9000 км замыг туулсаар Энэтхэгийн мотоцикльч залуус Монголд ирлээ

 9000 км замыг туулсаар Энэтхэгийн мотоцикльч залуус Монголд ирлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг Улсын иргэн Деепал Камат, Дилип Кришна Бхат, Судхар Прасад нар 9000 км замыг туулж манай улсад иржээ. Тэд өнөөдөр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол орон даяар өнөөдөр наадам эхэлж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж буй энэ цаг үед Энэтхэгчүүдийн энх тайван, сайн санаа, нөхөрлөлийн бэлгэдэл болж, мэргэжлийн мотоцикльчид  Энэтхэгийн ард түмний мэндчилгээг уламжлахаар ирснийг гэдгийг онцлов. 

 
Гурван мотоцикльчид анх 6 дугаар сарын эхээс аялалаа эхэлж, Тажикстан, Узбекстан, Киргизстан, Казакстан, ОХУ-аар дайрч өчигдөр манай улсад иржээ. Тэднийг Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт манай 10 гаруй мотоцикльч тосон авч, Энэтхэгийн ЭСЯ-нд хүргэж өгсөн нь тэдэнд гайхалтай бэлэг болж чадсан аж.

Тэд энэхүү аяллаа гурван жилийн өмнөөс ярьж байсан бөгөөд сүүлийн 8-10 сард аялалд гарах бэлтгэлээ эрчимтэй хангаж замд гарсан гэнэ. Одоо энэхүү гурван аялагч залууг дахиад 5000 км зам хүлээж байгаа ба маргааш үдэд манай улсаас хөдөлж, Улан-Үдэ рүү зүглэх юм. Өөрөөр хэлбэл энэтхэг залуусын аялал нийт 14 мянган км үргэлжилж, ирэх сарын 7-нд Энэтхэгт очсон байх нь. 

Монголд хийсэн аялал тэдэнд их онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Тэд наадмыг тааруулж манай орноор аялна хэмээн төлөвлөсөн байжээ. Тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу монгол оронд ирсэндээ баяртай байгаагийн дээр монголчуудын элгэмсэг зан чанарыг ихэд бахадсан гэдгээ ярьж байв.



Энэхүү аялалын маршрутыг сонгож аялах болсон шалтгаан нь нэгдүгээрт танин мэдэхүйгээ нэмэгдүүлэх, нөгөөтэйгүүр Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн "Бажаж" хэмээх энгийн хэрнээ хүчитгэсэн дугуйтай мотоцикль нь байгаль цаг уурын нөхцөлд холын замыг хэрхэн туулахыг турших, улмаар чанартай эд ангитай гэдгийг нь нотлоход чиглэжээ.
 
Тус хэвлэлийн бага хуралд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболд оролцож, тэдний аялалд амжилт хүссэний зэрэгцээ дараагийн аялалыг Монголын талаас зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
montsame
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen