тавих нь монголчуудын хувьд их хааны онгоныг олохоос ч чухал ажил байж мэднэ.

Одоо тэгвэл Чингис хааны эринд буюу 13 дугаар зуунд хамаарах шинжлэх ухааны түүхэн баримтуудын талаар авч үзэцгээе.

Перс болон Хятадын эх сурвалжуудад татар монголчуудыг дүрсэлсэн дундад зууны үеийн зургууд бий. Чингис хааны тухай нийтлэлүүдэд гол төлөв Рашид ад-Диний "Он цагийн түүвэр” судрын дундад зууны үеийн зургуудын хуулбарыг ашигласан байдаг. Гэвч эдгээр зураг Чингис хаанаас хойшхи үеийг дүрслэн харуулсан онцлогтой. Дундад зууны үед болсон дайн бүрийг Чингис хаанд хаяглаж, морьтой цэрэг болгоныг монгол дайчин гэх ойлголт уламжлал болон тогтжээ. Уг зургуудыг сайтар ажиглавал энэ бүхэн эндүүрэл гэдгийг ойлгох болно. Араб үндэстний малгай өмсч, мөрөндөө буу үүрсэн, их буугаар буудаж буй эдгээр цэргийг монгол дайчид гэж итгэхэд бэрх. 14 дүгээр зууны дунд үед л их буу бий болсон учраас Чингис хааны цэргүүд үүнийг яавч ашиглаж амжаагүй нь ойлгомжтой. Тиймээс зурган дээрх цэргүүд монголчуудад ямар ч хамаа байхгүй гэсэн үг. Гэсэн ч Персийн эдгээр зураг өнөөг хүртэл "Монголчуудын довтолгоо” хэмээн нэрлэгдсээр байна.

Рашид ад-Диний 1311 онд бичигдсэн "Он цагийн түүвэр” хэмээх дээрх сударт "Чингис хаан суудалдаа заларч байгаа нь. Түүний баруун гарт Өгөөдэй, Зүчи хэмээх хоёр хүү нь байна”, "Бухарыг буулган авсны дараа Чингис хаан дээдэс, ноёдуудыг хүлээн авч байгаа нь”, "Чингис хааны дайчид Желал адь-Диний дайчидтай тулалдаж байгаа нь”, "Чингис хааны австай тавцан” гэх зэрэг олон зургийг дүрслэн харуулсан байдаг. Мөн Стамбул хот дахь Топкапугийн музейд хадгалагдаж байгаа "Варка ба Гульсах” хэмээх 13 дугаар зууны үеийн гар бичмэлд монголчуудыг дүрслэн харуулсан нь бий. Түүнчлэн Японы "Тэнгисээс довтолсон тухай хуйлмал бичиг” хэмээх 1293 оны судраас монгол дайчдын хувцсыг олж харж болно. Харин Монголд Чингис хааны үеийг харуулах дундад зууны нэг ч зураг илрээгүй байгаа. Ингэхээр яагаад гэдэг асуулт зайлшгүй гарч ирээд байна. "Монголчууд нүүдлийн соёл хэмээх өвөрмөц иргэншилтэй улс учраас хот суурин босгох, урлагийн бүтээл туурвихыг зорьдоггүй байсан. Үүнтэй холбоотойгоор, тэдний талаар ямар нэгэн баримт үлдээгүй” гэх түүхчдийн яриа үнэмшил төрүүлэхгүй л байна. Нүүдлийн соёлтой бусад овог аймгууд (скифүүд, хазарчууд, Енисей мөрний киргизүүд) хойч үедээ маш олон биет зүйлийг өвлөн үлдээсэн төдийгүй урлагт өөрийн гэсэн өнгө аясыг бий болгож чаджээ. Маш олон гайхалтай түүхэн дурсгалт зүйлс дээр скифүүдийн нүүдлийн соёлыг харамгүй харуулсан байдаг. Томоохон зургийн цомгуудад илүү тодорхой харуулсан нь бий. Скифүүдийн алт, хүрэл олдворууд нь санаснаас ч олон.

Нэрт аялагчдын тэмдэглэлүүдээс бид Хархориныг үлгэрийн юм шиг гоё, цэцэглэн хөгжиж байсан хот гэдгийг мэднэ. Мөн энэ хотод материаллаг баялгийг тасралтгүй бүтээж байсан Европын маш олон дархчуул ажиллаж амьдарч байсныг мэднэ. Хархоринд өргөн их худалдаа, наймаа явагдаж, мөнгөний эргэлтэд нь дирхем, динар зоосууд маш их хэмжээгээр хэрэглэгдэж байсан гэдэг. Гэвч ийм зоос өнөөг хүртэл Монголоос олдсонгүй.

Археологийн олдвор цөөн учраас дундад зууны үеийн Монголын түүх одоог болтол сайн судлагдаагүй байгаа гэж нэрт монгол судлаачид үздэг. Харин түүхчид Монголын эзэнт гүрэн задран унасны дараагаар Монголын нийгэм яагаад эрс уналтад орсон шалтгааныг өнөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээс 13 дугаар зуунтай холбоотой археологийн материал олдохгүй байгаа учраас эрдэмтэд энэ зурвас үеийг "харанхуй зуун” эсвэл "хэлгүй зуун” гэж нэрийдэх саналыг гаргаад байгаа. Энэ явдал зарим эрдэмтэнд "өөр түүх”-ийн талаар хачин сонин таамаглал дэвшүүлэх сайхан сэдэв болоод байх шиг. Юутай ч, археологичид Монголын түүхийн "харанхуй зуунууд”-д гэрэл гэгээ оруулах олдворуудыг заавал олж чадах биз ээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen