Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч Х.Баттулга чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлснээрээ том эндүүрч байна!

 

Сүүлийн жилүүдэд популистуудын хэнхэглэлээр политик гээч нь "зөн билгийн тулаан" болчихоод байгаа. Улстөрийн харилцаа "зөн билгийн тулаан"-ы талбар болж дууссан.
Аргагүй! Политик буюу улстөрийн бодлого бол уг нь улсын хувьд ашигтай эсхүл ашиггүй байдлыг үнэлэх, тэгээд ашигтайг нь олж авах чадвар, олсон ололтоо хадгалах ухааныг илэрхийлсэн нэг төрлийн рационал байдал. Хувь хүний биш, ийм паблик (нийтийн) рационал сэтгэлгээтэй байх нь багагүй эрдэм, оюун ухаан, сэтгэл, туршлага шаардана. Энэ нь популистуудад ёстой байдаггүй эд дээ!
Тэгэхээр популистууд өөрийнхөө мэдэхгүй тэр политик гээчийг зөн билгийн тулаанаар орлуулж массыг уруу татаж байна. Зөн билгийн тулаанд шохоорхсон масс хариуцлагатай улстөрийн "хойтохыг уншиж", жинхэнэ политик устаж буй. 
Политик үгүй нийгэм ухаан үгүй хүнтэй адил. Нэг л өдөр "буруу ангал" руу нисэж унана.
Ашгүй Ерөнхийлөгч "Монголын эдийн засгийн чуулган-2018" хэмээх арга хэмжээн дээр хэлсэн үгээрээ жинхэнэ политик, түүгээр зогсохгүй бүр цаашлаад геополитик ярилцахыг "урих" шиг. Яг урьсан гэх нь юу юм, гэхдээ үнэт зүйл, түүн дээр ямагт суурилдаг жинхэнэ улстөрийн бодлогын асуудлаар мэтгэлцээнийг өдөөчихлөө! 
Энэ их цагаа олсон хэрэг боллоо. Юу гэхээр популист улстөрчдийн зөн билгийн тулаанд хойтохоо уншуулж байсан политик эргэж "ухаан орж" мэдэхээр болж байна. Мэтгэлцээн хичнээн чин сэтгэлийн болоод илэн далангүй байх тусмаа политик "сэхэх" магадлал төдий чинээ их байх нь гарцаагүй.
 
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ чөлөөт ардчиллыг доош нь хийж геополитикийг өргөмжилжээ. Тэрбээр хэлэхдээ "1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихана гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна" гэжээ.
"Сэвхийтэл өргөнө" ч гэж хэн ч хэлээгүй л дээ. Чөлөөт ардчилал боломж олгоно оо л гэсэн. Гэхдээ энэ тухай дараа мэтгэлцэнэ ээ! Геополитик руугаа оръё.
Манай Ерөнхийлөгчийн чөлөөт ардчиллыг доош нь хийсэн үгэнд Трампын "үл үзэгдэгч гар" алга ташна гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Юу гэвэл, Трампын шинэ геополитик нь Евроазийг либерал ардчиллын ололтоос ухраах далд санаатай даг! 
Трампын хувьд, болж өгвөл Европт популист үндсэрхэг үзэл гаарч улмаар Европын Холбоо задарвал зүгээр. Трампын дотны анд Стив Бэннон Европоор аялан Марин Ле Пен, Виктор Орбан, Ярослав Качиньски зэрэг үндсэрхэг үзэлтэн, популистуудыг хөөргөн догиож байна. Италийн популистуудыг сонгуульд нь дэмжиж, тэд яллаа. 
Трамп, Европын Холбоо бол "Германы колонийн хэрэгсэл" хэмээн үздэг тухайгаа "ам алдаж" байсан. Түүгээр барахгүй Европын чөлөөт ардчилагчдын найдвар гэгдэх Меркельд дургүйгээ зориуд харуулсан. Германд "Германы төлөөх альтернатив" нам ялчихвал баяр хүргэж мэднэ. 
Трамп мөн Орост коммунистууд ялж, Хятадад маоизм сэргэж соёлын хувьсгал болоосой гэж далдуур бодож байгаа байх. 
Учир нь нь эдийн засгийн либералчлалын ачаар л Хятад "МегаСингапур" болох гэж байна. Тэгвэл жинхэнэ Дундад улс бий болно. Ямартаа Америкийн бизнесийн аваргууд Трампаас зугтаах атлаа Ши Жинпинтэй зургаа авахуулахдаа дуртай болоод байх вэ. 
Орос ч гэсэн эдийн засгийн либералчлалын ачаар барууны эдийн засгийн хоригийг тэсэж гараад зогсохгүй олигархуудынхаа дотоод хөрөнгө оруулалтаар эдийн засгийн "үсрэлт" хийж магадгүй байна. Барууны эдийн засгийн хориг нь оросын олигархууд болон удирдагч нарт эдийн засаг нь улстөрөөс хол, тэгээд нээлттэй байх ёстой юм байна гэдгийг улам ихээр ойлгуулсан.
Евроази, дэлхийн 2-р дайны өмнөх шиг хүчирхийлэл, мөргөлдөөн, тогтворгүй байдал автсан газар болчихож гэе л дээ!? Ингэвэл, аюулд нэрвэгдсэн энэ эх газраас Америк руу; оюун ухаан, инноваци, шилдэг технологи, хөрөнгө урсан очиж21-р зууны Америкийг бүтээнэ. Трамп үүн дээр "бооцоо" тавиад байх шиг. Түүний геополитикийн стратеги ийм бололтой.
 
Чухамдаа: Евроазид тохиосон дэлхийн 1, 2-р дайн; коммунист, нацист, фашист хувьсгал; Орос, Хятад, Испанийг нөмөрсөн иргэний дайнууд; дараа нь иргэдээ үй олноор нь хөнөөх тоталитар дэглэмүүд хавтгайдаа тогтсон зэрэг аймшигт явдлууд нь Альберт Эйнштейн тэргүүтэй шилдгүүдээр манлайлуулсан зуу зуун мянган цагаачид очиж Америкийг 20-р зууны хамгийн хүчирхэг гүрэн болгоход хүргэсэн юм. 
Америк руу цувах цагаачдын дотор цөөнгүй хүн, өөрсдөө либерал ардчиллыг эсэргүүцдэг үзэлтэй байснаасаа үл хамааран, хувь хүний эрх, эрх чөлөөг хүчирхийллээс хамгаалсан Америкийн чөлөөт ардчиллын нөмөрт нуугдахаар очиж байв. 
Америк төрөхдөө л чөлөөт ардчилсан улс болж төрсөн улс. Улс болон төлөвших явцдаа арьсны өнгө болон хүйсээр ялгаварлах, маккартизмын хийрхэлд автах зэрэг гаж явдалтай учирч байсан боловч бүгдийг хүчирхийлсэн тоталитар төр тэнд хэзээ ч тогтож байгаагүй юм. Тийм болохоор төрийн хүчирхийллээс зугтах цагаачдыг, коммунист, фашист үзэлтэй гэлтгүй Америк татаад байжээ.
Жишээ нь: Альберт Эйнштейн социализмд талтай атлаа тоталитар дэглэмтэй Зөвлөлтийг бус, капиталист Америкийг амьдрах газраа болгон сонгосон юм. Түүнийг Герман эргэж ирэхийг нь, ЗХУ айлчилж ирэхийг нь уриад ч очилгүй үхэн үхтлээ Америктаа байлаа. Энрико Ферми хэдийгээр фашист намын гишүүн мөн боловч Италийн фашизмаас зугтаж Америкт суурьшин цөмийн бөмбөгтэй болоход нь тусалсан юм. Коммунист үзэлтэй, Нобелийн шагналт зохиолч Лион Фейхтвангер (Фойхтвангер гэж бас дууддаг) Сталиныг сайшааж Зөвлөлт орныг биширдэг хэдий ч хэлмэгдүүлэхээс нь хаширлаж ЗХУ-ыг биш АНУ-ыг аюулгүй амьдрах газар мөн гэдгийг ойлгоод Калифорнид тухалсан даг. Энэ хүнийг манайхан "Мунхгийн мэргэн санаа" гэдэг номоор нь мэдэх байх.
Оросоос гэхэд 200 гаруй мянган цагаачид; больщевикуудын хувьсгал, коммунист дарангуйлал, түүний хүчирхийллээс дайжин очсон. Эд бол Оросын коммунистуудаас Америкт "өгсөн бэлэг" байлаа!
Дэлхийд хамгийн анх олон хөдөлгүүрт онгоц зохион бүтээж байсан И.И.Сикорский тэргүүтэй оросын инженерүүд Америкийн нисэх онгоцны үйлдвэрлэл, тэр дотроо вертолетийн супер салбарыг бий болгосон юм. Америкийн онгоц үйлдвэрлэх компаниудад, хөрөнгө оруулагчид нь инженерийн бүрэлдэхүүний тал хувь нь орос инженер байх ёстой гэсэн болзол тавьдаг байсан гэдэг. 
 
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen