Ерөнхий сайдууд ба АТГ

Ерөнхий сайдууд ба АТГМонгол Улсын 18 дахь ерөнхий сайд, өдгөө Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайхан уржигдар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж ил захидал бичсэн.
Түүний захидлыг товчлон хүргэвэл "Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авлигатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой.
Ерөнхий прокурор таныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцөлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье" гэсэн юм.
Харин өчигдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл хийсэн бол 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Ерөнхий прокурор болон АТГ-ын даргад хандан ил захидал бичжээ. АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд яаралтай дуудаж, ирэхээр нь байцаалт авахаар болсон. Үүнтэй холбоотой зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ирэхгүй бол "Интерполоор эрэн сурвалжилна" гэх мэдээлэл гарчээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
 
Ч.САЙХАНБИЛЭГ: АНУ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ДҮҮГЭЭ ОРХИОД ИРЭХ ДОЛОО ХОНОГТ МОНГОЛД ОЧНО 
 
Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа.
Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.
Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна. Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна.
Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. 
Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.
Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ч.Сайханбилэг.
 
Н.АЛТАНХУЯГ: ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫГ УСТГАХГҮЙГЭЭР МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ
 
Харин 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Алтанхуягийн мэдэгдлийг товчлон хүргэвэл "Манай Засгийн газрыг "Дубайн гэрээ”-г байгуулаагүйн төлөө огцруулсан. Тавантолгойн ордод ганц нэг хувийн компанийн болзлыг зөвшөөрөөгүй хэмээн буулгасан. Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө ажилласан. Харин манай танхимыг огцруулах ажлыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан зохион байгуулсан.
Ингэхдээ УИХ-ын гишүүдийг жижиг сажиг шалтгаар нь барьцаалан тэдний кнопыг шинэчлэлийн Засгийн газрын эсрэг болгосон. Монголын төр үймээн самуунаар дүүрч, хэдхэн хүн баялгийг гартаа барьж, хууль хяналтын байгууллагаар өрсөлдөгч нараа дарамталж, айлгаж, шорон гяндангаар сүрдүүлж, Монголын төрийг он удаан жил барина гэж горьдсон” гэлээ.
Тэрбээр мөн Шударга бусын хонгил үүссэнийг хоёр жилийн өмнө би хэлсэн. Энэ хонгилыг дан ганц Ц.Элбэгдорж бус одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хамт бий болгосон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх ажлыг хийсэн. Шударга бусын хонгилыг заавал нураах хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч сонгогдсон ч энэ хонгилыг нурааж чадахгүй байна.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн албыг хашсан ч хонгил яг хэвэндээ байна. Учир нь Ц.Элбэгдоржийн "томилсон" хүмүүс хууль хяналтын байгууллага (АТГ, Шүүх, Прокурор)-ыг удирдаж байна. Шударга бусын хонгилыг устгахгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Энэ хонгилыг гагцхүү байгуулсан хүн нь "нурааж” чадна гэсэн юм.
 
ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН
 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сангийн сайд асан С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцар улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн түүнийг баривчлан 461 дүгээр ангид хорьсон.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2009 онд "Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар болон "Жаст групп” ХХК-ийн "Стандарт” банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр" баталгаа гаргасан асуудлыг шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн тухайн үед эрх бүхий албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ.
Тэгвэл олон нийтэд дуулиан тарьж, хүлээлт үүсгээд буй энэ ажиллагаатай холбоотой экс Ерөнхий сайдууд ийн байр сууриа илэрхийллээ. Мөн дайны хажуугаар дажин гэдэг шиг зарим эх сурвалжаас гаргасан хэт хийсвэр мэдээллүүд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд болон хууль хяналтын байгууллагын дунд үл ойлголцол үүсгэсэн бололтой.
 
Б.Билгүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen