“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам өндөрлөлөө
“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам ням гаргийн орой Хятад улсын нийслэл Бээжин хотноо ёслол төгөлдөр өндөрлөлөө. Хаалтын ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй олон хүн оролцсон байна.
Бээжин, Яньцин болон Жанчхүү гэсэн гурван газар есөн өдөр үргэлжилсэн уг олимпын наадамд зургаан спортын төрлөөр 78 тэмцээн уралдаанд 46 улс орны 600 орчим тамирчин оролцсон юм. Зохион байгуулагч Хятад улсын баг нийт 61 медаль, тэдгээрийн дотор 18 алтан медаль хүртсэнээр энэ паралимпын наадамд медалийн тоогоор тэргүүлсэн бол Украин улс нийт 29 медаль хүртсэнээр хоёрдугаар байрт орлоо. Харин Канад улс нийт 25 медаль хүртсэнээр гуравдугаарт оров.
Энэ удаагийн паралимпын наадамд олон тамирчин гайхалтай амжилт, үзүүлбэр үзүүлсэн байна. Тухайлбал, АНУ-ын баг пара хоккейн төрлөөр энэ олимпоос алтан медаль хүртсэнээр дөрвөн паралимп дараалан алтан медаль хүртсэн амжилтын эзэн болжээ. Мөн Канадын гүйлтийн цаначин Брайан МакКивер “Бээжин-2022”-т оролцсоноор зургаан олимпын наадамд оролцсон амжилтын эзэн болж, 16 дахь алтан медалиа хүртсэнээр паралимпын түүхэнд хамгийн олон алтан медаль хүртсэн эрэгтэй тамирчин болох Германы уулын цаначин Горд Шофельдертой амжилтаараа зуузай холболоо.
Паралимпын хаалтын ёслолын үеэр Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлэхдээ, “Тамирчид та бүхний үзүүлбэрүүд хамгийн хүнд хэцүү цаг үед гэрэл гэгээ түгээлээ. Та бүхэн түүх бүтээлээ. Та бүхэн итгэл найдварын гэрэлт цамхаг, энх тайвны төлөө тэмцэгч болж, үгээрээ бус үйлдлээрээ үлгэрлэж чадлаа” гэв. “Бээжин-2022” паралимпын хаалтын ёслолын үеэр паралимпын тугийг 2026 оны өвлийн паралимпыг зохион байгуулах Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотод гардуулан өгсөн байна.