УИХ-ын гишүүдийг чангалах хуулийн төсөл дэмжигдлээ
Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.14) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад хувийн 57.9 ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлуудаа тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны "... 31.1.2 ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад "төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан;”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт "... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.”, 73.4 дэх хэсэгт "...Төлбөр авагч татгалзсан бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж үзжээ.
Энэ үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны "... 31.1.2 ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны "... 31.1.2 ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Учрал нар санал хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн оролцсон гишүүдийн 70.5 хувь нь цэцийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжив. Мэн энэ талаарх тогтоолын төслийг гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа.
Улсын Их Хурлын Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, гишүүнээс чөлөөллөө
Дараа нь Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын даргад хандаж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга зохих Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд хийхээр заасны дагуу Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан энэ талаар нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсэн юм. Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээн хүсэлтдээ дурдсаныг танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжсэн юм. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Дэд даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд үг хэлж, залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж парламентад нэр дэвшүүлэхэд Монголын парламент цаашдаа илүү анхаарах ёстой, энэ чиглэлээр Олон улсын парламентын холбооноос тогтоосон квотыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэхээр заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь дэмжив. Мөн энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нууц санал хураалтад оролцсон 60 гишүүний 50 нь буюу 83.3 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Улсын Их Хурал дэгээ боловсронгуй болгож, гишүүний хариуцлага, ёс зүйг дээшлүүлнэ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Төсөл санаачлагч гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй Улсын Их Хурлын Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.
Иймээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Мөн уг хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан гэдгийг танилцуулав.
Мөн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.
Хуулийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх эрх зүйн боломжтой болно. Түүнчлэн чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Учрал, О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Л.Болд нар асуулт асууж тодруулсан юм. Төсөл санаачлагч гишүүн Д.Хаянхярваа гишүүдийн асуултад хариулахдаа, Улсын Их Хурлын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг дээр тухайлан хөндсөн зүйл байхгүй. Харин ёс зүйтэй нь холбож үзэх чиглэлд зарим зохицуулалт хийхээр тусгасан. Мөн бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хуулиар хориглохоор зохицуулсан. Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд сууж хууль тогтоомж батлах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа, өөрөөр хэлбэл гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийг эгүүлэн татахаар тусгасан зохицуулалт нь Үндсэн хуультай харшлахгүй гэж үзэж байгаа гэлээ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан аль ч парламент анхдугаар хуралдаанаа эхлүүлэх үед дэгээ ярилцаж тогтдог. Энэ талаар гадаад орнуудын парламентаас суралцах, санаа авах юм их байна. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага нь журамтай дэгтэй болчихвол гүйцэтгэх засаглалаас эхлээд бүх шатандаа дэг журамтай болох ач холбогдолтой. Улсын Их Хурлын гишүүн чуулган, Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр санал өгөх гэсэн агуулгатай заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгахаар боловсруулагдаж байгаа. Ингэвэл бусдын өмнөөс санал өгөх нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болох учраас аяндаа зохицуулагдах боломжтой юм. Органик хуулиар явахад түвэгтэй асуудал байгаа учраас үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах замаар шийдэж, дараа нь органик хуулиараа нарийвчлан зохицуулах шаардлагатай болоод байгаа юм гэдгийг тайлбарлалаа. Мөн эдгээр төслүүд нь гэнэт оруулж байгаа асуудал биш 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдсан асуудал гэдгийг тодотголоо. Түүнчлэн Д.Хаянхяраа гишүүний санаачилсан энэ хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан төсөлд давхацсан заалт, ижил утга агуулгатай зохицуулалт нэлээд байгаа учраас хэрэв чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжвэл хоёр хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй нэг ажлын хэсэг байгуулж, төслийг нэгтгэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Л.Болд, Ж.Ганбаатар, С.Эрдэнэ, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүн санаачилж энэ сарын 08-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” 23 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсэний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл хуралдаан даргалагчаас нэмэлт хугацаа өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах зэргээр гишүүний хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.
Түүнчлэн Улсын Их Хурлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдаагүй зарим асуудлыг, тухайлбал Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэг, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх журам, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босгыг тогтоох, нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэх дэгийг журмыг тодруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэж тодорхой үр дүн гарах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх, олон нийт сонгосон гишүнийхээ чуулганд оролцсон байдал, ирцийн мэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэнэ, улмаар хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ж.Батзандан, М.Билэгт, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Харин төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлсэнгүй.
Асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь парламентын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, гишүүдийн хариуцлага сахилга, ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн энэ төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат гишүүд хуралдаа ирдэггүй, бусдын өмнөөс кноп дардаг явдал түгээмэл байна, тиймээс хуульд өөрчлөлт оруулж гишүүдийг хариуцлагажуулах зайлшгүй шаардлагатай болоод байна. Гэхдээ Үндсэн хуулийг зөрчиж болохгүй, гишүүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хясан боогдуулахад хуулийн зохицуулалт чиглэгдэх ёсгүйг анхаарах хэрэгтэй. Энэ үүднээс тулхтай, туршлагатай гишүүдээс бүрдсэн нэг ажлын хэсэг гаргаж хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцүүлэх, гэхдээ яарч давчдахгүйгээр нухацтай, нягт нямбай хандаж сайн боловсруулаад намрын чуулганаар батлах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан парламентыг хариуцлагажуулахад чиглэсэн энэ төслийг дэмжиж байгаа, тиймээс санаачагчдын нэг нь болсон, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ч орж ажиллах саналтай байгаа. Хурууны хээгээр санал өгдөг болсноор хуралдааны ирц сайжирна, гэхдээ Үндсэн хуульд харшлах агуулгатай асуудал хэлэлцэхэд гишүүн оролцохгүй байх, хуралдааныг орхиж гарах эрх нээлттэй байгааг бодолцох ёстой. Түүнчлэн санал хураах цагийг хэлэлцүүлгийн цагаас тусад нь салгамаар байна. Ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад үүнийг анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Нэр бүхий гишүүдийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанаас дэмжсэн тул хоёр хуулийн төслийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж, хугацаатай үүрэг өгч ажиллуулахаа Улсын Их Хурлын дарга хуралдааны төгсгөлд мэдэгдлээ.
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлсөн юм. Үдээс хойших хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.