АН-ын ахмадууд залууст зайгаа тавиад холдох цаг болжээ

АН-ын ахмадууд залууст зайгаа тавиад холдох цаг болжээ

 

Нам төр сонирхдоггүй хүмүүс ч одоо үүнийг зөвшөөрнө. Ардчилсан нийгэмд сөрөг хүчингүй шахам засаглах нь буруу гэдгийг эрх баригч намын гишүүд ч мэдэрч эхэлсэн байна лээ. Гэтэл өнөө Ардчилсан намынхан маань нэгдэх тухай бодож байгаа юм алга. Ирэх аравдугаар сарын 10-нд УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болно. Энэ сонгуулийн үр дүн ямар ч гарсан төр засгийн хэмжээнд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ МАН иргэдийнхээ итгэлийг хэр дааж байгааг, АН-ынхны орон зай ямар хэмжээнд дутагдаж байгааг хэмжих юм. Ийм байтал 2020 оны УИХ-ын сонгуульд С.Эрдэнийг тойрон хүрээлсэн бүрэлдэхүүнтэй орж намын жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг ч дорвитой авч чадаагүй, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр хуваагдан муудалцсаар цэвэр ялагдсан АН-ынхан өөрсдөдөө дүгнэлт хийгээгүй яваа бололтой. Учир нь, М.Тулгатын хийгээд О.Цогтгэрэлийн хэмээх хоёр АН хоёулаа тус бүртээ Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж Үндэсний аудитын газарт материалаа явуулснаа зарлалаа. Сонгуулийн ерөнхий хороо аль нэгийг нь бүртгэж авч таарна. Хоорондоо учраа олохгүй бол хамтдаа хасагдах ч аюул байгаа.

С.Эрдэнийн талын АН-ын дарга гэгдэх М.Тулгатын яриа хэвлэлд гарчээ. Тэрбээр ярилцлагадаа “АН олон толгойтой юм шиг харагдаж, жирийн гишүүд маань ч төөрч будилсан байдалтай байгаа нь бодит үнэн. Ийм байдлаас яаралтай гарах хэрэгтэй байна. Надад лав АН болон Монголын ардчилалын нийтлэг эрх ашгаас давсан хувь хүний амбиц байхгүй. Нөгөө талуудтай нээлттэй ярьж хэлэлцэж, аль аль талаас тодорхой буулт хийх шаардлага гарвал миний зүгээс бэлэн байна. Тиймээс ч та бүхэн анзаарсан байх, би ерөөсөө хэвлэл мэдээлэлд гарахгүй байгаа. Өөрийгөө АН-ын дарга гэсэн 2-3 хүн энд тэнд зэрэг гараад, бие биенээ үгүйсгээд явах тусам нийгэмд муухай харагдана. Одоогоор намайг шүүх бүртгэж аваагүй байгаа учир, албан ёсны бүх юман дээр С.Эрдэнэ дарга гэж яваа. Мань хүн өдөр тутмын шийдвэрээ гаргаад, хурлаа зарлаад, тушаалаа гаргаад явж байгаа болохоор үнэнийг хэлэхэд би дотоод ажилд бараг оролцохгүй байгаа. Хийвэл нэгмөсөн хариуцаад хийе, үгүй бол хоёрын хооронд дарга ч юм шиг, биш ч юм шиг байдалд өөрийгөө дарга гээд чичрэн дайрах хүсэлгүй байна” гэж ярьжээ.

Тэгэхээр залуус нь нэгдэж нийлэх хүсэлтэй байгаа боловч өнөөдөр АН-ыг жинхэнэдээ С.Эрдэнэ толгойлсон хэвээр байгаа юм байна. УИХ-ын сонгуулиар намаа илт ялагдуулсан, Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө намаасаа өрсөлдөж ард түмний зургаан хувийн санал авсан хүн намаа залуу халаадаа бүрэн шилжүүлээд явчихаж чадахгүй сууж байна шүү дээ. Мэдээж, түүнийг намын ажлаасаа хөндийрөөд явчихвал саяхан Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан Х.Баттулга ирээд суучихна гэдэг айдас л бариад байгаа хэрэг. Улмаар Х.Баттулгад таалагддаг хүмүүс энэ намаас улс төрийн сонгуулиудад өрсөлдөх асуудал үүсэж таарна. Үүнд хаалт, хамгаалалт болж байгаа гэж С.Эрдэнэ итгэж яваа байх л даа. Х.Баттулга ч тэр, С.Эрдэнэд ч тэр ар талд нь тулж түшиж байгаа АН-ын ахмадууд бий. Товчхондоо, Х.Баттулгын талыг баримтлагч “ордны АН”, С.Эрдэнийн талын “гудамжны АН” л бий болчихжээ. Энэ хоёрын голд МАН-ынхан хоёр сонгууль дамнан тоглолоо. Х.Баттулгад хөндлөн тэнхлэгийн төмөр замыг Тавантолгойн ашгаар барих эрхийг өгч эрх баригчид эрхлүүлж явлаа. Тэр Х.Баттулга, У.Хүрэлсүхийн нөхөрлөл 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-ыг арчиж орхисон юм. Сүүлд Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнэ нэр дэвшихээр гүрийж зүтгэсэн нь Х.Баттулгаас л хариугаа авсан үйлдэл л дээ. С.Эрдэнийнхэн нь Х.Баттулгыг намынхнаа шоронд явуулсан, эрх баригчидтай сүүлэрдэг гэж буруутгадаг бол нөгөөх нь хариуцлага хүлээхийг шаардаж байна. Өнгөн талдаа ийм болохоос цаанаа АН-ыг хэдэн ахмадуудынх нь өс хонзон нураалаа. Алтан хараацайнууд нь эхнээсээ 70 хүрч сүүлээсээ Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар нь 50 гарчихсан байхад одоо залуусдаа зай тавих цаг нь болсон юм биш үү. С.Эрдэнэ хийгээд Х.Баттулга аль аль нь АН-д ч, улс төрд ч хэрэггүй болсон байна. Энэ АН, ардчиллаар овоглодог хууччуул нь бүхэл бүтэн хоёр гурван үеийг дараад хэвтчихсэн байгаа биз дээ. МАН-тай нь харьцуулаад хар л даа. Ийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч нь зургаахан хувийн санал авч байгаа юм.

Одоо нэг хэсэг нь явахгүй гэж цамнаж, нөгөө тал нь ирнэ гэж айлгаж байхаар бүгдээрээ болиод залуу дарга нартаа зөвшилцөх боломжийг нь олгоод хараад сууж байх хэрэгтэй байна. Монголын залуус энэ хэдэн өвгөчүүдийн мэддэгээс их өөр болсон. Тэдэнд эрхийг нь өгчих юм бол олон нийтийг дагуулаад босоод ирнэ. Залуус ч нам, лам гэлгүй үзэл бодлоороо нэгдээд явчихна. Ардчилал, Ардчилсан нам хоёрыг хольж хутган өмчирхөж ирсэн өнгөрсөн 30 жилийн зам орчин цагтайгаа нийцэхгүй байна аа. Тэр байтугай үзэл бодол ч алга. Энэ талаар М.Тулгат “Миний зүгээс хэдийгээр нэгдэх, нягтрахын төлөө ярьж байгаа боловч, үзэл санааны хувьд яалт ч үгүй зүүний социалист нөхдийг АН-д гуйж ирүүлэх шаардлага байхгүй. Хүний нэр дурьдах зохимжтой биш ч, ойлгомжтой байх үүднээс жишээ болгоход Н.Алтанхуяг, З.Энхболд зэрэг зүүний радикал үзэлтэй болохоо үг, үйлдлээр олон дахин харуулсан хүмүүс АН-аас хол явах хэрэгтэй. Хүн улс төрийн ямар ч үзэл баримтлалтай байж болно, хувь хүний сонголтын асуудал. Түүгээр нь буруутгахгүй. Харин нэгэнт зүүний социалист, эсвэл үндэсний социалист үзэлтэй бол тэр чиглэлийнхээ намыг л бараадах нь зөв юм” гэсэн байна лээ. Өөрсдийнх нь мөн чанарыг ил тод зарлаад, авах ёстой эрх мэдлээ нэхээд байгаа нь, энэ. Хамгийн харамсалтай нь, улс төрийн тайзан дээр амьдрах хүсэлтэй ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадахаа байсан энэ хүмүүсээс болж манай улсад нэг том нам, бусад бэлгэдлийн нам гэсэн хэсэгт хуваагдах дээрээ туллаа. Жинхэнэ “Дүр эсгэсэн ардчилал” гэдэг чинь тогтох нь байна. Ардын намын хэмжээгүй эрх мэдлийг дагасан согогууд тодрох тусам олон нийт хүчтэй сөрөг хүчин, АН-ын сэргэлтийг улам ихээр хүлээж байгаа. Гол нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд шинэчлэгдэх ёстой. Тийм болохоор АН, ардчиллын нэрээр нэг насаараа эрх ашгаа хангаж явсан хүмүүс одоо үнэхээр эх орондоо хайртай бол чимээгүй тэтгэвэртээ гар даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen