Түүнийг дурсахгүй бол би муу найз болно

Хамгаас эгэл хэрнээ хамгаас яруу оршихуй байлаа, "Тогоруутай нуур"-ын эзэн эрхэмсэг яруу найрагч Б.Оролзод маань. Бурхны оронд одсоныг нь өчигдөр л холбооныхонтойгоо уулзахдаа мэдлээ. Чи минь эх орондоо, Ширээтийн сууриндаа эргэн төрөөрэй. Тээр жил нэгхэн удаа Цээгийтэйгээ, Чинзо багштайгаа, Баагийтай морьдоо эргэхэд нь хамт хөдөө явж Өндөрширээтийн Засаг даргын орлогч, яруу найрагч залуугийн гэрээр зочлоод дайлуулж цайлуулаад гарсан сан. Харин сүүлд нэг л өдөр чатаар миний нэрний эхний үсгүүдээр хэлхсэн маш сайхан уянгын халилтай жинхэнэ яруу найрагчийн онгодоор бүтсэн шүлгийг нь хүлээж аваад гайхалтай сайхан санагдаж билээ. Тун удалгүй 2017 оны 2 сарын 14-нд номын нээлтээ хийхэд нь Амуулайтайгаа уригдан очиж номыг нь гардан авахдаа нөгөө шүлэг номонд нь нийтлэгдсэнийг олж харсан. Гар барьж сайхан танилцаад өнгөрсөн надад гэрэл гэгээ нэмж, онгодоороо шүлэг тэрлэн мөнхөлсөн найз минь даанч эрт одчихлоо. Намайг хүрээлдэг, надтай энэ ертөнцөд танилцаж нөхөрлөсөн олон сайхан хүмүүсийн нэг нь чи байсан билээ. Найз чамайгаа үүрд санан дурсаж сэтгэлдээ хүндлэн дээдэлж явах болно. Амгалан нойрс доо анд минь. Ум ма ни бад мэ хум 
Жаргалтай сайхан хүсэл минь
Ж.Ж-д

Ж ил өдрүүдийн манан дунд жаргалтай инээдэнд чинь
Ж игүүрээн гэмтээж үеийн бүсгүй шиг санаж явлуу, би
А ялагхан сэтгэлийнхээ гүн цэнхэр цүнхээлд эрдэнийн чулуу шиг нууж
А мраг бодлынхоо дэргэд аргамжаатай юм шиг дуулж явлуу, би
Г унигт мөнгөн үдшүүдээр түүдэг галын дэргэд тэвэрч суугаад
Г анцхан олдсон энэ амьдралын тухай хүүрнэн ярилцахыг хүсэж явлуу, би
А яс аясхан бодол сарниах дурлалын илчинд халууцаж
А альны чинь сайханд халамцаж явлуу, би
А тгасан гарын минь хээ алганд чинь үлдэж
А мталж жаргамаар үзмэн уруулын чинь хээ хацарт минь үлдсэн билүү
Д отнохон инээмсэглэл, харцны чинь гэрэлд шунан хоргодож
Д андаа хамт байхын шалтгааныг мөрөөдөж явсан билүү

Байшинт
Б.Оролзод "Ширээтийн суурин" номноос

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen