Би бурханы шашинтан

Би бурханы шашинтан

 

Би Буддист гэдгээсээ ичдэггүй.
Харин би Буддист гэдгээрээ бахархдаг. Үүнийгээ хаана ч хэзээ ч хэлж чадна.

Яагаад гэвэл ертөнцийн нүдэнд үзэгдэх хийгээд үл үзэгдэх тоолшгүй олон амьтныг өөрийн “бүтээл” гэж эндүүрч тунхаглаагүй, өөрийгөө тэдний “эзэн” гэж дарангуйлж өргөмжлөөгүй харин орчин цагийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Алберт Эйнштэйний “цорын ганц шинжлэх ухаанч шашин” гэж тодотгосон энэрэл нигүүсэл болон төгс мэдлэгийг л эрхэмлэгч төгс гэгээрсэн Бурхан Багшийн шавь болохоор.

Яагаад гэвэл Хүннүгийн үеэс Киданыг хүртлэх төрт улсыг байгуулсан гүрнүүдийн төрийн шашин болж залагдахдаа эрэмгий зоригт өвөг дээдсийг минь зүгээр л цөс нь хөөрсөн зэрлэгүүд бус харин ч ёс зүйг дээдэлсэн эртний соёл иргэншилтэнгүүд байсныг түүхийн “Алтан товч”-оор баталгаажуулж өгсөн болохоор.

Яагаад гэвэл Эзэн Чингис хааны суурийг нь тавьсан Юань Гүрний өмнө зүгийн хилийг манасан Монголын “Дархач” овгийн угсааны их хөвгүүн Богд Зонховын үзэл, бясалгал, явдал гурвыг нь эх сурвалжид тулган ариутгасан шашныг шүтдэг болохоор.

Яагаад гэвэл өнөөгийн тусгаар тогтнолыг бидэнд үлдээхийн тулд аль XVI зуунд олон бэрх үзэлд хямралдсан Монголчуудыг нэг үзэл нэг шашнаар нэгтгэх их үйлийг эхлэн дэглэсэн дэлхийн суут соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээний шавь болохоор.

Яагаад гэвэл Манжийн төрөөс өөрийн төрийг тусгаарлаж чадсан орь ганц суу билигт, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эцэг, Монголын сүүлчийн эзэн хаан болсон Богд Жэвзүндамба хутагтын тааллыг шүтдэг болохоор.

Яагаад гэвэл Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1999 онд хүн төрөлхтний түүхэнд ялгаварлан үл гадуурхах, шударга байдал, хүчирхийлэл үл номлох, нийтийн төлөөх зөв хандлагын ач холбогдлыг нь үнэлээд жил бүрийн “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-ийг дэлхийн улс орнууд албан ёсоор тэмдэглэж байхаар тунхагласан болохоор.

Би Буддист гэдгээсээ ичдэггүй харин ч бахархдаг. Учир нь би шинжлэх ухаанч номлолоор нь бахархдаг. Би Монголын түүхээрээ бахархдаг. Би энэ агуу шашинтай учруулсан ачит багш нар хийгээд өвөг дээдсээрээ бахархаж хүндэлдэг.

Хэн нэг нь Монголийн түүхээр өлгийдүүлээгүй, харийн хүн шиг хөндий аяглаж, эсвэл хэн нэг нь өнөөх улиг болсон коммунизмийн үеийн “нэн шинэ” түүхийг тоть шиг давтаж үндэсний шашныг минь гутаах гэж оролдоно тэр хэмжээгээр миний бахархал улам батжих болно.

Би Буддист гэдгээсээ ичдэггүй харин ч бахархдаг.
Яагаад гэвэл би өвөг дээдсээсээ ичдэггүй. Тэд энэ шашныг авч, энэ тусгаар тогтнолыг олж, энэ түүхийг босгосон юм. Та бидэнд өвлүүлж үлдээсэн юм. Санаж ухаарахтун.
Би тэдэнд баярлалаа гэж хэлж чадахгүй ч тэдний өвлүүлж өгсөн түүх, газар шороо, өв соёлыг нь харин хайрлаж чадна.
Үр хойчдоо өвлүүлж, бас үлдээнэ...

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen