Дубининд танигдсан Монгол эрдэмтэн

Дубининд танигдсан Монгол эрдэмтэн

 

1981 онд ЗХУ /хуучнаар/, БНУАУ-ын тусламжтайгаар Монгол оронд генетикийн лабораторийг иж бүрнээр тоноглон бэлэглэжээ.
Энэ орчин үеийн лабораторийг нээхэд ЗХУ-ын Лениний болон Төрийн шагналт, академич Н.П.Дубинин, Унгарын академич Амсподий нар оролцсон байна. ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд генетикийн лабораторийг хүлээлгэн өгсний дараа Н.П.Дубинин гуай биологи, генетикийн салбарын залуу судлаа­чид­тай уулзах санал тавьж, тэдний эрдэм, судалгааны ажлын яв­цыг сонссоны дараа залуу судлаач Ж.Бат­суурийг сонгон, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэн­дэв гуайтай уул­зах­даа, түүнийг зөвлөлтийн шинжлэх ухааны академийн В.И.Вавиловын нэрэм­жит хүрээлэнгийн аспирантурт суралцуулах санал тавихад зөвшөөр­чээ. Маргааш нь академич Дубинин гуайг МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал хүлээн авч уулзахад саналаа хэлэхэд уриалгахан, баярлаж дэмжжээ. Ингээд залуу судлаач Ж.Батсуурь 1982 оны нэгдүгээр сард Орос орныг зорилоо. Ерөнхий генетикийн хүрээлэнгийн аспиратур болоход нь профессор Ю.Г.Радиков удирдагч багшаар томилогджээ. Батсуурь өмнө нь Москвагийн Ломоносовын их сургуулийг төгссөн бөгөөд есөн жилийн дараа өөрийнх нь дипломын ажлыг удирдаж байсан багштайгаа ерөөлөөр учирчээ.
1985 оны аравдугаар сард “БНМАУ-ын хүн амын удамшлын полимерт хэлбэршил ба гамма географийн судалгаа” сэдвээр дэд докторын бүтээлээ туурвижээ. Зөвлөлтийн хоёр том эрдэмтэн албан ёсны шүүмж бичжээ. Түүнд горилогчийн бүтээл дэд докторын бүтээлээс хавьгүй хол давсан тул шууд доктор хамгаалуулах нь зүйтэй гэсэн санал ирүүлжээ. Эрдмийн зөвлөлийн гишүүн 23 доктор шууд докторын зэрэг олгох санал дээр 100 хувь нэгджээ. Би Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв гуай нар дэмжсэнийг тухайн үедээ мэдээгүй, хожим дуулсан.
1986 оны гуравдугаар сард ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох комиссоос захидал ирүүлжээ. Уг захидалд биологийн ухааны дэд эрдэмтний дипломыг түр зогсоосугай. Цаашид үргэлжлүүлэн хамгаалахыг зөвшөөрсүгэй гэсэн утгатай байлаа. Учир нь биологийн тусгай сэтгүүлд уг бүтээлийг гурван сарын хугацаанд орон даяар мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлж, шүүмж, санал хүлээн авдаг журамтай аж.
Ж.Батсуурь дэд докторын бүтээлээ нэмэлт боловсруулалт хийж баяжуулан ажилласны дүнд эрдмийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж 1986 оны зургадугаар сарын 20-нд биологийн шинжлэх ухааны доктор цол хамгаалжээ.
Ж.Батсуурь ака­де­мич Дубинин, профе­ссор Радиков, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Ю.Цэдэн­бал нарын дэмжлэг, тус­лал­цаатайгаар генетикч эрдэмтэн болжээ. Эдүгээ Ж.Батсуурь гуай Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор цолтой, дундаршгүй арвин эрдэм бүтээлээ үргэлжлүүлэн судалгаа шинжилгээний ажлаа туурвисаар явна.
 
 
Д.ДАВАА /судлаач, багш/
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen