Энхийн цагт цэргүүдээ алдаж, эрэмдэг зэрэмдэг болгосоор байх уу?

Энхийн цагт цэргүүдээ алдаж, эрэмдэг зэрэмдэг болгосоор байх уу?

 

Эх орныхоо төлөө эр цэргийн албанд мордсон ээж аавын хөвгүүд эрэмдэг зэрэмдэг болж амиа алдсаар байна. Үнэхээр харамсалтай байна. Энхийн цагта амиа алдана гэдэг  үнэхээр эмгэнэлтэй. Энэ хариуцлагагүй үйлдэлд хариуцлага тооцох дарга ч цэрэг ч алга. Даанч харамсалтай. 

Хоёр сар гаруйхан өмнө хоёр цэрэг амиа алдсан асуудал намжаагүй байхад дахин нэг цэрэг золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл дахиад нэг цэрэг буудуулж шархдсан хэргийг нам дарчихсан байжээ. Зэвсэгт хүчинд сахилга бат байдал хариуцлага суларсны тод жишээ. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй байдлын зуд нүүрлэчихсэн гэж хэлж болно. Нөгөө талаар хэчнээн хүүхдийн амь нас эрүүл мэндээр тоглож ухаарах сэхээрэх салбар юм бол.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар дөрвөн цэрэг харамсалтай байдлаар амиа алдаад байгаа бол нэг цэрэг хүндээр бэртсэн байна.

Тодруулбал,Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг ангийн ахлагчдаа зодуулсны улмаас амиа алдсан гэх дуулиан бараг намжсан байна.

Мөн Увс аймгийн Баруунтуруун суманд алба хааж байсан цэрэг хил дээрээс оргож, улмаар хил давж амиа алдсан харамсалтай хэргийг ч тагнуулынхан болон цагдаагийн газраас хамтран шалгаж байгаад чимээгүй болов.

Эдгээр харамсалтай, хариуцлагагүй хэрэгт буруутан болсон ЗХЖШ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр хошууч генерал Р.Сүхбатыг томилсноос хойш дахиад цэргийн алба хаагч харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан.

Тэгвэл саяхан буудуулж биедээ гэмтэл авсан цэргийн асуудал нийгэмд ил гарч ирэв. Тодруулбал, Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч А буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа  талаар бид мэдээлсэн.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед байлдагч А-г Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь сайжирсан гэх мэдээлэл байна.

Байлдагч А нь гаднын нөлөөтэй буудуулсан уу эсвэл амиа хорлохыг завдсан уу гэдгийг тогтоохоор нарийн криминиластик шинжилгээ хийх аж. Үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэсэн буу, сум зэрэгт шинжилгээ хийхээр сумны хонгио, хошууг эд мөрийн баримтаар хураан авсан. Тиймээс нарийн шинжилгээ хийсний дараа энэ гэмт хэрэг юунаас болж үйлдэгдэв гэдэг нь эцэслэн тогтоогдоно.

Тухайн байлдагч нь хугацаат цэргийн алба хаагч байсан бөгөөд хэрэг гарсан өдөр ганцаараа харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг тал бүрээс нь тогтоохоор ажиллаж байгаа учраас эрүүгийн хуульд заасны дагуу тодорхой хугацаа орох байх. Аягүй бол энэ хэрэг өөрийгөө буудахыг  завдсан хэрэг болгоод өнгөрөх вий дээ. 

Ийнхүү золгүй, хариуцлагагүй байдлаас болж хэдэн цэрэг амиа алдаж, хэдэн аав ээж өнчрөл үзэх ёстой юм бол. Энэ бүхнээс үзэхэд зэвсэгт хүчинд үнэ цэнээ алдсан асуудал, хариуцлагагүй байдал эр цэргүүдийн амь нас, эрүүл мэнд дээр гарч ирж байна.

Хатуухан хэлэхэд, монгол хүний амь нас үнэ цэнийг унагаж байгаа салбар бол зэвсэгт хүчин болчихлоо.

Дэглэлтэд зодуулж амиа алдсан цэргийг өөрөө ойчоод уначихсан гэх. Цэрэгт татагдаж очоод удаагүй хүүг гаазтай ундаа уусны улмаас шилбэний яс нь хугарсан гэж шүүх шинжилгээний дүгнэлтүүдийг дэгсдүүлж худлаа гаргаж байгаад ар гэрийнхэн нь бухимдалтай байж, хариуцлага алдсан салбар, дарга, албан тушаалтнуудаас амийг нь нэхэж, хариуцлага нэхэж шаардаж байгаа ч амжилт олохгүй байна.

Хүүгээ цэрэгт явуулж, жинхэнэ эр хүн болгоно гэсэн итгэл үнэмшил, мөрөөдөлтэй аав ээжүүд өнөөдөр цэрэгт явуулахаас айдаг боллоо. Эр цэргийн алба хаагаад ирээрэй гэж явуулсан болохоос эрэмдэг зэрэмдэг болоод ирээрэй гэж хэн ерөөхгүй шүү дээ.

Цаашид зэвсэгт хүчний анги салбаруудад цэргийн алба хаагч амиа алдахгүй гэсэн баталгаа алга. Дээрх харамсалтай  энэ хэргүүдээс зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ямар сургамж авав. Хэнд хариуцлага тооцов. Цэргүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа хийсэн үү. Амиа алдсан цэргүүдийн ар гэрт ямар тусламж дэмжлэг үзүүлэв гэдэгт албан ёсны хариулт авмаар байна.

О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen