Сибирийн түймрийн утаа өнөөдөр АНУ-д хүрнэ

ОХУ-ын Сибирьт шатаж буй ой хээрийн түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг “NASA” хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлжээ. Жилийн яг өдийд ОХУ-д хээрийн түймэр гарах нь түгээмэл үзэгдэл юм. Гэвч энэ жилийн түймэр санаснаас илүү их газар нутгийг хамран шатаж, түймрийн утаа ч илүү хол тархаж байгааг хиймэл дагуулын зураг харуулж байна.

“NOAA/NASA Suomi NPP” хиймэл дагуулаас авсан зурагт үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулжээ. Түймрийн утаа өнөөдрийн /2019.07.31/ дотор АНУ-д хүрэх төлөвтэй байгаа аж.

Гал гарч байгаа газрууд нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахгүй удсаар ийм байдалд хүрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Мөн муж, хязгааруудын төсөвт түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлж байгаа гэнэ.

Түймрийн утаанд нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн давхар исэл, азотын исэл, бензол зэрэг олон төрлийн химийн хорт бодис агуулагддаг байна.Энэ нь хүний эрүүл мэндэд ялангуяа хүүхэд, ахмад настнуудад ихээхэн сөрөг нөлөөтэй байдаг ажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen