Валютыг дотооддоо үлдээх шийдэл

Валютыг дотооддоо үлдээх шийдэл

 

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс шингэн сүүний импортыг хориглох тухай шийдвэр дөнгөж гаргаад байна. Ерөнхий сайдаар ахлуулсан уг зөвлөл энэ онд экспорт, импортын стратегийн хүнсний тоо, хэмжээг хэлэлцэж гаргасан юм. Монгол Улс хөдөө аж ахуйн орон хэмээн бид "толгой хаялах” дуртай. Гэвч дотоодын сүүний хэрэгцээнийхээ дөнгөж 30 гаруйхан хувийг хангаж байгаа нь бодит үнэн. Тиймээс үлдсэн хэрэгцээгээ импортоор нөхөж ирсэн. Мал аж ахуйн эдийн засагтай улсын хувьд энэ нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Гэхдээ бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулахаас өөр аргагүй.

 

Манай улс энэ онд нийт 4240 тонн хуурай сүү импортлох юм. Хамгийн гол нь шингэн сүүний импорт хийхгүй. Сүү бол стратегийн хүнсний нэг. Бэлчээрийн маллагаатай үнээний сүүний гарц өвлийн улиралд эрс багасдаг. Ийм нөхцөлд дан ганц үнээний шингэн сүүгээр иргэдийн хэрэгцээг хангах боломжгүй. Өвөл сүүний хэрэгцээний дутууг хуурай сүүгээр нөхдөг нь дэлхий нийтийн жишиг. Манай улс импортолж буй хуурай сүүнийхээ 95-96 хувийг Шинэ Зеланд, ОХУ, БНСУ зэрэг орноос авч байна. Шингэн сүүнд шилжүүлсэн байдлаар 30 гаруй сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн импортолж байгаа гэсэн үг. Энэ нь нийт сүү, сүүн бүтээгдэхүүний зургаа орчим хувийг эзэлж байна.

 

Дотоодын томоохон компаниуд импортын хуурай сүүгээр технологийн дагуу үйлдвэрлэл явуулж, зах зээлд нийлүүлснээр сүүний хэрэглээний дутууг нөхеж, хангамжийг нэмэгдүүлж ирсэн Статистик мэдээнээс үзэхэд хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн нийт сүүний дөнгөж 2.3 хувийг боловсруулах үйлдвэрт хүлээн авч байна. Энэ нь улирлын онцлогтой бөгөөд зуны саруудад сүүний нийлүүлэлт огцом нэмэгдэж, илүүдэл үүсдэг.

 

Манай улсын сүүний нийт үйлдвэрлэлийн 70 гаруй хувь нь зуны улиралд зонхилж байна: Хэдий сүүний гарц, хэмжээ нэмэгддэг ч газар дээр нь хөргөх, хадгалах боломж тааруу хэвээр өнөөдөртэй золгосон дүр зураг олон жилийг элээжээ.

Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20.4 хувиар өссөн ч эрэлт, хэрэгцээг 50 хувь хангах түвшинд хүрээгүй байна. Түүнээс гадна хот, суурин газрын хүн амын тоо эрс нэмэгдэх болсон. Энэ нь сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ улам өсөн нэмэгдэх шалтгааны нэг. Манай улсын хувьд нийт үйлдвэрлэж байгаа сүүнийхээ дөнгөж 10 гаруй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа юм. Тиймээс энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд 20 хувьд хүргэх зорилт тавьж ханцуй шамлаад байна.

 

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, зөвлөх инженер Т.Дамдинсүрэн "Хуурай сүүг сэргээж, шингэн төлөвт шилжүүлэн үйлдвэрлэсэн болон шингэн сүү, сүүн бүтээгдэхүүний чанар эрс ялгаатай юм шиг буруу, ташаа ойлголт, сургалчилгаанаас болоод сүүлийн үед хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна” хэмээн өгүүлсэн удаатай. Манай улсын хүн ам ихээр төвлөрсөн хот суурин газрын бүсэд хар тарлан, талын улаан, симментал, алатау зэрэг үүлдрийн саалийн үнээ голлодог. Тэгэхээр монгол үнээний сүү гэж хэт туйлшрах нь өрөөсгөл болжээ.

 

"Импортын шингэн сүүг хумих нь дотоодын үйлдвэрлэлд эерэг нөлөөтэй. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх төдийгүй үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглах боломж бүрдэнэ” хэмээн "Сүүтэй Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн н.Болормаа ярьж байсан. Одоо байгаа үйлдвэрүүдийг түүхий эдээр бүрэн хангах үүднээс сүүний чиглэлийн 50-300 үнээний цогцолбор олныг байгуулах, томоохон компаниуд сүүний үнээний фермтэй болох хэрэгтэй байгаа аж. Сүүний үйлдвэрлэл тогтмол явуулж буй томоохон аж ахуйн нэгжээс гарын таван хурууид багтах нь үнээний фермтэй гэдэг. Тэгэхээр түүхий сүүний нөөц байхгүй тул импортын сүүгээр үйлдвэрлэлээ явуулж байна гэсэн үг. Дийлэнх нь шингэн сүүнээс гадна хуурай сүү түлхүү импортолж буй. Гэхдээ шингэн сүү нь бага хувийг эзэлдэг.

 

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортын шингэн сүүг хориглосон нь дотоодод сүүний ферм хөгжих, улмаар ажлын байр бий болж, иргэдийн орлого нэмэгдэх чухал хөшүүрэг болно. Тэрчлэн сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тогтвортой төдийгүй хямд байх бололцоог олгох ач холбогдолтой. Нөгөө талаасаа гадагш урсах валютын урсгалыг дотоодод авч үлдэнэ гэсэн үг. Импортын шингэн сүүг хориглосон ч хуурай сүүг урьдын адил дотоодын үйлдвэрүүд авч ашиглах нь хэвээр.

 

Томоохон хот, суурин газрын хүн амыг үнээний шингэн сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах талаар өмнө нь тавьсан зорилтууд тэр болгон хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, хоногт таван тонн сүү хөргөх, хадгалах зориулалттай 50 төв барих зорилт одоо болтол цаасан дээр дурайж байна. Даанч чадал муу ийм нөхцөлд импортын "шошго”-той болгоныг халах боломжгүй. Хэрэглээний эдийн засагтай нь бидний сул тал. Үйлдвэрлэгч болох хамгийы боло.мжтой салбар нь хөдөө аж ахуй. Гэвч сүүний үйлдвэрлэл зуны их "нөөц”-өө нэгэнт хуримтлуулж чадахгүй тул импортын хуурай сүүнээс цаашид ч хамааралтай байх нь.

 

Улсын хэмжээнд одоогийн байдлаар хоногт 230 мянган литр сүү боловсруулах хүчин чадалтай нийт 100 гаруй үйлдвэр, цех байгаагаас нийслэлд 45 нь үйлдвэрлэл эрхэлж байна. Эдгээрээс ердөө 8-10 нь жилийн турш тогтвортой ажиллаж, хүчин чадлынхаа дөнгөж 40 хүртэлх хувийг ашигладаг гэсэн статистик үзүүлэлт бий. Манай улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403 сая литр. Үүнээс нийслэл хотод 163.1 сая литр буюу хоногт 447 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэгцээтэй болдог байна. Энэхүү хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа гэвэл үнэндээ өрөөсгөл. Импортын хуурай сүү дотоодын зах зээлийн жинтэй хувийг эзэлсэн хэвээр байна.

 

БНХАУ, ХБНГУ, Итали. Бельги зэрэг улс жилд тус бүр нэг тэрбум ам.доллараас дээш хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор худалдан авдаг гэсэн статистик бий. Манай улсын хувьд импортын шингэн сүүг халсан нь дотоодын эдийн засагт оноо авчрах нь эерэг шийдэл болж байна. Дэлхийн томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч орнуудын дийлэнх нь буюу 70 гаруй хувь нь сүүгээ дахин боловсруулж байгаа юм. Тодруулбал, хуурай сүү болон тараг, бяслаг болгодог аж.

 

Дэлхийн нийтийн сүү, сүүн бүтээгдэхүүний импортын 71.8 хувийг хуурай сүүний импорт эзэлж байна. Хуурай сүүний импортоор БНХАУ, Хонконг, Саудын Араб, Алжир тэргүүлсэн хэвээр. Манай хоёр хөрш болох БНХАУ импортолсон хуурай сүүний хэмжээ болон үнийн дүнгээрээ, ОХУ хуурай сүүний импортын өсөлтөөрөө толгой цохиж буй. Тухайлбал, БНХАУ-аас дэлхийд хуурай сүүний экспортоор тэргүүлэгч зургаан улс орноос үйлдвэрлэлийн түүхий эдээ татан авч байна. ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд хуурай сүүний импорт нь тогтвортой өсөх болсон. Тэгэхээр хуурай сүү импортлох нь ердийн үзэгдэл бол шингэн сүүний импорт эдгээр орнуудад маш бага хувийг эзэдж байна. Импортын щингэн сүү нь эрүүл ахуйн талаасаа ч эрсдэлтэй тул ихэнх орнууд импортлохоос татгалздаг аж. Гагцхүү энэ шийдвэр дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, валютын гадагш чиглэсэн урсгалыг хумих шийдэл боллоо.


[ЗГМ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen