Энэ сард шийдэгдсэн авлига, албан тушаалын хэргүүд

Монголын шүүхийн байгууллагын хувьд энэ зун дуулиан шуугиантай хэргүүдийг шил дараалуулан шийдвэрлэсэн онцгой зун болж байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд зургадугаар сараас есдүгээр сар хүртэл шүүх нам жим байдаг байлаа. УИХ-ын ээлжит сонгууль болж, шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хэд хоногийн дараагаас бараг өдөр бүр шүүхийн танхимд хурал болж, шүүгчид “алх цохьдог” ажилтай болов. Нийгэм даяараа Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Б.Хурц нарын хэрэгт анхаарлаа хандуулчихсан энэ үеэр хэд хэдэн хэрэг чимээгүйхэн шийдэгджээ.  Ийн олны анхаарлаас ангид шийдэгдсэн авлига, албан тушаалтай холбоотой шүүх хурлын талаарх мэдээллийг хүргэж байна.

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН ХЭРГИЙГ ТУСГААРЛАЛАА

Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбогдуулан гуравдугаар сараас хойш Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шүүж, өнгөрсөн баасан гаригт С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон. Харин С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг энэ сарын 6-нд тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болоод байна. Мөн шүүгдэгч С.Баярт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

 

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТНБД АСАН Б.БАТСАЙХАНД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Батлан хамгаалах яамны ТНБД-аар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очир,  тус ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээж авсан. Үүнээс хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 5-ны өдөр хэргийг хэлэлцэж Б.Батсайханд хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг  нь гурван жилээр хаслаа. Мөн Л.Балдан-Очирын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.5 сая төгрөгөөр торгосон бол Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдсэн юм. Б.Батсайхан нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ. Тэрээр хувийн ажлаа 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очироор гүйцэтгүүлсэн байна.

 

“ДЦС-2” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.БЯМБААХҮҮГ 7.4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах хэрэгт буруутган шалгаж байсан “ДЦС-2“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү, тус компанийн ерөнхий нягтлан асан Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал  Д.Баатар нарын шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 9-нд болж, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм. Ийн С.Бямбаахүүгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Харин шүүгдэгч Б.Даваадуламын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.8 сая төгрөгийн торгуулийн ялаар, Д.Баатарын нийтийн албанд томилогдох эрхийг  хоёр жилээр хасч, 5.8 сая төгрөгөөр торгожээ. Мөн С.Бямбаахүүгээс 14 сая, Б.Даваадуламаас дөрвөн сая, Д.Баатараас 6.2 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ДАМБА-ОЧИРТ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын шүүхэд шилжүүлэх хугацааг өнгөрсөн сарын 30-ны өдөр 15 хоногоор  сунгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Хэргийг  эргэн сануулбал УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” компанийн нэр дээр ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төслийг боловсруулсан байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн 2018 оны  тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун”  компанид  1.2 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАНЫ ШҮҮХ ХУРАЛД ӨМГӨӨЛӨГЧ НЬ ИРСЭНГҮЙ

Албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг шүүх хурал өчигдөр товлогдсон ч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хойшлуулах тухай хүсэлт ирүүлжээ. Иймээс Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг  энэ сарын 29-ний  09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх өнгөрсөн сарын 17-нд хүлээн авсан юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМААГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг УИХ-ын гишүүн асан Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад 2018 оны  наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар ЖДҮХС-гаас “Доктор мэйк” компанид 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт ялласан юм. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан  өнөөдөр 09:00 цагт товлогдож, Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 8-ны өдөр хүлээн авсан.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРД БОЛНО

Архангай аймгийн Цэнхэр сумын I багийн нутагт орших Шоронгийн ам нэртэй газраас таван га талбайд  таван жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг "Тунгалаг Тамир Ар" нөхөрлөлд эзэмшүүлэхээр олгосон хэрэгт буруутган шалгаж байсан Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан,  Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан  энэ сарын 10-нд товлогдсон. Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хуралдааныг ирэх сарын 17-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.  Энэ хэргийг шүүх тавдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүх хурлыг зургадугаар сард товлосон ч гурван удаа хойшлогдож,  энэ сарын 10-ны өдөр товлогдсон юм.  Мөн Ц.Мөнхнасан нь Батсүхтэй маргалдаж хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх хэргээр, Б.Өсөхбаярыг Ц.Мөнхнасантай бүлэглэж, дээрх нөхөрлөлд давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. Б.ДОЛЖИНЖАВ

2020.7.21 № 138 (6363)

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen