ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, албан тушаалтны ёс зүй, харилцаа, ажлын бүтээмжийг сайжруулах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх сургалт, зөвлөгөөнийг Өмнөговь аймгийн төв Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд 2 өдрийн турш зохион байгууллаа. 15 сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга, Нийгмийн асуудал дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчин, уул уурхайн бодлогын мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар оролцож, бүх салбарын ажил үйлчилгээг сайжруулахад санал бодлоо хэлэлцэж УРИАЛГА гаргаж хэрэгжүүлэхээр боллоо. МУ-ын Засгийн газраас гаргасан 2017 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэнээрээ уг сургалт, зөвлөгөөн үр дүнтэй болсон юм.

Төрийн албан хаагчдыг сахилга хариуцлагатай ёс зүйтэй ур чадвартай болгох сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулаад зогсохгүй, төрийн анхан шатны байгууллага багийн Засаг даргыг ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулан дэмжиж, 38 багт шинэ мотоцикль өгсөн бол энэ удаад бүх багийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарт шинэ зөөврийн компьютер, принтерийг өгч иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээг илүү ил тод нээлттэй түргэн шуурхай болгохыг анхаарууллаа. Мөн сургалт зөвлөгөөний үеэр тэргүүний сумд өөрсдийн тэргүүн туршлагаа хуваалцаж, баг-сум-аймаг-нийслэлийн уялдаа холбоог сайжруулах УРИАЛГАД  тэд санал нэгдлээ.

УРИАЛГА:

Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 2017 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөнөөс төрийн бүх шатны байгууллагад дараахь уриалгыг  гаргаж байна. Үүнд :

-       Засгийн газрын 2017 оны  01 тоот албан даалгаврын заалт тус бүрийг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллах

-       Иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй үзүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ёс зүйн доголдол зөрчилгүй ажиллахыг төрийн албан хаагчид эрхэм зорилгоо болгох

-       Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган, төрийн үйлчилгээг цалгардуулсан, хариуцлагагүй хандсан тухай бүр хууль журмын дагуу хариуцлага  ногдуулж хариуцлагын тогтолцоог сайжруулж ажиллах

-       Төрийн албаны стандарт хангалтын талаар байгууллагадаа оршиж буй дутагдал зөрчлийг нэн даруй арилгаж "Төрийн албаны стандарт хангалтыг ижил түвшинд хүргэх” талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс дэвшүүлсэн стратеги зорилтыг хангаж ажиллах

-       Аймаг сумын удирдлагаас өгөгдсөн чиг үүрэг болон үр дүнийн  гэрээгээр хүлээсэн үүргийг  цаг хугацаанд нь чанартай бүрэн хэрэгжүүлдэг, заасан хугацаанд тайлагнаж дүгнүүлдэг, ажлын гүйцэтгэлээр урамшуулдаг тогтолцоог хэрэгжүүлж ажиллах

Хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны үр ашгийг сайжруулах нь төрийн албан хаагч бүрийн сахилга хариуцлага, санаачилга, ёс зүй, ажилдаа хандах хандлага, харилцаатай холбоотой тул ажлын хариуцлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар  бүтээлч сэтгэлгээг өрнүүлж, хууль, шударга ёсыг дээдэлж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж ажиллахыг нийт төрийн албан хаагч нараас уриалж байна.

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГСОД

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen