Соёлын довтолгооныг дахин эхлүүлье

Соёлын довтолгооныг дахин эхлүүлье

 

Усанд ч орж мэддэггүй, бөөс хамуундаа баригдсан байсан Монголчуудыг соёлд нэвтрүүлж, саван, угаалгын нунтагтай танилцуулсан соёлын довтолгоон 1959 онд эхэлж байсан. Энд зөвхөн цэвэр цэмцгэрийн тухай бус бүх нийтийг бичиг үсэгжүүлэх довтолгоон ч бас хийгдэж байсан юм. 1959 оны 7 дугаар сарын 13-ны өдөр МАХН-ын төв хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гарч, бүх нийтийг соёлч, боловсон байдал сургаж байлаа. Энэ довтолгоон амжил олж, бүх нийтээр бичиг үсэг таалагдаж байсныг бид мэднэ. 1961 онд хоёрдугаар шатны соёлын довтолгооныг эхлүүлж байсан бөгөөд энэ довтолгооны зорилго “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийг төлөө”, “Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн гурван уриаг дэвшүүлэн ажилласан байдаг.

Соёлын довтолгооны компанит ажлыг ухуулан сэхээрүүлэх, заримдаа захиргаадах аргыг хослуулан өрнүүлснээр айл, ард нийтээрээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гарлаа гэж дүгнэж байжээ. Өөрөөр хэлбэл хоёр үе шаттай хийгдсэн соёлын довтолгоон манайд үр дүнгээ өгсөн юм.
Гэвч энэ цаг үед бидэнд дахиад л соёлын довтолгоон хэрэгтэй болсон гэдгийг сануулж эхэллээ. Хараалын үг хэлэх нь хэвийн үзэгдэл мэт болж, зарим нь хараалын үг хэлж байгаагаа баатарлаг, эрэлхэг мэтээр дөвийлгөх боллоо. Энэ бол нийгмийн бүх нийтийн ухамсар хэт доор байгааг л илтгэж байна. Улс төрчид нь төрийн ордон дотор бие биенээ хараан зүхэж, үлгэр дууриалал үзүүлж байна шүү дээ. Зөвхөн үг хэллэгт зориулж, соёлын довтолгоон өрнүүлсэн ч болохоор байна.

Мөн Улаанбаатар хотод биеэ зөв авч явахад нь чиглүүлсэн довтолгооныг эрчимтэй, зоримог, дээр дурдсанаар захиргаадах ч аргыг ч болтугай ашиглаж, зөв дадал, зуршилтай болгомоор байна. Гудмаар нэл нус, цэр… Сүүлийн үед бөөлжис хүртэл ихээр харагдах боллоо. Бид чинь соёл нийгмийн оршин суугчид биз дээ. Гэтэл зах замбараагүй байдалд нэгэнтээ дасан зохицоод эхэллээ.

Соёлыг залуус, энэ цагийнхан л нэвтрүүлэх ёстой. “Залуус бие биедээ шаардлага тавьдаг, түүнийг нь хүлээн авдаг байх ёстой. Энэ бол хувь хүний ухамсрын асуудал юм шүү дээ” гэж Монгол Улсын Онц тээвэрчин С.Баттогтох өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тийм шүү. Залуус бие биедээ зөв шаардлага тавих учиртай. Мөн үүнийг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь зөв. Гэвч одоо нэгэндээ үг хэлвэл буцаагаад зодуулах, хараалгуулах нь энүүхэнд болчихоод байна. Ямар аймшигтай үг хэллэг бидний үгсийн санд нэвтэрч байгааг бодохоос ч айдас төрөм.

Монгол Улсын гавьяат багш И.Пүрэвдорж энэ асуудлаар “Одооны залуус хамгийн муухайгаар хэлбэл сэхээтний бэртэгчин үзэлтэй болсон байна. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг ийм зүйлээр өөрийнхөө сэтгэлгээг хүлээд нийгмийн төлөө, нийтийн төлөө хэлдэггүй, дуугардаггүй болжээ. Бидний үеийн сэхээтнүүд “бид хийх ёстой, би хийх ёстой” гэсэн оргилуун хүсэл, тэмүүлэлтэй байсан. Тийм ч учраас аливаа ажилд их дайчин ханддаг байлаа” гэж ярьжээ.

Цаас чичихээр нааш цоорохгүй, хүн хэлэхээс нааш ойлгохгүй гэдэгдээ. Бид л бие биендэ хэлж, ойлгуулж байж, өнөөдрийн шүүмжлэлтэй байгаа бохир заваан зүйлсээс салж чадна. Үүнийг л бүх нийтээр ухаарч, соёлыг бусаддаа түгээе. Соёлын довтолгооныг яг одоо эхлүүлье.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen