Монголын алдааг давтахгүйг хичээж буй Куба орон

Монголын алдааг давтахгүйг хичээж буй Куба орон

 

Социалист блокийн орнуудаас тогтолцоогоо хадгалж үлдсэн цөөн орны нэг Куба зах зээлийн эдийн засагт шилжсэн орнуудын туршлагыг хангалттай ажигласан гэж үзээд өнгөрсөн жилээс эхлэн эдийн засгийн шинэчлэлт хийж эхэлсэн билээ. Чех, Словак, Монгол, ЗХУ-аас салан тусгаарласан таван "Стан” зэрэг улс зах зээлийн системд шууд шилжсэнээсээ болж багагүй боломж алдсан. Энэ бүгдийг ажиглаж, дүн шинжилгээ хийсэн "Эрх чөлөөний арал”-ынхан хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт эдийн засагт аажмаар шилжих нь хамгийн зөв зам гэсэн дүгнэлт хийснээ энэ жилээс эрчимтэйгээр ажил хэрэг болгох бололтой. Тухайлбал, тус улсын эрх баригчид өнгөрсөн оны өдийд улс оронд ажиллаж байсан бүх үсчнээ орон тооны цомхотголд оруулж, тэдэнд ажиллаж байсан үсчний газруудыг нь хувьчилж өгснөөр Кубад хувийн хэвшил үүссэн. Харин одоо дараагийн алхмуудаа хийх цаг нь болжээ. 

 

Кубын Коммунист намын зүгээс иргэд хоорондоо үл хөдлөх хөрөнгө худалдаж, худалдан авч байхыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаад чамгүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ бүхнийг хэрхэн зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Кубын удирдагч Рауль Кастро орон сууцыг төрийн мэдэлд бариад байх сонирхол үгүй гэж мэдэгдэж байсан юм. Эдийн засагт шинэчлэлт хийх амин чухал 300 гаруй асуудлын дотор төсвийн ажилчдыг цомхотгох, газар тариалангийн салбарт хувийн хэвшлийг оруулж ирэх зэрэг асуудал багтаж байгаа юм. Кубын эрх баригчид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих удаан хугацааны төлөвлөгөө боловсруулснаа ийнхүү ажил хэрэг болгож байна. Кубачууд баяртай байна. Нээлттэй, ардчилсан улс болох мөрөөдөл нь ийнхүү "гарт баригдаж” эхэлсэн учраас тэр юм.

 

С.Төгөлдөр


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen