Монголын анхны нийслэл буюу Аураг орд

Монголын анхны нийслэл буюу Аураг орд

 

Энэ жил Хэрлэний Хөдөө аралд Хамаг Монголын овог аймгууд нэгдэж, Тэмүүжинг хаанд өргөмжилсний 830, Далай их Өгөдэй хаан өргөгдсөний 730 жилийн тохиож буй. Хэрлэний Хөдөө арал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь домогт Баян-Улаан уулнаас урагш Хэрлэн тооно уулын өвөр, баруун талдаа Хэрлэн мөрөн, зүүн талдаа Цэнхэрийн голоор хүрээлэгдэн, далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших, 30 гаруй километр урт, 20 гаруй километр өргөн уудам газрыг хамардаг юм. Энд Монгол төрийн Их хуралдай хуралдаж Чингис, Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр нарын алтан ургийнхан хаан ширээнд өргөмжлөгдсөн түүхтэй. Хөдөө аралд Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын түүхэн дурсгалтай холбоотой газрууд маш олон байдаг. Тэдгээрийн дотроос энэ удаа Монголын анхны нийслэл, Их Эзэн Чингис хааны Аураг ордын талаар энд товч өгүүлье.

Баян-Улаан уул нь баруунаас зүүн тийш 70-80 км, хойноос урагш 30-40 км үргэлжилсэн, Хэнтий нурууны төгсгөлийн уулсын нэг бөгөөд Монголын төрт улсын анхны нийслэл, Аварга орд буюу эртний Аураг орд нь энэ уулсын төв хэсэгт байсан байна. Аураг ордын талаар “Монголын Нууц Товчоо”-ны 198, 253, 161 дүгээр зүйлүүдэд “Агуруг”, “Агуругууд” хэмээн нэлээд тодорхой бичигдсэн юм. Хэл ярианы хөгжлийн явцад сүүлдээ “Аураг” хэмээн дуудагдаж, улмаар өдгөө нутгийнхан“Аварга” орд гэдэг болжээ. Мөн “Монголын Нууц Товчоо”-нд“Агуругууд” гэж тэмдэглэсэн нь Хөдөө аралд нэг бус нэжгээд олон ар гэр-орд байсныг илтгэнэ. Харин Лувсанбалдангийн "Алтан товч"-д Хүрүй орд, бусад эх сурвалжуудад Хөдөө арал дахь Саарь хээрийн ордон хэмээсэн байна. Энэхүү анхны нийслэл хотыг Есүхэйн үеэс Чингис, Тулуй, Өгөдэй нарын зэрэг үе залгамжилсан хаад улам өргөжүүлэн тохижуулсаар ирсэн байна.

Эртний Аураг орд буюу хожмын Аварга ордын туурь өдгөө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Аварга тосонгийн рашаан сувиллаас урагш, Аураг рашааны хойхон талд, Рашаан дэрсний ухаад байдаг юм. Уг балгасын “Агуруг” буюу ”Аураг” гэдэг нэр нь ярианы хэлэнд сунжирч хэлэгдсээр Аварга гэгдэх болсон байна. Энэ нь "аварга, агуу их" гэсэн утгатай бус "эд агуурс, уурхай, агуулах" гэсэн утгатай гэж судлаачид үздэг бөгөөд XIII зууны үед Чингис хаанд захирагдаж байсан улс орнуудаас алба татварт өргөсөн аливаа хүнс, эд агуурс, бараа таваараа агуулах байр сав, сууц хэрэгтэй байсан учир тэнд төвлөрүүлэн, хааны ордуудыг бариулж, ерөнхийд нь Аураг гэж нэрлэжээ.

Аураг орд нь Их хаан Чингисийн Бөртэ хатантай бий болгосон тэдний гал голомт болох нь түүхэн баримтуудаас илэрхий төдийгүй тус ордод 1155-1410 он хүртэл барилга байгууламжууд баригдсаар байсан юм. Мөн эх сурвалжуудаас харахад 1189-1264 он хүртэл Чингис болон түүний алтан ургийн хаад үе залгамжлан сууж, Аригбөх 1264 онд Хубилайд бууж өгөөд 1266 онд нас барсанаар төрийн үйл хэрэг шилжсэн байна.

Малтлага шинжилгээний үр дүнд энэ орд-хот нь 4.5 ам километр талбайтай, нийтдээ 4 хэсгээс бүрдэж байсан байна. Хотын эргэн тойронд хүрээлсэн хэрэм байхгүй бөгөөд гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрэмтэй орд харшийн барилгууд гэсэн хэсгүүдтэй, харин гар урлал, тариалангийн хороолол нь орд суурингийнхаа зүүн хэсэгт оршиж байжээ. Мөн Шүтээний сүм нь давхар хэрмээр хүрээлэгдсэн, тусгай довжоон дээр хотын төв хэсгийн хойл талд байв. Сүмийн барилгын суурь нь 180 хавтгай дөрвөлжин метр бөгөөд суурин дээрх баганы тоо 40 гаруй байсан нь судалгаагаар тогтоогдсон юм. Түүнчлэн довжооны өмнө талаас зүлгэж зассан 6 талт чулуун багана олдсон байна. Мөн тусгай ханан хэрмүүд нь баруун хэсэгт зүүнээс баруун тийш чиглэн, нэг эгнээгээр байрлаж байсан нь бас онцлог юм.

Анхны нийслэл Аураг ордын орчимд төмрийн томоохон үйлдвэрлэл эрхэлж байсан ул мөр бий. Газрын гүнд 1.2 метр хүртэл хэдэн үе төмрийн шаар илэрч байсан. Энэ нь төмөр цэвэршүүлэлтээс гарсан шаар. Өөрөөр хэлбэл, Аураг ордод Чингисийн цэргийн зэр зэвсгийн үйлдвэрлэл он удаан жил тасралтгүй явагдаж байжээ.

Цаашдаа Хөдөө арал дахь Монголын анхны нийслэл Аураг ордын туурийн судалгаа шинжилгээ улам гүнзгийрэх нь дамжиггүй биз ээ.

О.Баяр

Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen