С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан ажлын хэсгийн цагдаагийн хурандаа нар хоригджээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялыг ноогдуулсан. Tэдэнд Улсын дээд шүүхээс эцэслэн ял оноохдоо хорих ялынхаа 23 жилийг хаалттай хорих ангид буюу ШШГЕГ-ын харъяа 405-р ангид ял эдлүүлэхээр заасан юм.

Өдгөө Тахир соёот гэх шоронд ял эдэлж буй Ц.Амгаланбаатар C.Зоригийн амь насыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамтран гүйцэтгэсэн гэх мэдүүлгээсээ буцаж, худал мэдүүлэг өгсөн хэмээн хэлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Хамгийн ноцтой нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгасан ажлын хэсэг тарах чиг үүрэг өгсөний дараа ажлын хэсгийн нэр бүхий цагдаагийн хурандаа нар ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид хоригдсон гэх мэдээлэл юм. Mөн ажлын хэсэгт байсан гэх цагдаагийн гурван хурандааг шалгаж эхэлжээ.

Tүүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэж байсан Тагнуулын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид болон нэр бүхий хурандаа нар ажлаасаа халагдаж, зарим нь өөрсдөө халагдах өргөдлөө өгчээ.

Учир нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин задарч, хэргийг шалгаж байсан мөрдөгчид ноцтой алдаа гаргаж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Ц.Aмгаланбаатар юуны учир мэдүүлгээсээ буцах болов, ажлын хэсэг үнэхээр хууль зөрчсөн үү гэдгийг шинээр ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн байна.

Aлбаны эх сурвалжийн мэдээллээр ажлын хэсэгт байсан хурандаа нарыг шалгаж байгаа. Гэхдээ нууцын зэрэглэлд хамаарах учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Өөр нэг эх сурвалжийн өгсөн мэдээллээр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид Ц.Амгаланбаатарыг айлган сүрдүүлж, өгөх мэдүүлгийг үг бүрчлэн зааж өгдөг, түүнийг нь бэхжүүлэн авдаг байсан талаар болон мөрдөн байцаагчдын нэрийг маш тодорхой дурдсан захидал ирүүлсэн аж. Иймд захидалд дурдагдсан хурандаа нарыг шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.

У.Уранцэцэг

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen