АНУ хятад эмэгтэйд 150 жилийн ял төлөвлөж байна

АНУ хятад эмэгтэйд 150 жилийн ял төлөвлөж байна

АНУ-ын Калифорниа мужийн оршин суугч эмэгтэйг АНУ-ын сансрын технологийг Хятадад хууль бусаар шилжүүлсэн хэрэгт буруутган баривчилжээ. Энэ талаар өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснийг ТАСС уламжлав. Хятад гаралтай, 32 настай Сы Чэнь нь Калифорнийн Помонд амьдардаг бөгөөд хуйвалдаан зохион байгуулж худал мэдүүлэг өгсөн, мөнгө угаах хэрэгт буруутгагдаж, өнгөрсөн мягмар гаригт баривчлагдсан байна.

Мөрдөн байцаалтын явцад сайхь эмэгтэй 2013 оны гуравдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд хуурамч бичиг баримт ашиглан, Хятад улс руу тоног төхөөрөмж, ялангуяа Америкийн сансар судлал, батлан хамгаалах салбарт ашигладаг тоног төхөөрөмж илгээж байсныг олж тогтоосон байна.

Прокурорын мэдээлснээр, түүний хамсаатнуудыг БНХАУ-д баривчилсан байна. Хууль бус ажиллагааныхаа төлөө Сы Чэнь байнга хөлс мөнгө авч, түүнийгээ Хятад дахь гэр бүлийнхээ нэгний дансанд хийж байжээ. Калифорнийн Төвийн тойргийн холбооны прокурорын үүрэг гүйцэтгэгч Сандра Браун "Манай улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц бараа бүтээгдэхүүнийг гадаадад гаргах боломж олгож, дамжуулж өгч байсан хүмүүсийг олж илрүүлэн, хариуцлага тооцох болно” гэж хэлжээ. Сы Чэнь гэм буруутай нь нотлогдвол түүнд 150 жилийн хорих ял оноох аж.

 

Сэтгүүлч Ч.Зэвэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen