Сайхан л ярих юм, даан ч ам нь муруйчихдаг болохоос

 
Сайхан л ярих юм, даан ч ам нь муруйчихдаг болохоосАрд түмэн ядуурлын туйлд хүрэхэд их Майдар бурхан тэнгэрээс өөрөө бууж ирдэг гэх буддын шашны номлол бий. Энэ номлолоор бол их бурхан аль хэдийн залрах болсон ч одоо бол МАНАН л заларч байна даа. Тэнгэрээс биш л дээ, бидний дундаас сонгуулаар л заларчихсан. МАНАН гэдэг энэ хий үзэгдэл хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг ард түмэн та бүхэндээ хэмээн гуч шахам жил амалж бид ч түүнд нь итгэсээр иржээ.
Бид та нартаа үнэн зүрхнээс хайртай, дуртай, ажилтай орлоготой болгоод зогсохгүй, цалин тэтгэвэрийг чинь нэмнэ, хүүхдийг чинь үнэгүй сургана, эх орны хишиг хүртээнэ, тэтгэнэ,  дэмжинэ гэж байлаа. Сайхан л  юм ярисан л даа уул нь  даан ч дараа нь ам нь муруйчихдаг болохоос. Ингэж хуурах бол байнга гардаг зүйл, ядуу бидэнд тааруулсан амлалт өгч төрийн эрхэнд гардаг зуршил бүр хэрээс хэтэрлээ. Төрийн эрх зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалтаас нэг л мэдэхэд бид чинь зөвхөн сонгуульд хүчирхэг олигархиудын төлөө санал өгөх л эрхтэй үлдчихсэн байна.  Цэнхэр, ягаан тасалбар, өмч хувьчлал, зээлийн хүү, тендер, газар олголт, энэ бүхэнд ард иргэд өрөвдөлтөй нь аргагүй хуурагдсан. Одоо  бид  намуудын хэн нь сонгуульд ялахаас илүү жинхэнэ ардчиллын ач тус үзэхийг л хүсч байна. Үүнийг  хэрэгжүүлэхийн тулд төр засгаас ил тод, шудрага үйл ажиллагаа, улс төрчдөөс нь улс төрийн өндөр мэдрэмж, ёс зүйтэй байж  гаргасан алдаандаа хариуцлага хүлээдэг байхыг ард түмэн хатуу шаардах хэрэгтэй болж байна. Уул нь УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол Үндсэн хуулиа зөрчихгүй байх явдал юм. Бусад зүйлүүд мэдээж бий л дээ. Ил тод байдал, ирц, кноп, шудрага үйл, ёс суртахуун, хөрөнгө орлого гэх мэт. Энэ  ч гэсэн бас л хууль зөрчиж буйг бүр тоохоо бүр боличихсон. Ардчилсан нэртэй төр маань авилгач нартаа идэгдэж байна даа. Тавтай хооллоорой л гэхээс. Харин пологтвоо Та нар минь.
Их хурал өөрөө бүтэлгүй хүмүүст үүд хаалгаа нээж бүр намаараа талцаж тохиролцож байгаад үйлдсэн зөрчлөө өөрсдөө хаацайлж хуулийн дээр дураараа дургидаг компаниудийн эзэд, нам дагасан зальт этгээдүүдийг хамгаалдаг  газар болсон гэхэд хилсдэхгүй байх.  Эдгээр эрхэмүүд ямарч зөрчил гаргасан ял хүлээдэггүй, татаж төвлөрүүлсэн иргэдийнхээ хувьцааг зөв менежментээр удирдаж өсгөх үндсэн үүргээ биелүүлдэггүй, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө ямарч хариуцлага хүлээдэггүй, ашигаа хэзээ ч хувиарладаггүй, тайлангаа хэзээ ч тавидаггүй, дуртай цагтаа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эсэх нь өөрсдийнх нь сайн дурын хэрэг болчихсон байгаа. Ийм байдлаар сонгогчид хувьцаа эзэмшигчтэйгээ харьцаж буйд хуулийн ямарч зохицуулалт байхгүй байна. Сонгогчид бол тэдний өмнө хэн ч биш зөвхөн сонгуулийн үед л тэдний төлөө санал өгдөг хар маас  болжээ. УИХ-д тэд мөн л сурсан юмыг сураар боож болдоггүй зангаараа л өнөөг хүртэл явж ирлээ. Улс төр гэдэг нэрийн цаана албан тушаал, мөнгө, хөрөнгө л нуугдаж байдаг нь өнөөдөр намуудын дунд ердийн үзэгдэл болсон. Төрийн компани байнга дампуурч захирал нь хариуцлага хүлээдэггүй харин ч бүр баяжаад гардаг.Тэд бол уул нь эх орныхоо баялагийг манахаар |хувааж идэх бус|  төрийн өмнө тангарага өргөж гарч ирсэн хүмүүс шүү дээ.  Тэд цөм нууц данстай, хувийн ТВ, радио, сонин зэрэг зөвхөн эздийнхээ эрх ашигт нийцүүлэн ажилдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, өөрийн сэтгүүлчид, шүүгчидтэй  хажуудаа өөрсдийн үндсэн үүргээрээ бус намын төлөө ажилдаг  олон нийтийн  байгууллагатай.  Шүүгчид нь эздийнхээ төлөө, сэтгүүлчид нь хоточ бус уяаных болсон.
Эртний грекийн домогт Шударга ёсны бурхан тэнгэр Фемида гэж гардаг юм. Тэрээр нэг гартаа жинлүүр нөгөөдөө илд барьж нүдээ боосон байдаг. Түүний нүд нь сохорчихоод боочихсон юм биш л дээ.  Домог ёсоор бол газар дэлхий болоод түүний баялагийг ертөнцийн хүмүүн олон тэгш, тэнцүү хуваан эдлэх ёстой гэнэ. Тиймээс хэнийг ч алагчлахгүй хэмээн нүдээ боож, адил тэгш хувиарлахын тулд нэг гартаа жинлүүр барьсан байдаг. Харин нөгөө гарт нь буй илд бол баялагийн хувиарлалтыг хянаж, түүнээс шудрага бус аргаар авсан хэний  боловч гарыг нь тас цавчихыг сануулж буй ажээ. Фемидагийн жинлүүр хожим дэлхийн олон улсын хууль, шүүхийн билэгдэл болж үлдсэн байдаг. Манайд ч бас иймэрхүү билэгдэлтэй хуулийн сүлд бий. Харин түүн дээр Фемида нүдээ боосон хэсэг нь байхгүй болчихсон байгаа л даа.  Иймээс олон улсын шударга шүүх, хууль зүйн үндэс болсон баялаг тэгш хуваах Фемида-гийн зарчим өнөөдөр манайд үйлчилдэггүй юм. Фемида монголд буух бол олон хүн "гаргүй” болох байх. Мэдээж энэ бол домог,нийтээр  шудрага байх хүсэл мөрөөдлийн илрэл шүү  дээ.
Манай оронд гарч буй нөгөө нэг аймшигт үзэгдэл бол бэлгийн дарамт,архидалд, мансууралт... гэх мэт зэрлэг бүдүүлгийн  дээд оргил болох эдгээр асуудал эх захаа алдаж байна. Заримд нь бүр төрийн дээд түшээд, эрхэм гишүүд маань нэр холбогдчихсон явж байдаг. Энэ тухай мэдээллийн хэрэгслээр байнга гарч байдаг ч хууль нь авч хэлэлцдэггүй дарагдаад л өнгөрөх төлөвтэй. Одоо бүр нялх балчир хүүхдээ хүчиндэж буй аймшигтай хэрэг гарч байна. Эх захаа алдана гэдэг нь хууль үйлчлэхгүй тул төрийн  хүч хүрэхгүй болж байна гэсэн үг.  Одоо яах юм?  Содом, Гоморра шиг болгох юм уу.  Авраамын үед ид цэцэглэж байсан Содом, Гоморра гэж хоёр их хотын тухай библийн хөлгөн сударт гардаг ажээ.  Иордан голын адаг, Үхмэл тэнгисийн баруун биед орших энэ хоёр хотын оршин суугчид нь садар самуунд автан бүсгүйчүүлийг хүчиндэх үзэгдэл гаарч, ижил хүйстнүүд эх захаа алдсан тул гаж донтнуудыг тэнгэрээс галаар хуйхалж гэсгээсэн домог байдаг. Тэд бүгд хуйхлагдан Үхлийн тэнгисийн эрэг дэх Содом хэмээн хадан нурууны дор агуйд үнсэн нурам нь үлдсэн гэдэг. Энэ бол бас л эртний домог л доо. Элдэв бусармаг зүйлтэй тэмцэх гэсэн сэтгэхүйгээр нийгэмд сануулж буй  бас нэг илрэл. Орчин үед иргэд  балмагдаж бухимдахаас өөрөөр нийгмийн хүрээнд энэ бүхэнтэй тэмцэх нэгдсэн хэвшил  байхгүй байна. Жирийн иргэд нь өөрсдийн гол индэр болох учиртай иргэдийн хуралдаа  орж элдэв гажигтай тэмцэх байтугай нутгийн амьдралын талаар санал оруулах боломж алга. Орон нутагт аливаа улс төрийн хүчин, төрийн үндсэн нэгжүүд болох нутгийн иргэдийн хурал гэх мэтэд бүгд намын үзэл бодлын бус албан тушаалын хэнээ дор, талцан хэрэлдэж зарим нь өнөөг хүртэл  хэл амаа ололцож засгаа бүрэлдүүлж чадахгүй байна. Тэнд иргэдийн хуралд үзээд өгье гэсэн ч энгийн иргэн нэг ч байхгүй. Бүгд намынхан. Иргэдийн хурал бол цэвэр улс төрийн байгууллага болсон байна.  Иймээс  нийгмийн хяналт, иргэдийн оролцоо тэнд огтхон ч байхгүй байгаа юм. Уул нь ардчилсан төр засагтай улс орон байна гэдэг нь төрийн үйл хэрэгт иргэдийн оролцооны тухай, тэдний эрх ашгийн үүднээс шийдвэр нь гардаг байх учиртай юм шүү дээ. Нөгөө л эрхэм гишүүдийн маань ам булаалдан ярьдаг ард иргэдийн санал хүсэлт төрийн бодлого болж үүнийг хэрэгжүүлэгч нь төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчин байх тухай юм. Сонгуульд өрсөлдөгчдийн үзэл бодол нь тодорхойгүй, олны өмнө мэтгэлцээн яриа нь явган хэрүүлээс өөр бүтээлч шинэлэг санаа байхгүй тул ямарч мэдээлэлгүй сонгогчид сайндаа л сайд дарга нарын популист үг, захиалгаар бичдэг сэтгүүлчид, ам дамжсан ул суурьгүй дам яриа, намуудын бие биенээ муулсан элдэв шившигт явдал, нэр дэвшигчдийн тараасан хишиг дундаас сонголт хийдэг. Харин  шившиг  бол бэлэн байдаг. Дээрх  домгуудын  агуулагыг орчин цагт хөрвүүлэх бол төрөөс түүнийг хүчтэй хуулиар хуйхлах явдал юм.  
Өмнөх АНУ болон өдгөө ОХУ-д явуулсан ерөнхийлөгчийн  сонгуулийн мэтгэлцээнийг бид ТВ-гээр харж байсаан. Ингэж л мэтгэлцээн явуулдаг юм байна. Иймэрхүү өрсөлдөөнийг манай өнгөрсөн сонгуулийн өмнө яаж хөтөлж буйг бид харсан.  Гэтэл манайхан зайлуул даа  мэтгэлцээн гэж ёстой ичмээр явуулдаг. Оролцогч нар нь ч,  сэтгүүлч нар нь ч гэж таарчихсан бүр яаяа даа гэмээр...
Манай ТВ-үүд яаж тал засч бөөрөнхийлж, олон нийтэд хүлээлт үүсгэж  буй асуулт байсаар атал тавихгүй тойруулж дүлэгнэж, ор нэр болгон явуулж байсныг бид өнгөрсөн сонгуулиар харсан. Энэ бүхэн өнөөгийн орон зай, цаг хугацаа, иргэдийн болон хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилтэй нөхцөлдөхгүй байгаа юм. Бид мэдсээр байж сонгуулиас сонгууль дамжин намуудын далбаанд боосон чулуу атгаж дахин хууртсаар л байна. Олон ангит савангийн дуурь шиг дуусч өгдөггүй энэ амлалтыг бид олон жил тэвчин хүлээлээ.  УИХ, "Улс төрийн намын тухай  хууль” |Улс төрийн намын хууль гэвэл яасан юм| хэлэлцэх гэж байна л даа. Энэ хууль төрийн шийдэлд  иргэдийн оролцоог хангаж, сонгогчдын эрхийг дээдэлсэн, улс төрийн намууд эдэлж буй эрхтэйгээ дүйцэхүйц хариуцлага хүлээдэг тогтолцоо бүхий хууль гаргах цаг нэгэнт тулжээ.

Найдансүрэнгийн Бадарч
Sonin.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen