Ц.Элбэгдорж хууль бусаар төрийн тэргүүн болсныхоо хариуцлагыг хүлээх үү?
Саяхан ТВ-ийн нэг сувгаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг гарсан ба энэ дугаарт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга оролцож одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хөтлөгч болж оролцсон сонирхолтой дугаар олны хүртээл болсон юм. Гэвч энд дээрх нэвтрүүлгийн тухай өгүүлэх гэсэнгүй.
Харин тэдний яриан дундуур цухас дурдагдсан 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хэсгийг онцгойлох гэсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тухайн үед сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан Ц.Элбэгдорж хэрхэн санал луйвардаж, шударга бус өрсөлдсөн талаар ярьсан юм. Түүний ярьснаас дүгнэвэл, 2013 онд МАХН-аас Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь Ц.Элбэгдоржийн захиалга байсан аж. Гэхдээ тухайн үеийн үйл явдлыг эргэн санаваас энэ тухай яриаг ул суурьтайгаар гарган тавьсан хэд хэдэн тохиолдол бий. Ганц жишээ татахад, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2017 онд “Зааг” гэх ном бичихдээ дээр дурдсан сонгуулийн луйврыг бүр тодорхой өгүүлсэн.
Түүнийн номонд бичсэнээр, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН нэр дэвшигчээ тодруулах зорилгоор дотооддоо сунгаа явуулсан аж. Харин тэр сунгаанд Д.Тэрбишдагва тэргүүлж ерөнхийдөө нэр дэвших нь тодорхой болчихсон байх үед МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнийг дуудан уулзсан аж. Улмаар мань хоёр тагтан дээр аминчхан яриа өрнүүлэх үеэр Н.Энхбаяр тодорхой шалтгааны улмаас Д.Тэрбишдагвыг сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй болсныг дуулгажээ.
Н.Энхбаярын хэлж буйгаар, намуудын нэр дэвшигчид бараг тодорхой болоход Ц.Элбэгдоржийн зүгээс дарамт, шахалт үзүүлж эхэлсэн гэнэ. Түүгээр зогсохгүй хэрвээ нэр дэвшигчээ өөрчлөхгүй бол Н.Энхбаярын гэр бүл, том хүүг нь зүгээр байлгахгүй гэх зэргээр сүрдүүлжээ. Харин тэр үед хуулийн байгууллагын “шалгалт”-аас бүрэн салаагүй байсан Н.Энхбаяр уг шахалтыг хүлээж авахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Хамгийн гол нь, Ц.Элбэгдорж МАХН-ыг шантаажлахдаа зүгээр нэг нэр дэвшигчээ солихыг тулгасангүй, рейтингээр сүүл мушгиж байсан Н.Удвалыг өрсөлдүүлэхийг даалгажээ.
Гэхдээ тэр үед Д.Тэрбишдагва намын даргынхаа энэ аргагүй байдлыг ойлгож, үг дуугүй нэр дэвших эрхээс татгалзсан тухай энэ номонд дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. Уншигч та бүхэн санаж буй бол Ц.Элбэгдорж ам мөлтөсхөн ялалт байгуулсны дараахан УИХ-ын гишүүн С.Баянсэлэнгэ түүнд хандаж ярьсан, тохирсноо хийхийг шаардсан нь хэвлэлээр шуугиан тарьж байсныг санаж буй биз.
Тэгэхэд олон нийт С.Баянсэлэнгийн эрүүл эсэхийг гайхцгааж байсан ч төд удалгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн ч энэ бүхэн зөвхөн дарамт шахалтаар хязгаарлагдаагүй ажээ. Тодруулбал, Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх операцаар Б.Бат-Эрдэнэд ирэх саналыг хуваах нь нэн тэргүүний зорилго байсан гэхэд болох нь ээ. Тэр ч бүү хэл, Н.Удвалыг нэр дэвшүүлснээр Ц.Элбэгдоржийн зүгээс сонгуульд шаардагдах зардал, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж тохирчээ. Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ эзэн болж, Н.Удвалын сонгуулийн штабын ахлагчид өөрийн шадар туслахуудын нэгнээр дамжуулан 100 сая төгрөг бэлнээр өгсөн гэнэ. Гэвч мань эр юуны тулд заль суу төгс билээ, өмнө нь тохирсон ёсоор үлдсэн санхүүжилтийг шилжүүлэх хугацаа болоход таг чиг алга болсон байна.
Үүнээс болж Н.Удвалын сонгуулийн багийнхан сандралдаж, өмнө тооцсон санхүүжилт орж ирэхээс нэгэнт өнгөрсөн тул арга буюу ихээхэн өр тавьсан нь хожим МАХН-ын нэр дээр данслагджээ. Тэгэхээр энэ бүхэн үнэн бол Ц.Элбэгдорж Монголын төрийг найман жил тэргүүлэх замналаа булхай луйвар, авлигын аргаар босгож, ганц хүн битгий хэл бүхэл бүтэн нам, эвслээр нь хөнгөхөн ашиглаж, залхай аргаараа нийт монголчуудад молиго үмхүүлсэн болж таарах нь.
Хамгийн сонин нь, Ц.Элбэгдорж уучлал үзүүлэх зарлиг гаргасан гэдгээ туйлын хүндэтгэлтэйгээр зарласан атал түүний бүрэн эрхийн жилүүдэд Н.Энхбаяр харь оронд байхаас өөр аргагүй байдалд орсон нь анхаарал татмаар. Түүгээр ч үл барам Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд Н.Энхбаяр эх орондоо ирэх эрхээ алдаж, улстөрийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Учир мэдэх хүмүүсийн яриагаар, чухам яг энэ шалтгааны улмаас л Ц.Элбэгдорж АТГ болон прокурорыг өөрийн хүмүүсээр дүүргэж, эдгээр байгууллагыг шууд удирдлагадаа авсан гэхэд буруудахгүй болов уу. Мэдээж МАХН-ын зүгээс Ц.Элбэгдоржийн энэ мэт бусармаг үйлдлийг зүгээр хараад суугаагүй. Өөрсдийн хэмжээнд тэмцэж байсан ч Ерөнхийлөгч асны гар дэндүү урт байсныг тус намынхан хэвлэлээр хүртэл үг дайж байсан удаатай. Тухайлбал, МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамбыг 2016 оны УИХ-ын сонгуулиас зургаахан сарын өмнө баривчилсан.
Тэгэхдээ урьд өмнө сонсогдож дуулдаагүй намын санхүүжилтийн асуудлаар хэрэг үүсгэсэн ба тодорхой тайлбар ч хийгээгүй. Улмаар энэ хэргийн талаар олон нийтэд ганц үг ганхийлгүй байсаар 2016, 2017 оны сонгуулиуд дууссаны дараа гэнэтхэн л 80 сая төгрөгийн хохиролтой авлигын хэргийн буруутнаар зарлаж, ялласан. Олон нийт энэ хэргийн талаарх тоймтой тайлбарыг нэг ч удаа аваагүй, буруутан гэгдэх Г.Шийлэгдамбын үгийг ч өөрийнх нь амнаас сонсох ч боломж олдоогүй.
МАХН-ынхны үзэж буйгаар, энэ нь Ц.Элбэгдоржийн зүгээс Н.Энхбаярт үзүүлж буй ээлжит дарамт болсон гэх. Н.Энхбаяр ч өөрөө энэ талаар үг цухуйлгаж байсан гэхээр оргүй хоосон хардлага биш гэсэн үг. Ямартай ч Эбэгийн дарамт ганц үүгээр дуусаагүй. Юу гэвээс, 2016 онд Н.Энхбаярыг олон нийт намаасаа УИХ-д нэр дэвшинэ хэмээн үзэж байсан. Гэтэл түүний нэр дэвших бүх боломж хаагдсан. Улстөрийн хүрээнд үүнийг нэлээд дээрээс шидсэн чулуу гэцгээсэн ба цаад эзэн нь Ц.Элбэгдорж гэсэн яриа өнөөг хүртэл амь бөхтэйгөөр оршсоор байна.
Хамгийн гол нь, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын зүгээс МАХН-аар нэр нүүр хийх гэсэн оролдлого удаа дараа гарсан нь ч түүнтэй холбоотой гэдэг. Гэвч эдгээр оролдлого амжилт олоогүй. Харин үүний оронд Зүүний хүчний холбоогоор дамжуулж МАН-ыг дотроос нь задлах ажиллагааг тэрбээр тун сайн зохион байгуулсан гэдэг. Тухайн үед ийм яриа мэр сэр гарч байсан ч 60 тэрбум, Дубайн гэрээ гэх мэт цуурхлуудад дарагдаад намжсан. Тэгвэл одоо энэ яриа дахин сэдэрч, Ц.Элбэгдорж өөрт нь хамаарагдах асуудлуудыг дарахын тулд олны анхаарлыг өөр зүгт залах алхмуудыг тун ч амжилттай хийж байгааг олон хүн нотолж байна.
Наад зах нь, С.Баяр тэргүүтэй төрийн томчуулын холбогдсон гэх хэргийн дуулианыг мань эр сэдсэн гэлцэж байгаа. Тэгвэл одоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос зайлшгүй асуух асуултуудыг олон нийт мэдэж авах ёстой. Нэн түрүүнд, одоо энэ хүн энхийн цагаан тагтааны дүрээр байн байн гарч ирэх нь шударга явдал уу. Яагаад өөрөө бүхэл бүтэн найман жил төрийг удирдсан хэрнээ одоо яриад байгаа бусармаг зүйлтэйгээ нэг ч удаа тэмцээгүй юм бэ.
Эрх мэдэл гарт нь байхад дуугараагүй хэрнээ өдгөө гэнэтхэн хүний гараар могой бариулахын учир юу вэ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Тиймээс түүний хийсэн хэргийн золиос болсон, тухайн үед шантаажинд нь автсан гэрчүүд амьд байгаа цагт ард түмэн ял асуухад болохгүй зүйл үгүй байх аа.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11411