Сошиалын “паразитууд”
Бусдын нэр хүндийг уландаа гишгэж хуурамч мэдээ бэлтгэх, түгээх, сэтгэгдэл бичих амьгүй албатууд шинэ цагийн эрэлттэй ажлын байр боллоо. Ялангуяа улс төрийн сонгууль, онцгой дуулиан шуугианы үеэр өнөөх амьгүй албатууд гэнэт идэвхижиж улс төрийн захиалгатайгаар баримтгүй мэдээллийг барин тавин үзсэн, харсан мэт нийгмийн цахим сүлжээгээр тараах эрчимжив.
Бусдын захиалгаар хүн гүтгэдэг дэлгэцийн цаадах “зомби”-нуудад хэн, ямар хариуцлага хүлээлгэх вэ. Сүүлийн үед ямар хандалтгүй, архивгүй пэйж хуудсуудаар дамжуулж нэр бүхий улстөрчдийн талаар ташаа мэдээлэл түгээх компанит ажил өрнөв. Үүний хохирогчдын нэг нь хотын дарга Су.Батболд болов. Түүний нэр хүндийг унагах гэсэн оролдлого удаа дараа гарч иргэдийн тархийг угааж байв. Гэтэл зохион байгуулагчид нь дотроосоо гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй.
Энэ мэтчилэн улстөрчдийг уусан идсэн, урагшаа зүгийнх гэж худал мэдээлэл тараах ажил улам эрчээ авч байна. Уг нь байнгын хорооны дэргэд Цахим бодлогын түр хороо гэж байгуулагдсан. Энэ түр хороонд харьяалагддаг гишүүд өөрсдөө гүтгэгдээд явж байх жишээтэй.
Нийгмийн цахим сүлжээг улс төрийн зорилгоор ашиглаж, худал мэдээлэл тараагч амьгүй албатуудыг хэрхэх вэ. Тэднийг утсан хүүхэлдэй мэт ашиглагч ард нь байгаа эздэд ямар хариуцлага тооцох юм бэ. Спонсорд хийсэн пэйж хуудсаар хүний нэр төрийг сэвтээж, иргэд түүнд нь бухимдаж тархиараа тоглуулсаар байх уу?
Х.Тэргэл