ТӨР АРИУСАХЫН БОСГОН ДЭЭРХ ТӨВӨРГӨӨН

ТӨР АРИУСАХЫН БОСГОН ДЭЭРХ ТӨВӨРГӨӨН

 

Монгол орны улс төрийн амьдрал, төрт ёсны түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй нэгэн өвөрмөц үйл явдал тохиолоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн өргөмжлөгдсөн УИХ-ыг Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх чадваргүй боллоо хэмээн үзэж, хугацаанаас өмнө тарах асуудлыг албан ёсоор тавьж, ботгирч зунгааралдсан авлигын сүлжээг сууриар нь доргиов.

Улс орны ахуй амьдралын гол асуудал болсон 2019 оны Улсын төсвийн төслийг УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгийг хувааж халааслах төсөл хийж, тусгай зориулалттай /ЖДҮД / сангийн хөрөнгөд олон эрх мэдэлтэн гар дүрсэн асуудал сөхөгдсөн нь төрийн албыг 60 тэрбумаар наймаалсан зэрэг нийгмийн сэтгэлийг эмзэглүүлсэн бусармаг явдлууд хуримтлагдсан нүглийн савыг дүүргэж, Төрийн тэргүүний зүгээс бүрэн эрхийнхээ ташуурыг далайхад хүргэсэн болов уу.

Ерөнхийлөгчийн энэ алхам нийгмийн зүгээс олон өнгийн хариу цочрол төрүүллээ. Эгэл иргэдийн олонхи нь авилгачдаас салах эрс алхам хийх цаг нь болсон гэсэн сэтгэлээ илэрхийлж байхад зарим хүн “Дээдсүүд минь эв нэгдэлтэй л байгаасай” хэмээн залбирах төдий.

Монголын улстөрчдийн дүр эсгэсэн жүжиглэлд дасч догширсон зарим нь “2020 оны сонгуульд нөлөөлөх зорилготой явуулга” гэж үнэлэх аж.

Тэгэхдээ хамгийн сонирхолтой нь асуудлын гол зангилаа болж байгаа УИХ-ын зүгээс Ерөнхийлөгчид өгсөн хариу байлаа. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн саналыг чуулганаар хэлэлцүүлсэнгүй.
 

УИХ-ын даргын Ерөнхийлөгчид өгсөн хариуны утга нь:

-УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй боллоо гэж үзэх үндэслэлгүй;

-УИХ-ыг тараах таны саналыг хүлээж авах боломжгүй;

-Та “Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэдгээ санаж яваарай;

-УИХ олон хууль баталж, олон хууль өөрчилж мундаг ажиллаж байна гэсэн агуулгатай ажээ.


Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тавьсан асуудлын утга агуулга, учир шалтгааныг авч хэлэлцэхгүйгээр, “ийм байсан, ийм байгаа, ийм байх ч болно” гэсэн муйхар санааг УИХ дахь намынхаа суудлын тоонд дулдуйдан илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн, сайд Д.Батзориг гэгч "буруугаа хүлээж" сайдаасаа огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр үлдэж, түүнд хэрэг үүсгэн, УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах гэсэн Улсын Ерөнхий Прокурорыг УИХ-ын чуулган дээр салам загнаж дээрэлхэхийг нийтээр үзлээ.

УИХ-д суудалтай нэг ч улс төрийн нам Ерөнхийлөгчийн тавьсан асуудлын талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй. Ардчилсан намаас УИХ-д суугаа зарим гишүүн эхлээд овоо дориун дуугарахыг оролдсон ч Д.Эрдэнэбатын 7.9 тэрбум төгрөг, АСЕМ-ийн 17-гийн 79 тэрбум төгрөгийн хэрэг сөхөгдмөгц “сүүлээ хавчаад” чимээгүй болов.

Ерөнхийлөгчийн тавьсан асуудлын хариу ерөнхийдөө иймэрхүү.

Монголын улс төрийн намрын синдромын хаалтыг “Бахархлын өдөр”-ийн баяраар тэмдэглэж, өндөр дээд эрх мэдэлтнүүд бөхийн барилдаан дээр цуглан шагнал гардуулж, хөөрөг зөрүүлээд санаа амарч ирэх хавар ханш нээж, хаврын чуулган эхэлтэл баавгайтай хамт ичээндээ ордог зуршил энэ удаад ч давтагдах нь уу гэсэн эргэлзээ тийм ч үндэслэлгуй биш юм.

Гэхдээ энэ удаад арай ч үгүй болов уу. Учир нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй болсон тул өөрөө тарах тухай Ерөнхийлөгчийн санал нь тойрч гарах аргагүй хэд хэдэн асуудлыг ил тод нээж харууллаа. Тухайлбал:

1. Монгол Улсын Төрийн дээд түвшинд нийгмийн амьдралын суурь асуудлын талаар үзэл бодол, байр суурийн гүнзгий зөрчил бодитой байгааг ил харуулав. Ерөнхийлөгчийн зүгээс Монголын төрийн эрх барих дээд байгууллага төрийн сангийн луйварчдын орогнох газар байж болохгүй. Төр шударга байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Гэтэл УИХ-ын зүгээс хуулийг олноор нь үйлдвэрлэж байвал хулгайч ч байсан хамаагүй гэж үздэгээ нотлов. УИХ-ын эрхмүүдэд төрийн шударга ёсны тухай ойлголт нийгмийн хүлээлтээс өөр утгатай байдаг бололтой.

2.    Намуудаар дамжин сонгогддог 76 гишүүнтэй УИХ ямар ч хяналт, хариуцлагаас "чөлөөлөгдсөн" Төрийн эрх баригч дээд байгууллага болж ирсэн нь төрийн  байгууллагын тогтолцоо бүрэн дампуурсныг Ерөнхийлөгчийн саналыг тойрсон үйл явдлууд бүрэн нотоллоо. 76 гишүүн бүгдээрээ төсвийн хөрөнгө /хүн бүр 8 тэрбум төгрөг, нийт 600 тэрбум төгрөг/ халаасалж, 76 гишүүний 40 гаруй нь зөвхөн нэг сан /цаана нь 20 гаруй сан бий/-д гар дүрсэн хэрэгт нэр холбогдож байхад 86 хувийн саналаар авилгын хэргийн сэжиггнийг УИХ-ын гишүүнээр үлдээж байгаа нь УИХ-д “ард түмний элч” гэхээс илүү авилгын өмгөөлөгчид цуглажээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

3.    Ерөнхийлөгчийн саналын үндэслэл нь төрийн эрх баригч намуудын ялзрал доройтлын шууд нотолгоо болж байна. Төрд шургалсан авилгачид цөмөөрөө нам дамжиж, нам түшиж одоогийн байрандаа хүрсэн нь бодит үнэн. Тэгэхдээ аль ч нам сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө төрийн эрх мэдлийг худалдаж байгаагаа хэлдэггүй. Харин ч хуурамч амлалт, хоногийн хоолны мөнгөөр сонгогчдыг мэхлэн урхидахыг л урьтал болгодог.

Төр рүү цутгаж буй бохирын эх ундрага нь одоогийн эрх баригч намууд мөн болохыг монголчууд сайн мэдэх боловч сонгуулийн чихэр хараад мартчихдаг нь авилгачдын амьдрах шимт хөрс болдог.

УИХ-ын гишүүд олон хүн төрийн санд гар дүрсэн нь нийтэд ил болоод байхад намын бүлгүүд нь үхэн зүтгэн хамгаалж байгаа нь нам, авлигачид хоёр нэг халаастай, хүйн холбоотой нэгдмэл тогтолцоо болсны илрэл биш гэж үү.

4.    Төрийн эрх баригчид, улс төрийн намууд олон жилийн турш авлигын эсрэг тэмцлийг туг дээрээ бичиж, тунхаглан зарлаж ирсэн нь үнэн хэрэгтээ авлигачдыг хаацайлах самбай хөшиг төдий байсныг Ерөнхийлөгчийн санал, түүнийг тойрсон үйл явдлууд тод харуулж байна. УИХ, намуудын байр суурийг шинжвэл, төрийн сан, төсвийн хөрөнгийн луйварчид УИХ-ын гишүүн ч байж болох юм байн. Сайд ч байж болох юм байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө Оросын нэрт егөөч М.Задарнов "Авлигаар төрсөн эрх мэдэлтнүүд авлигын эсрэг тэмцлийг тунхаглах нь улс төрийн онанизм мөн” хэмээн өгүүлсэн нь юутай үнэн. Манай эрх баригчид ийм юм л хийж ирж дээ. Ерөнхийлөгчийн тавьсан саналаар сөхөгдсөн эдгээр асуудлыг нэтгэн авч үзвэл, үйл явдал цаашид нэлээд гүнзгийрэн үргэлжлэх магадлал өндөр ажээ.

Тэгэхдээ монгол төрөө ариутган цэвэрлэж, ялзрал доройтлоос ангижруулахын төлөө тэмцэл бол, юуны өмнө, монголчууд бид өөрөө өөрийгөө цэвэрлэхтэмцэл юм. Манай нийгмийн одоогийн амьдралын суурь зарчмуудад шигдэн бугшсан гол гажуудал согогийг арилгахгүйгээр цаашид оновчтой шийдэлд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, ерөнхий асуудлыг шийдэхгүйгээр тодорхой асуудлыг шийдэж чадахгүй гэдэг үнэний хууль энд үйлчилнэ.

Хэрэв, одоогийн нөхцөлд, УИХ-ын тарах тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ хүлээн авлаа гэж гэнэн төсөөлбөл, “Тэгээд яах вэ. дараа нь юу болох вэ гэсэн асуулт зайлшгүй гарна. Хориод жилийн турш сонгуулиас сонгууль дамжин төрийн чанар, шударга ёсны асуудлыг тойрч шуугисаар ирсэн ч төрийн сэнтий рүү чиглэсэн авлигачдын урсгал улам нарийссаар байгаа билээ.

Одоогийн УИX тарлаа гэхэд ард нь түүнээс дутуугүй өлөн ховдог авлигачдын эгнээ ээлжээ хүлээж байгаа нь мадаггүй. Энэ ирээдүй улс төрийн хүчийг сольсноор шийдэгдэхгүй. Төрийг ариутган шударгатгахад эн тэргүүнд шийдэх гурван асуудал бий. Тухайлбал,

1.    Төрийн эрх мэдлийг ард түмний гараас гаргаж олигарх бүлэглэлүүдийн эрхшээлд оруулах боломж олгож байгаа Үдндсэн хуулиа өөрчлөн, төрийн тогтолцоогоо төгөлдөржүүлэхүйгээр ямар ч асуудал шийдэж чадахгүй. Хэмжээлшгүй эрхтэй, нийгмийн хяналт, хариуцлагаас чөлөөлөгдсөн 76 гишүүнтэй парламент одоогийн нийгмийн хямрал доройтлын зохион бүтээгч мөн билээ. Үүнийг өөрчлөх нийгмийн сэтгэхүй сэрж эхэлмэгц түүний эзэд нь монголчуудын өмнө "Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу” гэсэн зохиомол сонголтын хувилбар тулгаж байна. Энэ нь уг чанартаа олигархи ноёд, тэдний эзэд Монголын ард түмэнд “хутга” тулган, “Чи үхэх үү, эсвэл миний боол болох уу” хэмээн албадаж байгаатай утга нэг юм. Монголчууд үхэх ч үгүй, боол болох ч үгүй. Монгол заяагаа түшиж, монгол чанар, монгол үнэлэмжээрээ амгалан тайван амьдарч, хөгжил дэвшлийн замаар явахыг л эрхэмлэх билээ. Үүнийг эсэргүүцэгчид одоо УИХ-д өргөн бариад байгаа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэгчийг санаачилж, төрийн эрх мэдлийг намын дарга, Ерөнхий сайдуудад төвлөрүүлэхийн төлөө зүтгэж байна. Монголын Ерөнхий сайдыг гадны баячуудын гал тогооны өрөөнөөс томилж амташсан гадаад, дотоодын олигархиуд барьцаа улам лавшруулахыг л оролдох шүү дээ. Үүний нэг хувилбар нь, Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа юм. Ерөнхий сайдыг худалдаж авч, томилж болсон юм чинь Ерөнхийлөгчийг ч “томилж” болно шүү дээ. Ийм болохоор “Парламентын засаглал”, “Ерөнхийлөгчийн засаглал”-ын асуудлаар монголчуудыг хуваан талцуулж байгаа нь угаас төрийг ард түмнээс салгаж эрхшээх нэг л санаархлын хоёр арга мэх төдий юм. Олигархи бүлэглэлийн төлөөний онолчид “Ардын Их Хурал” бүхий хоёр шаттай парламентаас сүнсээ хальтал айдаг ажээ. Чингис хааны байгуулсан монгол төрийн үндсэн агуулга, соёл утга санаанаас үүдэлтэй төрийн энэ тогтолцоо XX зууны түүхийн хүнд сорилтуудыг давах хүч өгч байсныг анхаарч Үндсэн хуулиа өөрчлөх түүхэн захиалга болсоор байна.

2.    Манай нийгмийн улс төр, төрийн тогтолцоонд улс төрийн намуудын гүйцэтгэж байгаа үүрэг, хариуцлагыг эрс өөрчлөхгүйгээр төрийн доройтлыг гэтэлж чадахгүй. Одоогийн байдлаар төрийн эрх мэдэлд хүрч байгаа намууд өөрийгөө олигархиудад үнэлэн худалдаж, төрийг эрхшээхэд нь гишгүүр болж, тэдний хойч үе "төл олигархиуд" шуналаар сэтгэлээ цэнэглэж өсөн бойжих бохирын савны үүрэг гүйцэтгэж байгаа нь бодит үнэн боловч энэ бүх нүгэл нь нийгмийн амьдрал дахь намуудын үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Аль ч улс үндэстний хувьд, түүхийн аль ч цаг мөчид эрхэм дээд үнэт зүйл нь тухайн үндэстэн орчин нөхцөлдөө оршин тогтнож, хөгжин дэвжих зам мөрийг олж оноосон үнэн үзэл мөн байдаг билээ. Сайн үзэлгүй улс үндэстэн гарцаагүй сүйрч мөхнө. Ийм үзлийг олж тээж, улс нийгэмдээ түгээж, олон түмнээсээ олсон итгэлийн хэрээр төрийн жолоо барихад оролцох нь улс төрийн намуудын оршихуйн үндэс юм. Гэтэл манай орны одоогийн нөхцөлд улс төрийн намууд сонгуулийн хоосон амлалт, хахуулийн мөнгөөр ард иргэдээ мэхэлж төрийн толгойд гарахыг чухалчилж байна. Манай намууд өөрсдийгөө “Эрх баригчид”, “Сөрөг хүчин” хэмээн сүржин ангилах боловч улс орноо доройтуулж, төрөө худалдаж, ирээдүйгээ гадны өрийн барьцаанд оруулан улс нийгмээ гадаадын ямар ч тагнуул, хорлон сүйтгэгчээс илүү хорлохоор оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг нь адил тэнцүү билээ. Ийм тогтолцоог өөрчлөх Үндсэн хуульдаа намуудын мөн чанар. үүргийг тусгаж, Улс төрийн намуудын тухай хуулийг үндсээр нь өөрчлөхийг шаардаж байна. Энэ зорилтыг шийдэхгүйгээр төрийг цэвэрлэх боломжгүй.

3.    “Төрийн албаны тухай хууль”, “Сонгуулийн тухай хууль” зэрэг гол хуулиудаар төрийн албаны мэдлэг туршлагатай, төрдөө үнэнч шударга зүтгэж яваа хүмүүсийн төрийн сонгуульд оролцох эрхийг хавчин хумьсан одоогийн тогтолцоо Монгол төрийг гадаад, дотоодын олигархиудын “Найрын ширээний ууц” болгож байгаа билээ. Төрийн үүрэг, ажлын арга барилын “Цагаан толгой”-гүй боловч шуналын чөтгөр шүглэсэн хэн нэгэн төрийн алба, эрх мэдлийг мөнгөөр худалдаж авах арга зам, эрх чөлөө Монголын ардчиллын туг, тунхаглал байх ёсгүй.

Их Монгол гүрний хоёрдох Үндсэн хууль хэмээгдсэн "Арван буянт номын цагаан түүх"-д "Төр үл мэдэх түшээдийн заяаг уулнаас хүнд” хэмээсэн нь одоо цагт төрт ёсны тулгуур багана болсоор байна. Төрийг мэргэжлийн суурьтай болгохгүйгээр төрийг цэвэрлэх боломжгүй.

Энэ гурван зорилтыг шийдэх нь Монголын төрийн доройтлыг гэтлэхэд зайлшгүй угтвар нөхцөл мөн юм. Үүнийг шийдэхгүйгээр элдэв хагас алхам хийх нь хямралыг улам гүнзгийрүүлж ч болно.

Монголчууд 2017 онд “Монгол ялна” уриатай Ерөнхийлөгчөө сонгож, 2018 онд “Шударга засаглал явуулах” уриатай Ерөнхий сайдыг өргөмжилсний дараа жил гаруй хугацааг хүлээлтээр өнгөрөөв.

УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёс зүй, ёс суртахууны чадваргүй гэж үзэж өөрөө тарах санал тавьсан Ерөнхийлөгчийн алхам энэхүү олон түмний зүй ёсны хүлээлтийн цаг алдсан ч найдвар төрүүлсэн анхны хариу болж байна.

Тэгэхдээ улс төр, төрийн шинэчлэлтийн зайлшгүй угтвар нөхцөл бүрдүүлэхэд алдсан цагаа нөхөж, хүсч хүлээсэн үр дүнд хүрэхэд багагүй цаг хугацаа хэрэгтэйн улмаас одоогийн УИХ бүрэн эрхийн хугацаандаа үлдэх нь тодорхой болж байна. Үлдсэн хугацааг яаж туулах, юу хийх нь нийгмийн амьдралын зангилаа асуудал хэвээр үлдэж, УИХ-ын гишүүд хэмээгч 76 хүний ухамсар, үйл ажиллагаанаас хамаарах болж байна.

Монголчууд УИХ-д сонгосон хүнээ өөрсдийг төлөөлсөн “элч” хэмээн итгэж, “Эрхэм гишүүн” хэмээн өргөмжилдөг дэлхийн ганц үндэстэн билээ. Гэвч сонгосон гишүүд маань төрийн суудалд залармагц нэлээд өөр, олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж. Түүний дотор “Шуналын элч”, “Авлигын өмгөөлөгч”-ийн үүрэг томоохон байр эзэлдэг бололтой. УИХ-д сонгосон хүмүүс маань төрийн сүлдэндээ тангараг өргөсний дараа зарим нь Шилийн Богдыг зорьж “Хийморийн дарцгаа залдаг” ч сурагтай. Ийм нөхцөлд тэднийг зөвхөн "Ард түмний элч" гэх нь хэт явцуу болох нь л дээ. Энэ бэрхшээлийг шийдэхэд нэг гарц байж болмоор.

Тэртээ 1960-аад онд улс нийгмийг "Сэхээтний төөрөгдөл” хэмээх хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрч өнгөрсний дараахан Монголын шилдэг уран зураачдын бүтээлийн анхны үзэсгэлэн гарч билээ. Элдэв гөрдлөг, сэрдлэгээс эмээсэн зураачид үзэсгэлэнгийнхээ тайлбарлагчаар Ц.Намхайцэрэн гуайг тавьж л дээ. Тэр үзэсгэлэнд одоо ч хүртэл магтагддаг олон сайхан бүтээл тавигдсаны дотор нэгэн нэрт зураачийн атрын сэдэвт нэг зураг байсан юм. Зургийн агуулга нь үдшийн бүрий хүүшлэх үед тариан талбайгаас буусан идэрхэг залуу тракторч хөлгийнхөө дэргэд гар нүүрээ угаахад нь жавхаалаг гоо бүсгүй гар дээр нь ус хийж өгч байгаа өөдрөг сайхан үйл явдал юм л даа.

Нам,төрийн удирдагчид тэр зургийн дэргэд очиход Ц.Намхайцэрэн гуай ихэд сүрдэн сандарсан дүрд хувилж зургийг заан “Энэ , ...энэ нөгөө юу яасны дараа юу яачихаад юу яаж байна” хэмээн тайлбарлахад бүгд шоолон хөхөрч, зураачдыг хардаж сэрдэх уур амьсгал сарнисан гэдэг. Агуу их Ц.Намхайцэрэн гуай зураач нөхдөө ч, уран зургийн салбарыг ч ингэж аварчээ.

Олон жилийн дараа эргэж бодоход Ц.Намхайцэрэн гуайн “юу яах” гэдэг хэллэг маш өргөн, ерөнхий утгатай байж болох бөгөөд олон юмыг зэрэг амжуулдаг манай одоогийн УИХ-ын гишүүдэд тун ч тохирох мэт. Ийм учраас одоогийн УИХ-д сууж байгаа нөхдийг “юу яагчид” хэмээн ойлгож ч болмоор.

УИХ-ынхны 70 булчирхай дэлгэгдсэн энэ үед “юу яагчид” нь бүрэн эрхийнхээ хугацаа дуустал итгэлээ өгч сонгосон бор иргэдээ бодож, хуруу гарынхаа эрдмийг хазаарлан тэвчиж, эртхэн гэртээ харихад бэлдээсэй билээ. Оройтвол гар дээр нь ус хийж өгөх хүн олдохгүй болчих вий дээ.

Төрийг бүтээхэд иргэн хүн бүрийн зүтгэл хэрэгтэй байдаг нь туйлын үнэн байдгийн нэг адил төрийг ариутгахад ч холч ухаан, хичээл зүтгэл нэн чухал ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан
Д.Бямбасүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen