Уул уурхайн салбарын төсөвт оруулсан орлого өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өсчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны эхний 11 сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

Энэ эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт 2.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс, нүүрс 1,1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр  65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад  69.5 тэрбум төгрөг.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өсчээ.

Мөн салбарын экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 574.8 сая ам.доллараар буюу 8.9 хувиар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83.0 хувийг эзэлжээ.

Импорт 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 212.3 сая ам.доллараар буюу 4.0 хувиар мөн өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 35.9 сая ам.доллараар буюу 3.0 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.

2019 оны эхний 11 сард 1.0 тэрбум ам.долларын 1.7 сая тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 229.6 мян.тн-оор, үнийн дүнгээр 43.1 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.3 хувийг автобензин, 67.7 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Г.НОМИН, IKON.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen