Цагаан сарын ёс уламжлал, идээ будаа засах ёсон

 Цагаан сарын ёс уламжлал, идээ будаа засах ёсон
Цагаан сарын ёс уламжлал, идээ будаа засах ёсон

Монголчууд бидний уламжлалт баяр "Цагаан сар” болоход сар ч хүрэхгүй хоног үлдлээ. Энэхүү баяраар хүндэтгэлийнхээ тавгийг бид ул боовоор засдаг уламжлалтай. Тэгвэл идээ будаа, бэлэг сэлтээ бэлтгэх гээд ид ажилтай яваа энэ үед ул боовыг хэрхэн засах, мөн үүнийг хүндэтгэн засах болсон учир шалтгааны тухай хүргэж байна. Тавгийн идээг зүгээр нэг хэдэн ул боов өрөөд засчихдаггүй. Энэ бол Цагаан сарын баярын гол идээ учраас үүнд өөрийн гэсэн засах учир жанцан бий. Тэгвэл тавгийн идээ засах уламжлалт ёс, бэлгэдлийн тухай энд бэлтгэлээ.    


УЛ БООВ ХЭМЭЭН НЭРЛЭСНИЙ УЧИР? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэй холбогдож, мэдээлэл солилцож, хүч авч байдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, өөр орон зай руу шилжиж байдаг. Тэгэхээр "явах” гэсэн бэлгэдэл буюу "урагшлах” гэсэн бэлгэдлийг агуулж "ул боов” хэмээн нэрийджээ.

УЛ БООВ Урт наслахын бэлгэдэл

Өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад "Тэдэн улыг өнгөрүүлжээ”, "Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн бэлгэдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Энэ нь элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Эрт үед "ул элээнэ” гэж ярьдаг байсан нь өнөө цагт "оймс элээнэ” гэж ярьдаг болжээ. Хүний таван махбодыг бэлгэдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг учиртай. Тавгийн идээний дээш явах үеийн тоо гэрийн эзний наснаас хамаарна. Дээшлэх нь нас, доод тойрог нь бие байдаг байна. Одоо айлууд доод сууриа гурваар, дөрвөөр тойруулан тавьдаг нь бэлгэдлийнхээ хувьд буруутаж байгаа хэрэг. Таван махбодийг бэлгэдсэн байхад дутуу сууриар засвал өөрийн махбодоо үгүй хийж буйг илэрхийлэх ажээ.


Залуу хүмүүс ТАВААР ГУРВАН ҮЕ явах ёстой

"Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ, эсвэл гурван үеэ үзээгүй залуус ингэж засдаг. Гурван үеэ үзээгүй хүн гурван үеэ үзэхийн бэлгэдэл болгон таваар гурван үе таваг засдаг учир ийм.

Хэчнээн үе засах ёстой вэ? 60-80 хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе тавгийн идээ засдаг уламжлалтай.

УЛ БООВ ДОТРОО ГУРИЛ, БУДАА ХИЙХИЙГ ЦЭЭРЛЭДЭГ

Манайхан таваг доошоо хонхойж орох гээд байна хэмээн дотор талыг нь гурил, будаа хоёроор дүүргэх нь элбэг. Тэгвэл үүнийг цээрлэдэг төдийгүй харин зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулна. Дан цагаан идээ байрлуулдагийн учир нь тухайн цагийн ёс заншил, ахуй соёл нь өөрөө мал аж ахуйгаасаа хүн ард нь шууд хамааралтай байсныг илтгэдэг. Малын ашиг шимээр хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарцгаадаг байв.

ЕЭВЭН биш, ӨРӨМ дэвсдэг нь Монгол уламжлал

"Ирэх жилдээ мал төл маань ийм хишгийг дахин авчраарай” хэмээн сайн сайхныг бэлгэдэн дуудаж цагаан идээгээ ул боов дээрээ байрлуулна. Мөн тойруулж өрсөн ул боов сав хэмээн тооцож, таны энэ сав биен дотор далд ертөнцөөс ирсэн мөн чанар оршиж байгаа хэмээн үздэг байна. Таны мөн чанарыг цагаан зүйлээр орлуулан бэлгэдэж, хүндэтгэдэг. Ингээд орой дээр нь өрөм дэвсэж өгнө. Харин эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавгийн идээн дээр еэвэн тавьдаггүй. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэх ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа бэлгэдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм. 


Айлд ороод шууд тавгийн идээнд нь хүрдэг үү? Тавгийн идээг гэрийн эзнээ хүндэтгэн засдаг учраас зочид айлд ормогцоо шууд гол тавгийн идээнд хүрч болдоггүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа хэрэг юм. Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой. "Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрнэ. Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой.

Гэрийн эзэн талийгч болсон ч ТАВГИЙН ИДЭЭ засах ёстой

Хэрвээ гэрийн эзэн талийгч болоод удаагүй, өөрөөр хэлбэл гурван жил болоогүй бол талийгчдаа зориулан тавгаа таваар, есөн үе засдаг. Нэгэнт яваад өгсөн юм чинь гээд хэдхэн боов тавьчихаж болохгүй. Гэхдээ талийгчдаа зассан тэрхүү идээ тусдаа тавигдана. Эцгийн явсны дараа гурван жил бүсгүй хүн ул тавихыг хорьдог, цээрлэдэг. Мөн тухайн айлын хүндэтгэлээс хамаарч өвчүү тавьдаг. Өвчүү бол хойчийн буянд зориулагддаг. Боломжтой бол үхрийн өвчүү, боломж бололцоогүй бол хонины өвчүү тавьдаг. Талийгчдаа зориулсан тавгаа ширээнийхээ хойморт засч, зочдоо зална. Гэхдээ энэ нь талийгчид тавьсан хүндэтгэлийн идээ учраас хүн хүрэхийг цээрлэдэг. Харин хүмүүс талийгчид буян нэмэхийг хүсвэл цагаан идээ нэмдэг. Талийгчдаа зориулсан идээгээ хураагаад хүртдэггүй, амсдаггүй бөгөөд үүнийг галын тахилгад өргөдөг.

ЦЭЭРЛЭХ ЁСОН

Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ. Мөн тийм бүсгүй айлд айлчлахад шүүсэнд хүрэхийг хориглоно. Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ. Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээдэг. Идээгээ хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь, удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн бэлгэддэг ёстой.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen